Д.Зоригт найман асуулттай даалгавар авлаа

-Асуултын долоод “шатахуун нефтийн бүтээгдэхүүн дахин тасалдуулахгүй байлгахын тулд юу хийж байгаа вэ” гэжээ-

Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд, Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригт нарын ширээн дээр өчигдөр нэгэн адил албан бичиг ирсэн нь УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Ганхуяг нараас тавьсан асуулга байлаа. Асуултын эхэнд 2010 оны арвандугаар сар, 2011 оны тавдугаар сард УИХ-ын нэр бүхий гишүүд 2 удаа тус бүр 7 заалттай Д.Зоригтыг үүрэгт ажлаас огцруулах үндэслэл бүхий шаардлагыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд хүргүүлж улмаар чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байсныг сануулжээ. Харин төгсгөлд асуултын хариуг УИХ-ын тухай хуульд заасан хугацаанд бичгээр ирүүлж, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд сонсгохыг хүссэн байв.

Эхний асуулт. Тавантолгойтой холбоотой байсан бөгөөд тус ордын Ухаа худгийн ордыг “Энержи ресурс” ХХК-д олгохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 9.1.5 дахь заалтын Засгийн газар “Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх” гэснийг баримталж УИХ-аар холбогдох шийдвэрийг гаргуулах ёстой атал зөвхөн Засгийн газрын шийдвэрээр эдийн засгийн тооцоогүй, уралдаант шалгаруулалтгүйгээр стратегийн ордын тодорхой хэсгийг нэг компанид тасдан олгож гэрээ байгуулан шилжүүлсэн асуудлыг хэрхэн хуульд нийцүүлж байгаа талаар сонирхов. Дараагийн асуулт мөн л Тавантолгойтой холбоотой байлаа. Энэ нь ашигт малтмалын 39 ордын болон энэ тогтоол батлагдсанаас хойш нөөц нь илэрсэн ордуудын нөөцийг нарийвчлан тогтоож, стратегийн ач холбогдол бүхий ордод хамааруулах эсэх тухай саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж шийдвэрлүүлж байхыг Засгийн газарт үүрэг болгосон ба энэ шийдвэрийг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд хэрхэн хэрэгжүүлсэн тухай байв. Гурав дахь асуулт нь сүүлийн үеийн улс төрд “модонд” ороод буй “Тавантолгойн ордыг хуваасан хуваагаагүй” гэх маргааны тухай байлаа. Үүнийг тайлбарлавал, УИХ-ын 39 дүгээр тогтоолын хамгийн эхэнд “Таван толгойн нүүрсний ордод төрийн өмчит компани ашиглалтын үйл ажиллагаа явуулах, “Эрдэнэс-Таван толгой”-н охин компанийг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулж, ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хуваахгүйгээр шилжүүлэх, түүнтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, оператор аж ахуй нэгжээр олборлолтын үйл ажиллагааг тодорхой хугацаанд гүйцэтгүүлэх” гэж заасан байтал Таван толгойн ордын талбайг Цанхийн баруун, зүүн гэж хуваан ашиглалтын тусгай зөвшөөрлийг хувааж шилжүүлэхээр болсон юм биш үү гэж асууж. Мөн үүнтэй холбоотойгоор эцсийн шийд гараагүй байхад эдийн засгийн үндэслэлгүй тодорхой хувь амласан нь Монгол Улсын төрийн үйл ажиллагааны ил, тод байдлыг хангаагүйгээр зогсохгүй олон тулгуурт гадаад бодлогод сөргөөр нөлөөлж байгаа юм биш үү ч гэдгийг сануулсан аж. Энэ асуулт нь 39-р тогтоолтой холбоотой байсан бол үүний дараагийн асуулт УИХ-ын 57 дугаар тогтоолтой байв. Уг тогтоолын гуравт заасан эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа төрийн эзэмшлийн хувь хэмжээг 50-иас доошгүй хувьд хүргэж нэмэгдүүлэх, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн татварын тухай хуулийг хүчингүй болгосонтой холбогдуулсан байв. Тав дахь асуулт мөн л УИХ-ын тогтоолыг хэрхэн хэрэгжүүлсэн тухай байлаа. Үүнд, УИХ-ын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 35 дугаар тогтоолоор батлагдсан Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Үйлдвэржүүлэх бодлогын хүрээн дахь 2.2.2, 2.2.4, 2.2.11, 2.2.13-2.2.16, 2.2.27, 2.2.33-2.2.37 заалтуудын хэрэгжилт багтав. Зур­гаа дахь асуулт Д.Зоригтын удирдаж буй эрчим хүчний салбарын үйл ажиллагаатай холбоотой байж эрчим хүчний V цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулах хугацаа, энэ ажлын явцын талаар, говийн бүсийг эрчим хүчээр хангах ажлын хэрэгжилт, явц, ТЭЦ- 2 дулааны станцыг түшиглэн байгуулах хагас коксжсон түлшний үйлдвэр байгуулах ажлын явцын тухай байлаа. Долдугаар асуултыг нэг утгаар тоймлон хэлбэл “нефть боловсруулах үйлдвэр” байсан бөгөөд үндсэндээ “шатахуун нефтийн бүтээгдэхүүн дахин тасалдуулахгүй байлгахын тулд юу хийж байгаа вэ” л гэж.  Харин сүүлчийн асуулт “Монгол Улсад цөмийн хог, хаягдал булшлах талаар яриа хэлэлцээр хийгдсэн талаарх сенсаци”-тай холбоотой байсан бөгөөд энэ талаар албан ёсны тайлбар хийхийг хүсчээ. Асуулт өгснөөс хойш 14 хоногийн дотор хариуг өгөх хуультай. Цаг явж эхэллээ.

Б.МАНДАХ

URL:

Сэтгэгдэл бичих