2015 оны арваннэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
Уур амьсгалын тойм: Олон жилийн дундаж байдлаар агаарын температурын сарын дундаж нь Увсын зүүн, Завхан, Баянхонгорын хойд хэсгээр 16-19, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Дорноговийн өмнөд хэсэг, Өмнөговийн нутгаар 2-8, бусад нутгаар 9-14 градус хүйтэн байдаг /1 дүгээр зураг/.
Гэвч зарим жил энэ утгаас нилээд хазайдаг. Тухайлбал: 1988, 1990, 1994, 1995, 1999, 2001, 2005-2008 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-3 градусаар дулаан байсан ба өдрийн үнэмлэхүй их температур говийн нутгаар 13-18, бусад нутгаар 5-10 градус хүрч дулаарсан бол 1986, 1987, 1993, 1996, 2000, 2002, 2003, 2009, 2012 онд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1-6 градусаар хүйтэн байсан бөгөөд 2000 онд үнэмлэхүй бага температур Завхан, Баянхонгор, Архангайн хойд, Хөвсгөлийн баруун хэсгээр 35-40, бусад нутгаар 28-33 градус хүрч хүйтэрч байв.
Энэ сард Увсын хойд, Завханы баруун хойд хэсгээр 8-11мм, Завхан, Төв аймгийн ихэнх нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн баруун, Булганы зүүн, Ховд, Архангайн өмнөд, Хэнтийн хойд, Дорнодын баруун хойд, Сүхбаатар, Дорнодын зүүн өмнөд хэсгээр 4-7, бусад нутгаар 0-3 мм хур тунадас ордог /2 дугаар зураг/ боловч жил бүр харилцан адилгүй. Тухайлбал: 1980 онд Завхан, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар, 1986, 1992, 1993 онд нутгийн өмнөд хэсгээр, 2000, 2002, 2003 онд төв ба зүүн зүгийн нутгаар, 2009 онд нутгийн баруун хагаст олон жилийн дунджаас 1-3 дахин их цас орсон бол 1988, 1995, 1997,1999, 2004-2008 онд ихэнх нутгаар дунджаас бага цас оржээ.
Олон жилийн дунджаар ихэнх нутгаар 2-8 см зузаан цас тогтдог боловч цас их орсон жил 20 см хүрдэг. Цасан шуурга жил бүр 2-5 удаа, зарим жил 6-8 удаа ажиглагддаг.
Салхи 15 м/с-ээс хүчтэй болох тохиолдол Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговийн нутгаар жил бүр 3-5, бусад нутгаар 2-3 удаа ажиглагддаг. Сүүлийн жилүүдэд ажиглагдсан салхины үнэмлэхүй их хурд 1975 онд Өлгий хот орчимд 30 м/с, 1978 онд Төв, Дундговийн нутгаар, 1991 онд ихэнх нутгаар 18-28 м/с, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговийн нутгаар 40 м/с хүрч хүчтэй шороон болон цасан шуурга шуурч байжээ.
2015 оны арваннэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээ
Баруун зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хангайн уулархаг нутгаар 14-19 градус, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн буюу Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас 0.5-1.0 градусаар дулаан байна. /3 дугаар зураг/.
Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст Алтайн өвөр говь, Олон нууруудын хөндийгөөр шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, Ховд, Говь-Алтайн нутаг, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр Завхан, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүрч хүйтрэх төлөвтэй. Бусад хугацаанд Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 10-15 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Баян-Өлгий, Ховдын ихэнх нутаг, Увс, Говь-Алтайн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, Завханы хойд, Баянхонгорын өмнөд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй /4 дүгээр зураг/.
Нэг ба гуравдугаар арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн дунд үе ба сүүлчээр зарим газраар, гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар цас орох төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр нутгийн өмнөд хэсгээр, гуравдугаар арав хоногийн эхээр зарим газраар 16-18 м/с, Алтайн салбар уулсаар зарим үед 24 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.
Төвийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Хөвсгөлийн уулархаг нутгаар 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус хүйтэн байх бөгөөд Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байна /3 дугаар зураг/.
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст хүйтэрч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулс хоорондын хөндийгөөр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр Хөвсгөлийн баруун хэсгээр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймгийн зүүн хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүрч хүйтрэх төлөвтэй. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-14 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.
Энэ сард Хөвсгөлийн баруун өмнөд,Өвөрхангайн өмнөд, Төв, Сэлэнгийн зүүн хэсэг, Архангайн ихэнх нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим цас орох төлөвтэй /4 дүгээр зураг/.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр ихэнх нутгаар, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орох төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр нутгийн өмнөд хэсгээр 18-20 м/с, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар 12-14 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Зүүн зүгийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь ихэнх нутгаар 8-13 градус хүйтэн байх буюу Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар хүйтэн, бусад нутгаар олон жилийн дунджийн орчим байна /3 дугаар зураг/.
Нэгдүгээр арав хоногийн дунд үеэр Хэнтийн уулсаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. Харин хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Хэнтийн уулсаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус өдөртөө 4-9 градус хүйтэн байна.
Энэ сард Хэнтий, Дорнодын хойд хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй /4 дүгээр зураг/.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн болон сүүлч, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар цас орно.
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар 18-20м/с, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд үеэр ихэнх нутгаар түр зуур 16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
Говийн нутаг. Агаарын температурын сарын дундаж нь Дундговь, Дорноговийн хойд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн байх бөгөөд Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байна /3 дугаар зураг/.
Нэгдүгээр арав хоногийн эхний хагаст нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Нэгдүгээр арав хоногийн сүүлийн хагас, хоёрдугаар арав хоногийн эхний хагаст ихэнх нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн байна. Хоёрдугаар арав хоногийн сүүлийн хагас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна. Бусад хугацаанд ихэнх нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 1-6 градус хүйтэн байна.
Энэ сард орох хур тунадасны хэмжээ нь Өмнөговийн баруун хэсгээр олон жилийн дунджаас ахиу, Өмнөговь, Дундговийн зүүн өмнөд, Дорноговийн ихэнх нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй /4 дүгээр зураг/.
Нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн сүүлчээр зарим газраар цас, гуравдугаар арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орох төлөвтэй.
Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар 18-20 м/с, Арц Богдын өвөр хоолойгоор зарим үед 24-28 м/с, гуравдугаар арав хоногийн дунд үеэр зарим газраар түр зуур 16 м/с хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй.
URL: