Нүүрс, түлээний үнэ “хаданд гарчээ”

Уламжлалаар бол жил бүрийн намрын цагт түлээ, нүүрсний үнэ хамгийн хямдханд тооцдог бөгөөд хүйтрэх тусам үнэ нь чангарах төлөв ажиглагддаг. Энэ жилийн хувьд “Цэвэр агаар” төслийн хэрэгжүүлж буй үртсэн шахмал түлшний зуух худалдан авалтыг нэмэгдүүлэхийн тулд нийслэлийн хэд хэдэн хороодод нүүрс түлэхийг хориглосон. Тиймээс ч нүүрсний хэрэг­лээ тодорхой хэмжээгээр хумигдаж, үнэ нэмэгдэхгүй гэсэн тооцоо судалгаа бий. Гэхдээ л идэр есийн хүйтнээр даарч суухгүйн тулд үртсэн шахмал түлшнээс илүүтэй хамгийн илч сайтай нүүрс, түлээний эрэлд мордохыг гэрчлэх шиг ойрын өдрүүдэд Цайз болоод Хангай зах ор­чимд хөл хөдөлгөөн эрс нэмэгджээ. Үүнтэй холбоо­тойгоор дээрх захуудад түлээ, нүүрсний үнэ урьд жилүүдтэй харьцуулахад нэмэгдсэн эсэх, иргэдийн худалдан авалт хэр байгаа сонирхлоо.

“Хангай” мод, модон материалын зах. Ачаа­ны том, жижиг автомашинууд энд тэндгүй нүүрс ачих нь ачиж, хоосон нэг нь “ачаа ачна” гэх пайз зүүгээстэй өдрийг өнжөөн тус зах дээр өдрийг өнгөрөөнө. Дөхөөд очсон хэн нэгний үнэ сонирхох төдийд л түлээ, нүүрсний худалдаачид тухайн хүнийг даган хуйларна. Ойр, холоос шалтгаалан 5,10 мянган төгрөг “татна”, бөөнөөр нь авбал сайн ярина гэх мэтээр жишиг үнэ ханшаас доогуур үнэ хэлсэн нэгэндээ гар хүрч мэдэхээр авир гаргах “ченжүүд”-тэй цөөн хором хөөрөлдөж үнэ ханш сонирхлоо. Олон жил түлээ, нүүрсээр бизнес эрхэлсэн гэх Т “Энэ жилийн хувьд Налайхын уурхайн нэлээд амуудыг хаасантай холбоотойгоор нүүрсний үнэ өссөн. ЗИЛ-130 машин нүүрс буюу таван тонн нь 470, портер буюу хоёр тонн нь 270, нэг тонн 150 мянган төгрөгөөр нүүрс зарж байна. Нэг шуудай нарс мод том нь 6000, жижиг нь 1500, шуудай нүүрс жижиглэнгээр 1500 төгрөгөөр тус тус борлуулж байгаа. Үртсэн шахмал түлш манай зах дээр зарж, борлуулж буй цэг нээх сураг сонсогдож байсан ч өнөөдрийг хүртэл алга. Хааяа нэг үртсэн шахмал түлш сурагласан хүн ирэхээс бус ихэнх нь сурсан, дассанаараа нүүрсээ л худалдан авах нь хэвээр байна” гэх мэтээр өөрийн бизнес ойрын өдрүүдэд сайн байгааг сайрхаж гарав. Тус захаас өвлийн бэлтгэлээ базаахаар хөгшний хамт үнэ ханш судалж яваа СХД-ийн 21  дүгээр хорооны оршин суугч Г.Дуламжав гуай “Хүйтрэх тусам үнэ нь өсөх байх гэж бодоод тэтгэврээ зээлэн байж нүүрс авах санаатай зах гарч ирлээ. Үнэ өндөр байна. Өнгөрсөн жилийн өдийд хоёр портер нүүрсийг тус бүрийг нь 170 мянган төгрөгөөр худалдаж авсан. Мөнгөөрөө дулаан суухгүйгээс хойш авахаас өөр яалтай билээ” гэх эмгэний яриаг дэмжих нүүрсний ченж залуу түүнд 260 мянган төгрөгөөр гэрийн чинь хашаанд буулгаж өгье гэсээр портер машиндаа суулган одлоо.

Баянзүрх дүүрэг “Цайз” зах. Дээрхийн адил түлээ, мод худалдаалахаар дараалаад зогсох нүүрс ачсан төмөр хөлөгтнүүдээс гадна шуудай шуудайгаар нь нарс, шинэс модыг овоолсон байх нь уулын модыг тэр чигээр нь буулгаад аваад ирчихэж гэмээр ихэд таагүй санагдсныг нуух юун. Үнэ ханшийн тухайд тонн нүүрс 135-150 мянган төгрөг, шуудай нүүрс 1500, нэг шуудай нарс,шинэс мод 1200-1500 төгрөг. Налайхын уурхайн амуудаас нэг ковш нүүрс нь газар дээрээ 30-35 мянга буюу гурван ковш нүүрс нэг тонн, түүн дээр шатахуун, түлшний зардал тооцохоор бидэнд ашиг унах нь урьд жилүүдийг бодвол харьцангуй бага байна гэж худалдаачид хэлж байв. Үртсэн шахмал түлшний тухайд нүүрс, түлээ зарж борлуулагчид болон худалдан авагч иргэдийн аль нь ч ялгаагүй нэг л таашаахгүй байгаа гэдгээ нуухгүй байлаа.

Ерөнхийдөө дээрх хоёр захад нүүрс урьд жилийн энэ цаг үетэй харьцуулахад 80-90 мянган төгрөгөөр нэмэгдсэн хэдий боловч эрэлт, хэрэгцээ урьдын адил байгаа нь үртсэн шахмал түлшний зуух болоод хэрэглээ тун байгаа гэдгийг илтгэж байх шиг. Худалдаачдын хувьд хамгийн авууштай нь 25 дугаар суваг телевизийн “Үүргэвчтэй аялал” нэвтрүүлэгээр Турк улс утааны асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн туршлагыг амнаас ам дамжуулан ярих юм билээ. Турк улс нь 10 гаруй жилийн өмнө манай улсын адил утааны асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар “толгой өвтгөж” байсан бол хийн болон шингэн түлшийг нийтээр хэрэглэх болсноор өнөөгийн Стамбул хот утаагүй хот болжээ. Утаанаас хэрхэн салах аргыг төр болоод иргэдийн төвшинд хэрэгжүүлэхгүй ч гэлээ арга туршлага судлах болсныг дээрх яриа гэрчилж байх шиг. Хэлбэрийг нь өөрчилж, өнгийг нь хувиргасан утааны асуудалд даацтай, судалгаатай, бодит амьдралд нийцэх хэмжээнд хандахгүй бол иргэд таатай хүлээж авахгүй байгааг дээрх хүмүүсийн үг, яриа гэрчилж байгаа бус уу.

Д.ДОЛГОР


URL:

Сэтгэгдэл бичих