Улиастай-Гачуурт чиглэлийн зам засварын ажил дууслаа
Баянзүрх дүүргийн Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км автозамын засварын ажлыг гурван сар гаруйн хугацаанд хийж гүйцэтгэсэн байна. Замын засварыг Нийслэлийн төсвийн хөрөнгөөр “Үйлсийн зам” ХХК нийт 6 тэрбум 200 орчим сая төгрөөр гүйцэтгэжээ. Тус зам нь анх 1985 онд тавигдаж байсан бол 30 орчим жил ямар нэг засвар, шинэчлэлийн ажил хийгдээгүй байсан юм.
Харин өнгөрсөн зунаас хийгдсэн зам завсарын ажлын хүрээнд замын далангийн өндөр болон зорчих хэсгийн өргөнийг нэмж, хоёр эгнээтэй болгон шинэчилжээ. Түүнчлэн ус зайлуулах найман хоолойг байршуулж, 27 автобусны буудлыг шинээр байгуулж, дамжин өнгөрөх хоёр гүүрийн ачаалал даах чадварыг нэмэгдүүлж, явган хүний зам, гэрэлтүүлгийг нэмсэн байна.
URL: