Ч.Сайханбилэгийн Засгийн газрын “аврагдах” сүүлийн гарц Өршөөлийн хууль

Улс төрд итгэх иргэдийн итгэл улам бүр дордлоо. Өршөөлийн хуулиар далимдуулж авилгачид болон албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөхөөр зүтгэж буй улстөрчдөд иргэд ихээхэн дургүйцэж байна. Үүнээс гадна Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн нэр олон нийтийн дунд хурдацтай уруудаж явна.

Эдийн засаг, эдийн засаг, эдийн засаг гэсэн уриа дэвшүүлж гарч ирсэн Шийдлийн гэх тодотголтой Ч.Сайханбилэгийн Засгийн газрын хувь заяа оны өмнө гэхэд нэг талдаа шийдэгдэх нь тодорхой болсон талаар эх сурвалжууд мэдээлж байгаа. Тэдний ярьж байгаар Ерөнхий сайдыг огцруулахаар УИХ-д суудалтай бүх намын төлөөллүүд нэгдсэн юм. Шударга ёс эвслийн бүлгийн гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсгийн цуглууж яваа. Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлах үеэрээ Оюутолгойн орд газрыг ашиглах гэрээний нэг тал болох Рио Тинто болон өөр компанитай “Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө” гэгчид Монгол улсын Засгийн газар гарын үсэг зурсан. Ингэхдээ УИХ-д мэдээлэлгүйгээр “далд уурхайн санхүүжилт” нэрээр Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ, ТЭЗҮ-ээр баталгаажсан далд уурхайн санхүүжилт 1.5 тэрбум ам.долларын анхны хөрөнгө оруулалтын дүн дээр нэмж 4.7 тэрбум долларын зардлыг хүлээн зөвшөөрсөн. Энэ нь УИХ-ын хүчин төгөлдөр тогтоолыг биелүүлэхийн оронд нэмэлт зардлыг хүлээн зөвшөөрсөн баримт бичигт Засгийн газар гарын үсэг зурсан нь УИХ-ын тогтоолыг зөрчиж, эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, Оюутолгойн орд газраас Монгол улсын авах ашгийг багасгаж, ногдол ашиг авах хугацааг хойшлуулан тодорхой бус байдалд оруулсан. Түүнчлэн Оюутолгойн төсөл үйл ажиллагаа эхэлснээс хойш Монгол улсад төлсөн татвар бусад орлогын дүн нь жилийн нийт борлуулалтын орлогын 8-9 хувь болсон байгаа нь хөрөнгө оруулалтын гэрээг цаашил харилцан үр ашигтай болгох чиглэлээр сайжруулах шаардлага байгааг харуулж байна. Энэ нь Монгол улсын Ерөнхий сайдыг огцруулах бүрэн үндэслэл гэж УИХ-ын гишүүн Г.Уянга үзэж байгаа.

Өнгөрсөн сарын сүүлээр тэрбээр нийт найман гишүүн уг тогтоолын төсөлд гарын үсэг зурлаа гэж мэдэгдэж байсан. Тэгвэл огцруулах бичигт одоогоор 14 гишүүн зураад байгаа аж. Тодруулбал, бие даагч гурван гишүүн, МАН-аас Ц.Нямдорж, О.Содбилэг, А.Тлейхан, Д.Хаянхярваа, Б.Бат-Эрдэнэ АН-аас Р.Амаржаргал, “Шударга ёс” эвслээс Л.Цог, Г.Уянга, О.Баасанхүү  нарын 14 гишүүн гарын үсэг зурсан гэх мэдээлэл байгаа. Хэрэв гишүүдийн тоо 19 болсон нөхцөлд Засгийн газрын тэргүүний хувь заяаг “дэнслэнэ”.

Үүнээс гадны АН-ынхан өөрсдөө Ч.Сайханбилэгийгээ огцруулахаар “хор”-оо хутгаад эхэлчихсэн. Тэд Р.Амаржаргал болон С.Эрдэнэ, Э.Бат-Үүл гэх эрхмүүдийн нэрсийг жагсаалтын эхэнд тавиад байгаа. Чухам хэнийг нь дараагийн Ерөнхий сайд болгох вэ гэдгийг нөгөө л нэг “Алтангадас” фракцийнхан шийдвэрлэнэ. Учир нь тэд одоогийн байдлаар ҮЗХ болон нам дотроо томоохон байр суурийг эзэлсэн хэвээр байгаа. “Алтангадас”-ынхан Ч.Сайханбилэгийгээ хамгаалж чадахгүй болсон нөхцөлд дараагийн нүүдэлдээ бэлдэнэ. Харин тэр нүүдэл нь дээрх гурван эрхмийн хэн нь байх вэ гэдэг нэн сонирхолтой.

Ч.Сайханбилэгийн засаг огцрохгүйгээр тэсч үлдэх хамгийн сүүлийн арга нь Өршөөлийн хуулиар авилгачид болон албан тушаалын гэмт хэрэгтнүүдийг өршөөх явдал байв. Намууд болон эвслийнхэн Засгийн газраас бооцоо тавьж Өршөөлийн хууль дээр тохиролцоо хийх гэсэн боловч харамсалтай нь чадсангүй. Асуудал олны өмнө ил байгаа бөгөөд хоригийг дэмжигчид уг асуудлыг хэт улстөржүүлж иргэдийн анхаарлын төвд хангалттай оруулсан нь улстөрчдыг яах ч аргагүй байдалд хүргэсэн гэхэд болно. Хэрэв санаж байгаа бол ээлжит бус чуулган болон намрын чуулганы эхний хэдэн өдрүүдэд Ерөнхий сайдыг огцруулах асуудал хүчтэй яригдаж байгаад өнөөдрийг хүртэл хэсэг хугацаанд нам жим болсон. Шалтгаан нь Өршөөлийн хууль дээр эрх ашиг нэгдэж чадах эсэхдээ сүүлийн удаа найдсан хэрэг. Нөгөө талаас Засгийн газраар шантаажилж, Өршөөлийн хуулийг өөрсдийн талд шийдүүлэх санаархал юм.

Ямартаа ч Засгийн газар огцрохгүйгээр тэсч үлдэх сүүлийн арга нь Өршөөлийн хууль байлаа. Энэ долоо хоногт уг хуулийг хэлэлцэж шийдвэрлэнэ. Эндээс засаг унах уу, үгүй юу гэдэг асуултын хариулт тодорхой болно. Гэхдээ улстөрчид сонгуулийн өмнөхөн өөртөө халтай шийдвэр гаргахгүй л болов уу. Тиймээс Засгийн газрын ирээдүй туйлын бүрхэг хэвээр үлдлээ.

Г.Лхагваа

Zaluu.com


URL:

Нэр: Zochin Огноо: 26 October 2015

Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн хоригиийг хүлээн авбал энэ Засгийн газрын үеийн үед дурсагдах гавъяа

Сэтгэгдэл бичих