Шинзо Абегийн айлчлалын үр дүнгийн талаар мэдээлэв

Японы Улсын ерөнхий сайд Шинзо Абе Төв Азийн айлчлалаа өнгөрсөн долоо хоногт манай улсаас эхлүүлсэн эхлүүлсэн билээ.

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн айлчлалын үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Тэрбээр: “Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ, гэргий Акиэ Абэ-гийн хамт Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн урилгаар Монгол Улсад ажлын айлчлал хийж байна. Их долоогийнудирдлагуудаас  хоёр дахь  удаа ирж байгаа хүн бол Ерөнхий сайд Шинзо Абэ юм. Айлчлалын тухайд энэ оны 9-р сард НьюИоркт болсон НҮБ-ын 70 жилийн ойн чуулган дээр Япон Улсын Ерөнхий сайд  Шинзо Абэ,  Монгол Улсын Ерөнхийлөгч нар уулзсан. Тухайн үед Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Япон Улсын Ерөнхий сайд  Шинзо Абэг Монгол Улсад айлчлахыг урьсан юм. Хоёр долоо хоногийн өмнө тэд уулзсан, бид сар хүрэхгүй хугацаанд бэлтгээд энэ айлчлалыг хэрэгжүүллээ.

Энэ нь эргээд Монгол , Японы харилцаа, хамтын  ажиллагааны эрч хүчийг улам сэргээж байгаа. Дээрээс нь Японы Засгийн газрын  зүгээс, Ерөнхий сайд Шинзо Абэгийн зүгээс Монгол Улстай биечлэн тогтоосон  харилцаанд ямархуу  ач холбогдол өгч байна вэ гэдгийг харуулж байгаа гэж хэлж болно.

Дөврөн цагийн айлчлал ч гэсэн үр дүнтэй байлаа.  Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ манайхаас цаашаа Азийн 5 орон руу айлчлана.Монгол Улсаас буцах замдаа  5 ороноор дайрна гэсэн үг.

Улс төрийн харилцааны талаар бол Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзахдаа нэлээд тодорхой ярилаа. Хоёр жилийн өмнө манай Ерөнхийлөгч Токиогоор дайрч Шинзо Абэгийн гэрт нь зочилсон анхны төрийн тэргүүн юм. Ийм учраас Монгол улсын Ерөнхийлөгч анхаарал тавьж, гэргийнхээ хамт өөрийнхөө өргөөнд хүлээн авч уулзсан байгаа. Ойр дотно уулзалт  болсон, улс төрийн харилцаагаа улам өргөжүүлэхийг нотоллоо.

Түүнчлэн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт бид гарын үсэг зурсан. Энэ хэлэлцээр бол Монгол Улсыг биеэ даасан эдийн засагтай, эдийн засгийн  хүчин чадал нь сайн байхад тодорой үүрэг гүйцэтгэнэ гэж итгэж байгаа.

Баяртай мэдээ бол өнөөдөр өглөө УИХ-аар Монгол, Японыхооронд байгуулсан  “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” –ийг хүчин төгөлдөр болгох шаардлагатай гурван ч хуульд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байгаа.  Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр  дараа оны эхнээс хүчин төгөлдөр  болоход бэлэн болж байна. Энэ бол Монгол Улсын зүгээс байгуулсан анхны чөлөөт худалдааны хэлэлцээр юм. Үүнийг бас айлчлалын үеэр хоёр талаасаа нотолж ярив.

Японы талаас Монгол Улсыг тууштай  эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэхэд дэмжиж туслахаа илэрхийллээ. Өөрөөр хэлбэл Монгол Улсад өөрийгөө аваад явчих эдийн засаг бүрэлдэн бий болоход Японы тал тууштай дэмжихэд бэлэн байна гэдгээ илэрхийлсэн.

Мөн ашигт малтмалын томоохон төслүүд явах нь чухал байна. Энд Японы оролцоог хангахад бэлэн байна гэсэн.

Миний бие Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Т.Шимизүтэй Тавантолгойн Зүүн чиглэлийн төмөр замын төсөлд хамтран ажиллах, иж бүрнээр бүтээн байгуулах ажилд Японы талыг оролцуулах асуудлаар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Гол нь зүүн чиглэлийн төмөр замын асуудал энд яригдаж байна. Урагшаа бол бид  нарийн царигтай  төмөр замыг БНХАУ-тай хамтраад барьж, УИХ -аас Хятадын зах зээл дээр Тавантолгойн  нүүрсийг гаргахшийдвэрээ гаргаад, энэхүү шийдвэр хэрэгжээд явж байгаа.

Зүүн тийшээгээ төмөр зам  барих асуудал их чухал байгаа. Ялангуяа эхний ээлжинд Сайншанд руу буюу гол хэсэгтээ хүргэх тухай асуудал яригдаж байна. Үүн дээр Японы тал хамтран ажиллахаар ярив. Эхний ээлжинд Японы талэнэ төсөл хэр үр дүнтэй байх уу, эдийн засгийн хувьд хэр үр өгөөжтэй байх уу гэдгийг энэ 12 сард багтаагаад ТЭЗҮ хийхээр дээрх санамж бичигт тусгаж  гарын үсэг зурлаа. Энэ нь эргээд манай Тавантолгойн ашиглалт, Төмөр замын хөгжилд чухал үүрэгтэй гэдгийг хэлмээр байна.

Дараагийн нэг асуудал бол Монголд нэгэнтээ хөрөнгө оруулчихсан байгаа Японы хөрөнгө оруулагчдад тулгарч байгаа хүндрэл бэрхшээлийг яаж  даван туулах уу гэдэг дээр ярилаа. Зөвхөн Японы ч биш гадаадын хөрөнгө оруулагчдад тулгамдаж байгаа энэ асуудлыг цаашид хэрхэн шийдэх ёстой тухай яриагаа үргэлжлүүлэхээр боллоо. Манай талаас санал болгосон зүйл бол Японы зээлээр баригдаж байгаа онгоцны буудлыг идэвхитэй, зөв, найдвартай,  ашигтай ажиллуулах менежментийн асуудлыг хөндсөн. Өөрөөр хэлбэл Японы талтай  хамтран ажиллая, энэ талын менежментийг ашиглая гэдэг дээр ч ярилцлаа.

Японы тал бол 1990 оноос хойш манай улсын анхны доннор байсан. Шилжилтийн үеийн  хүндрэл бэрхшээлийг сайжруулахад хамгийн их тусалсан орон. Эдийн засгийг сайжруулахад жижиг дунд үйлдвэрт  зориулсан хоёр шатны зээл олгож  эхэлсэн. Үүний хэмжээг  нэмэгдүүлэх асуудлаар цаашид ярилцаж тохирхоор боллоо. Энэ бол хувийн хэвшлээ дэмжихэд маш дөхөмтэй. Ялангуяа эдийн засаг хүнд байгаа энэ үед санхүүгийн нэмэгдэл оруулах нь чухал юмаа гэдгийг ярьж байна.

Мөн  банкны салбарыг тогтвортой болгох тал дээр хамтран ажиллахаар болов. Японы санхүүгийн  холбогдох агентлагуудтай монголын тал түлхүү хамтарч ажиллах  боломжтой гэдгийг Шинзо Абэ, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй хийсэн хэлэлцээрийнхээ үеэр нотоллоо.

Энэ оны  5 сард Япон Улсад болсон НиккейчуулгандМонгол Улсын Ерөнхийлөгч оролцсон. Энэ үеэр Ерөнхий сайд Шинзо Абэ “Азид чанартай дэд бүтэц хийхэд Японы тал анхаарна,  дараагийн 5-10 жилийн хугацаанд 110 тэрбум америк долларын хөрөнгө оруулалтыг Японы засгийн газраас оруулна”  гэсэн мэдэгдэл хийсэн. Ингэхдээ Монголд энэ боломжийг ашиглах ёстой, Монголын нүүрсний боломжийг  ашиглаад,  нүүрсийг хийжүүлэх японы тэргүүний технелогийг ашиглахад  хамтран ажиллахад бэлэн байна гэсэн. Өнөөдрийн айлчлалын үеэр  энэ асуудлаар судалгаа хийе, ажил хэрэг болгох нь зөв гэж яригдав.

Түүнчлэн Шинзо Абэ олон талт бүс нутгийн хамтын ажиллагааны  асуудлаар Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргатай  уулзсан. Төрийн гурван өндөрлөгтэй  уулзаж ярилцсан. Бүс нутгийн хамтын  ажиллагааг сайжруулах, “Зүүн хойд азийн аюулгүй байдлын асуудлаарх- Улаанбаатарын яриа хэлэлцээ”  гэсэн санаачлагыг Монгол Улсын ерөнхийлөгчийн зүгээс гаргасан байгаа. Үүний хүрээнд идэвхитэй хамтран  ажиллах тухай ярилаа. Мөн Солонгосын хойгийн асуудал, ер нь бүс  нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудал дээр  Монгол , Япон Улс  ойр дотно хамтран ажиллана гэдгийг хоёр тал нотоллоо.

Дараагийн 7 хоногт бид маш том сонгуульд оролцох гэж байна. НҮБ-ын хүний эрхийн комисст сонгогдохоор Монгол Улс анх удаа нэрээ дэвшүүлж байгаа. Энэ сонгууль 10 сарын 28 ны өдөр НьюИоркт болно. Энэ сонгуульд Японы тал Монгол Улсыг дэмжихээ илэрхийллээ. Энэ бол маш чухал дэмжлэг байгаа юм. Ирээдүйд Монгол улс НҮБ-ын аюулгүйн зөвлөлийн гишүүнээр элсэхэд манай  талыг дэмжинэ гэсэн. Иймэрхүү тодорхой  асуудлаар ярилцлаа” Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн ийн мэдээлэл хийснийхээ дараа  сэтгүүчдийн асуултад хариу өглөө.

MNC Телевизийн сэтгүүлч:  Чөлөөт худалдааны түншлэлийн хүрээнд хамтран ажиллахаар  боллоо гэж байна. Жишээлбэл манайх хичнээн төрлийн барааг гаалийн  хямдралтай үнээр гаргах боломжтой болсон юм бэ?

Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр гэж нэрлэгдсэн. Энэ бол үндсэндээ чөлөөт худалдааны хэлэлцээр. Чөлөөт худалдааны хэлэлцээрээс  илүү өргөн дэлгэр утгатай юм л даа. Чөлөөт худалдааны хэлэлцээр бол зөвхөн  худалдааныхаа тарифыг хэрхэн бууруулах тухай асуудал яригддаг бол эдийн  засгийн түншлэлийн хэлэлцээр гэдэг бол тэрнээс өргөн утгатай. Эдийн засгийг чадавхижуулахад   хүнийг нь сургах, эдийн засгаа өөрөө аваад явчих  чадавхийг бий  болгоход Японы зүгээс эдийн засгийн хамтын ажиллагааны дэмжлэг үзүүлнэ гэсэн үг. Тэгэхээр тэрнээс илүү өргөн дэлгэр хэлэлцээ байгаа.  Энэ хэлэлцээнд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг гарын үсэг зурсан. Манай УИХ, японы парламент хоёр соёрхон баталж байж л батлах ёстой ийм гэрээ юм. Юуны өмнө монголоос 8100 төрлийн бараа бүтээгдэхүүнийг японы зах зээлд хөнгөлөлттэй оруулах ийм боломжтой болж байгаа. Японы талаас 5900 нэр төрлийн бүтээгдэхүүнийг мөн монголын зах зээл дээр гаалийн  хөнгөлөлттэй нөхцлөөр нийлүүлэхээр тохирсон. Энэ гэрээ бол 1 сарын 1 ээс юм уу батлагдахад тэр дороо хэрэгжих гэж байгаа юм биш. Ойрын таван жилийн хугацаанд хүчин төгөлдөр болсноос хойш 5-10 жилйин хугацаанд гэрээг бүрэн хэрэгжүүлэх нөхцөл бүрдэх юм. Шат дараалалтай хангана.  Манай бүтээгдэхүүнүүдийн сав баглаа, чанар аюулгүй байдал гээд маш олон  юм бий. Үүнийг дэс дараатай, японы талын дэмжлэгтэйгээр японы зах зээлд зориулсан стандартыг  нь хангах бүтээгдэхүүнийг нийлүүлэх тал дээр хоёр тал  хамтран  ажилласны үндсэн дээр гэрээ хэрэгжих учиртай. Ер нь бол хэлэлцээрээ ашиглахын тулд 13 дэд хороо байгуулагдсан байгаа. Цаашид салбарын яамдууд, тамгын газрууд бас хувийн хэвшил, сэтгүүлчдийн  оролцоо их чухал юм. Гадаад яам ахлаад багагүй ажил хийнэ.

MNC Телевизийн сэтгүүлч:  Төслийн  зээл авахаар болсон гэж байна. Зээлийн хэмжээ тодорхой болсон болов уу? Зээлийн хэмжээ хэд орчим байхаар байгаа вэ?

Хоёр шаттай зээл гэж ярьдаг. Жижиг дунд үйлдвэрт зориулсан хөнгөлөлттэй зээл.  Манайх бол эхлээд 25 сая ам доллар,   50 сая ам доллар авсан. Одоо  гурав дахь шатны зээл бол 100 сая ам долларын  зээл яригдаж байгаа. Үүнийг Монгол Улсын талаас 200 сая болгож өргөжүүлье гэсэн яриа хэлэлцээ хоёр талаасаа явж байна.

News.mn сайт: Зүүн чиглэлийн  төмөр замын төсөл дээр хамтарна гэж байна. Яг хичнээн км зам  барих вэ? Яг юун дээр нь хамтарч ажиллах юм бэ?

Өнөөдрийн  гарын үсэг зурсан санамж бичиг дээр бол хоёр тал сонирхолоо илэрхийлсэн байгаа. Юуны өмнө Монгол Улс зүүн тал руугаа эдийн засгаа төрөлжүүлэх, зах зээлээ төрөлжүүлэх  үүднээс зүүн талынхаа төмөр зам дээр ач холбогдол өгч байна. Үүн дээр Японы санхүү, Япон руу буюу гурав дахь зах зээл рүү нүүрс гаргах  боломжийг эрэлхийлж ажилламаар байна гэсэн. Энэ хүрээнд Японы талыг  хамтарч ажиллаач гэсэн санааг манай төрийн тэргүүнүүдийн  зүгээс илэрхийлсэн байгаа. Харин японы тал үүнийг судалж үзье, зүүн тал руу төмөр зам барьсан тохиолдолд хэр зэрэг ашигтай ,  эхний ээлжинд хувийн компаниудаа яаж оролцуулах вэ гэдэг дээр ТЭЗҮ-ийг  энэ 12 сардаа багтаагаад гаргая, түүн дээр нь санхүүгийн  ямар нөхцлөөр орох уу гэдгийг хамтарч судлаад,  аль болох Японы засгийн газар дэмжиж, хамтарч ажиллана гэж ярилаа. Эхний ээлжинд Сайншанд хүртэл 455 км замыг Тавантолгойгоос маш тодорхой гаргая, үргэлжүүлээд зүүн тал руу,   хаашаа хэдэн км барих вэ гэдэг дээр албан ёсоор яригдах байх. Хэрэв Японы тал сонирхох юм бол Тавантолгойг зөвхөн нэг улстай ашиглах бус өөр боломжийг хамтарч судлахаар болсон. Аливаа хамтын ажиллагаа харилцан үр ашигтай  байх ёстой, үүн дээр л тулгуурлана. Үүнийгээ нэг зарчим дээр тохирч цаашаа  хамтарч ажиллая  гэсэн яриа өрнөлөө.


URL:

Сэтгэгдэл бичих