Тони Блэйр “Исламын улс” бий болсонд буруутайгаа хүлээжээ

Британийн Ерөнхий сайд асан Тони Блэйр АНУ болон холбоотны цэргүүд 2003 онд Иракийг эзлэн түрэмгийлсэн нь “Исламын улс” бүлэглэл бий болох үндсэн шалтгаануудын нэг болсон гэдгийг “СиЭнЭн” телевизэд ярилцлага өгөхдөө хүлээн зөвшөөрчээ.

Сэтгүүлч түүнээс холбоотнууд Иракт халдан түрэмгийлсэн нь “Исламын улс” бүлэглэлийг бэхжихэд хүргэсэн гэх байр суурийн тухай асуухад “Би үүнд үнэний хувь бий гэж боддог. Саддам Хуссейнийг 2003 онд түлхэн унагасан хүмүүс тус улсад 2015 онд бий болсон нөхцөл байдлын төлөө хариуцлага хүлээхгүй гэж үзэж болохгүй” хэмээн Тони Блейр ярьсан байна.

Мөн Ерөнхий сайд асан тагнуулын байгууллага, халдан түрэмгийллийг бэлтгэх шатанд гарсан алдаа дутагдлын төлөө уучлал хүссэн аж. АНУ, Канад, Иракийн судлаачдын 2013 онд нийтэлсэн тайлангаас үзэхэд АНУ тэргүүтэй цэргийн эвслээс Иракт өдөөсөн дайны уршгаар 500 мянга гаруй хүн амь үрэгджээ. Үүнээс 60 гаруй хувь нь байлдааны ажиллагааны үеэр, бусад нь дам шалтгааны улмаас амь насаа алдсан байна.


URL:

Сэтгэгдэл бичих