С.Ононбаяр: Нийтийн тээврийг төлбөргүй болгох санал тавьж байгаа
-НИТХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” бүлэг хоёр асуудал тавьсан. Нэгдүгээрт, өнөөдрийн нийгмийн амьдралтай холбогдуулж дамжин суултыг үнэ төлбөргүй болгоё гэсэн. Энэ асуудал шийдэгдэх шатанд орсон. Хоёрдугаарт, манай улс оюутан, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмждэг. Гэтэл сурагчид яагаад үнэ төлбөргүй зорчиж болдоггүй юм бэ гэдэг асуудлыг оруулж, нийслэлийн Засаг даргад тогтоолоор үүрэг өглөө. Энэ асуудлыг судалж, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай цаашид ярина.
-Санал оруулахаас өмнө боломж, нөхцлийг судалж үзэв үү?
-Нийтийн тээврийн машин, цагийн тарифыг тодорхойлсон. Тухайлбал, угсраа автобус цагийн даалгавар өгөхөд 39731, тролейбус 27425, автобус 32993, дунд оврын автобус 33777 төгрөгөөр явж байгаа. Нөхөн олговрыг өгөхөд сард 132 тэрбум төгрөг цуглаж байгаа. Энэ мөнгө иргэдийн орлого, нөхөн орлогоос бүрдэж эргээд хуваарилагдаад явна. Үүний үндсэнд сурагчдыг яагаад үнэ төлбөргүй явуулж болохгүй вэ гэсэн асуудлыг бид ярьж байгаа юм. Цаашид нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгох систем рүү орох саналыг манай бүлэг тавьж байгаа.
-Цаашид энэ салбарт хүндрэлтэй байгаа ямар асуудлууд байна?
-Цахим системд шилжсэнээр нийтийн тээврийн үйлчилгээ сайжирч, хүмүүс ам сайтай байна. Хүнд асуудал нь маршрут төлөвлөлтийн асуудал юм. Маршрут төлөвлөлт богино эргэлттэй болсноор давхацлыг арилгасан. Гэсэн ч иргэдийн зүгээс 500 төгрөгөөр зорчдог байсан газраа 1000 төгрөг төлж очдог боллоо гэж шүүмжилж байгааг манай бүлэг судалж үзье, саналыг нь авъя гэсэн. Дээр нь хөдөө, орон нутгаас ирсэн ахмадууд картаа хаанаас авах вэ гэдэг асуудал бий. Оюутнуудын тухайд картаа захиалсан бол өмнөхтэй адил түүгээрээ үйлчлүүлээд явж болно гэсэн зарчмын санал дэвшүүлсэн ч дэмжигдсэнгүй.
Л.Хэрлэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: