МАН-ын “Бид хамтдаа” үндэсний форум төрийн ордонд эхэллээ

Монгол Ардын Намаас санаачлан зохион байгуулж буй “Бид хамтдаа” үндэсний форум өнөөдөр 13.00 цагаас төрийн ордонд ёслол төгөлдөр эхэллээ. “Бид хамтдаа” үндэсний форум энэ сарын 26-30-ны хооронд үргэлжлэх юм байна.

Эхний өдрийн форум МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга Миеэгомбын Энхболдын илтгэлээр эхэлсэн юм. Тэрбээр “Улс орондоо хөгжлийн гарц, дэвшлийн үндэс болохуйц ажил хэрэгч мэргэн санаа бодлыг эрэлхийлсэн “Бид хамтдаа” аянг Монгол Ардын Нам түүчээлж эхлүүлснээс хойш даруй зун, намрын зургаан сарыг алсалж, 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороог хамарлаа. Монгол Улс цаашид яаж хөгжих вэ гэсэн асуултын хариу болгон эх орны өнцөг булан бүрээс мянга, мянган бүтээлч саналуудыг ирүүлсээр байна. Ард олныхоо эдгээр санаачилга, захиас даалгаврыг нэгтгэн дүгнэж, цаашдын тулгамдсан зорилт, улс орны хөгжлийн гарцыг улс төрийн зүтгэлтэн, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийн оролцоотойгоор нээлттэй хэлэлцүүлэх нь энэхүү үндэсний форумын үндсэн зорилго юм. Энэхүү форум нь уламжлал дээр суурилсан бүхий л шударга шинэчлэлийг, дүр эсгээгүй жинхэнэ ардчиллыг, ирээдүйн хүчирхэг Монгол Улсын хөгжлийн гарцыг эрэлхийлсэн шинэлэг үзэл санаатай хүн бүрийн чөлөөт индэр байх болно. Улс орны нийгэм, эдийн засаг, улс төрийн нөхцөл байдалд шинжлэх ухааны үндэслэлтэй, гадаад, дотоод орчны нөлөөллийг бодитой тооцсон, сэтгэл хөдлөл, улс төрийн явцуу ашиг, сонирхлоос ангид үнэлэлт дүгнэлт өгөх нь ирээдүйн зорилго, зорилтоо оновчтой тодорхойлох үндэс суурь болно гэдэгтэй Та бүхэн санал нийлэх буй заа” хэмээн илтгэлдээ дурдлаа. Өнөөдрийн “Бид хамтдаа” үндэсний форумаар “Улс төрийн хямрал, үндэсний зөвшилцөл”, “Улс төрийн тогтолцоо ба зөвшилцөл”, “Төрийн албаны шинэчлэл”, “Үндсэн хуулийн шинэчлэл”, “УИХ-ын сонгуулийн тухай хуулийг боловсронгуй болгох нь”, “Шүүх эрх мэдлийн шинэтгэл, авлигатай тэмцэх асуудлыг боловсронгуй болгох нь” зэрэг сэдвээр эрдэмтэн мэргэд, улстөрчид чуулна.

Д.СҮХ


URL:

Сэтгэгдэл бичих