Мэнгэт зөв юм яриад байна

МЭНГЭТ гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийг хэлж байгаа юм. Мэнгэтэй болохоор нь л МЭНГЭТ гэчихээгүй, тэр энэ дээр тулж ярьвал С.Дэмбэрэл ч уруул дээрээ тодын тод хар мэнгэтэй хүн шүү дээ. Tѳрийн албан тушаалд бас ѳѳр нэг Ц.Нямдорж байдаг болохоор нь ялгахын тулд ард түмэн түүнд МЭНГЭТ гэж хэлц нэр ( pseudonim гэхийг ийн хѳрвүүлэв. И.Ц) хайрласан юм билээ. Зарим нутагт,  2 адилхан зүсмийн бүүдэн морьныхоо нэгийг нѳгѳѳгѳѳс нь ялгахын тулд хамар дээрх хар толбоор нь мэнгэт бор гээд нэр зүүчихсэн байдагтай л тѳстэй юмаа даа.

Энэ хүний тухай би уг нь заавал бичиж нэг юман дээр ѳршѳѳл гуйх учиртай хүн л дээ, гэхдээ эв нь таарахгүй явсаар ѳнѳѳдрийг хүрчихэж. Бас, түүний нэг онцгой чанарыг хүндэлж явдагаа хэлэх гэсэн юм.

За одоохон л над руу мэдээж дуу дуугаа авалцаа л дайрцгаана…ирж байгаа цагийн дууг ѳнгѳрсѳн үеийн нэг муу тѳгцѳг дуулдаг юм биш…орондоо хууль засдаг хятадын тагнуул, хэрүүлч ѳвгѳнийг, онцгой чанартай гэлээ чи муу бялдууч, зусарч…энээ тэрээ гээд намайг, элдвээр л дуудна гэдгийг гадарлаж байна. Бурхан, чѳтгѳр 2 л биш юм бол нилдээ цагаан, эсвэл бүхэлдээ хар хүн гэж байх ёсгүй, хав хар хүнээс ч гэсэн цагаан юм олж харж болно.  Тэрий нь онцгойлж хэлээд  байвал монголчуудын эеийн  эв бүрдэхэд л дусал ч болов нэмэртэй  гэсэн бодолдоо хѳтлѳгдѳѳд ГАНБААТАР ЗѲВ ЮМ ЯРИАД ЯВНА гээд биччихсэн биш хичнээн загнуулав. Элбэгдоржийн хэлсэн үгний линкийг иш татчихаад долоогчоороо дуудуулав. Иймэрхүү юмыг би нэг их тоодоггүй юм, зүгээр л хүлээж авахгүй ѳнгѳрѳѳчихѳд л хангалттай байдаг. Бодсон санаснаа бусдад тулгах гээд байдаг бүдүүлэг зан, эсвэл тэр хүний амьдалых нь хэв маяг (стайл) юм байлгүй дээ гээд орхичихдог юм. Дэмий юм, илүүд гаргах энерги надад үнэндээ байхгүй л дээ.

Ц.Нямдорж, шударга ярьдаг, гэхдээ энэ бол онцгой чанар нь биш л дээ.  УИХ-ын гишүүн болгон л шударга ярих ёстой биз дээ.

Хаана ч билээ ѳгсѳн нэгэн ярилцлагын үеэр, ханандаа хадсан тѳрийн тэргүүн олоон жил хийсэн нэг чухал хүний хѳрѳг зургийн дор байрлуулсан хэдэн ачийхаа зургийг хараад…энэ хэдийгээ санахаар би ч алийгаа алдчихдаг хүн…гээд гар нь чичигнэн, хоолой нь зангирахыг сонсоод ѳрнѳѳс нэг хэсэг юм хугараад уначих шиг болж билээ. Энэ ч онцгой чанар биш, учир нь энэ бол аль ч улс оронд байдаггүй монгол сайхан ѳвѳѳгийн үндэсний менталит чанар.  Монгол ѳвѳѳ болгон тийм л байдаг.

Гэхдээ л түүнд нэг онцгойрох чанар бий, тэр бол түүний мэдрэмж юм. Хор найруулаа л байцгаана, нэг суудалд суух нь л дээ… гэсэн, ёсоор болсон. Хамгийн дотно хүн чинь хожим бѳѳр лүү чинь хутга шаана даа… гэж Алтанхуягт хэлж байсан, бас л тийм юм болсон.  Ийм жишээ хэдэн арваар нь дурдаж болно. Түүнийг монголын Ванга болгох гээд ядаад байгаа юм биш л дээ, улс тѳрч хүнд тийм нэг сүрхий мэдрэмж байвал зүгээр ч юмуу даа л гэсэн юм. Тэдэн онд би тэгж хэлж байсан даа…гэж ирээ л ярих дуртай эр л дээ, тэхээр ѳѳрийхѳѳ тэр мэдрэмж чанарыг гадарладаг ч байж мэднэ.

Харин ѳршѳѳл гуйх гэсэн учир бол ѳѳр, би түүний хэлсэн гоё санаануудыг хулгайлчихдаг юм. Тѳрийн луйвар цагаандаа гарлаа… гэж бухимдан хэлж байснаас нь санаа аваад ТѲР ЦАГААНДАА ГАРАХ ЖОР НЬ БҮРДЖЭЭ, …энэ албан тушаал орлуулдаг заваан юмаа болиоч та нар…гэж хэлсэн санаагий нь гүйцээгээд ДҮГ СҮГ БОЛ ЗАСАГЛАЛЫН БУЛХАЙТАЙ ТОГЛООМ, …мэдлэгтэй хүн болж харагдах гэж зарим нь дэмий их ярих юм…гэсэн санааг нь ѳлгѳж аваад ҮГЭЭР ЧАМИРХАХ НЬ МЭДЛЭГГҮЙ БАЙГААГИЙН Л ШИНЖ зэрэг нийтлэлүүд, хамгийн сүүлд… монголд хамжлагын тѳр, эзэн боолын харилцаа тогтлоо…гэсэн санааг нь аваад боолын нийгмийн үеийн ТИМОКРАТ ТѲРИЙН ТУХАЙ нийтлэл  биччихсэн байгаа. Санаа ( идеа) хулгайлсныхаа тѳлѳѳ ямартай ч Нямдорж гуай минь намайг ѳршѳѳгѳѳрѳй! гээд хэлчихсэн нь дээр гэж бодсоноо гүйцээлээ. Гэхдээ, хулгай гээд шууд хэлэхэд ч бас ѳрѳѳсгѳл, Нямдорж гэсэн нэрийг голдуу л хавчуулж байгаа. Одоо ч гэсэн түүний хэлсэн санааг ѳлгѳж аваа л бичих гээд сууж байна л даа. Мэдрэмжтэй хүний санааг хулгайлаад бичдэс болгоод тавьчихад ер нь буруудах нь юун гэж мунхаглав.

Арилжааны банк таргалж, мэнгэт тураалд орж байна.

Эль нийтлэлийн анхны нэр бол энэ. Нямдорж уг нь ѳѳрийгѳѳ тураад байна ч гэж хэлээгүй л юм билээ л дээ. Арилжааны банкуудын зээлийн хүү ѳндѳр байгаа бусармаг үйлдэлд бухимдсан гишүүн…арилжааны банкууд нь таргалаад ард түмэн, бизнес эрхлэгчид нь тураад байна… энэ ѳндѳр хүүгээ бууруулахгүй юмуу…гэж л хэлснийг нь танхимд суусан бусад нь шоолж Нямдорж гуай туранхай байдгийн учир нь энээ гэцгээсэн юм байх.

Мэнгэт үнэн юм ярьж байна. Арилжааны банкны үндсэн үүрэг нь мѳнгѳ хүүлэх биш юм, эдийн засгийн бодит хууль хэмээгдсэн мѳнгѳний 5 функцыг ягштал мѳрдѳж, мѳнгийг аль болох түргэн эргүүлэхэд л байдаг хүчээ дайчлан ажиллахад байгаа юм. Тэр утгаар баялаг бүтээгч мѳн. Манай арилжааны хэдэн банк үнэндээ бол мѳлжлѳгийн институт болсоон. Тэд, зээлийн бага хүүтэй банк гаднаас орж ирэх үүдийг элдэв жорын хуйвалдаан хийж, үгсэж байгаад болиулчихсан, энэ бол факт. Тѳрийн банк, арилжааны банкуудын хооронд мѳнгѳний эргэлтийн эдийн засгийн бодит хуулийн шаардлагыг зѳрчсѳн ноцтой хуйвалдаан хийж далд харилцаа үүсгэдэг гол субьектүүд бол гарцаагүй  тэд. Ийм нѳхцѳлтэй тѳрийн банк оршин тогтнож байх шаардлага байхгүй. Энэ бүхэн улсад хоцрогдол, жирийн ард түмэнд хохирол болон очдог. Угаас банкны дебет, кредит талуудын хѳрѳнгѳ, хэрэглэгчдэд хүрэхдээ урвуугаар, орлого тал нь зарлага, зарлага тал нь орлого болон очдог санхүүгийн зүй тогтолтой. Тэхээр банкны орлогын хүү ѳндѳр байна гэдэг нь хэрэглэгчдийн зардал их байна гэсэн үг. Хэрэглэгч мэдээж ашгаасаа хүү тѳлж байгаа болохоор турах нь ойлгомжтой. Банкны харилцаа ѳндѳр хѳгжчихсѳн Австри, Швейцар зэрэг орнууд зээлжилтийн зэрэглэлийн системд орчихсон байдаг. Хүү ѳндѳртѳй банкуудаа хойрго банк (faulbank), заримдаа бүр ялзарсан банк (fдulebank) гэх нь ч бий. Банк хѳгжсѳн орнуудын ангиллаар, манай арилжааны хэдэн банкууд бол ялзрах нь бүү хэл ѳмхийрчихсѳн банкууд болж таарч байна. Тэд, хѳгжилтэй орнуудын банкуудтай харилцах ч нүүргүй гэсэн үг, ажил хийж чадахгүй лазангуудтай хэн түншлэхыг хүсэх вэ дээ, эргэж байх ёстой хѳрѳнгѳѳ царцаахын л нэмэр гэж тооцдог биз!

Арилжааны банкны хүү ѳндѳр байнаа гэдэг нь мѳнгѳ эргүүлж чадахгүй байнаа л гэсэн үг, ѳ.х. залхуу, зарцуу байдал. Энийг гаднаас нь хараад ойлгочихын тулд санхүүгийн мэдлэг хэрэггүй л дээ, тухайлвал сая тѳгрѳгийг, зээлийн 5%-ийн нѳхцѳлд ганц эргүүлэх, 2%-ийн зээлтэйгээр 3 удаа эргүүлэхийн аль нь ашигтай вэ л гэсэн утга. Эхнийх нь залхуу, удаагийх нь ажил хэрэгч банк гэсэн үг. Мѳнгийг түргэн эргүүлэхийн тулд хэрэглэгчидтэйгээ жинхэнэ соёлтой түншийн харилцаатай, татвар, санхүүгийн байгуулагуудтай органик холбоотой байх ёстой юм билээ. Банкны харилцаа ѳндѳр хѳгжчихсѳн оронд бизнес хийдэгтээ дулдуйдан 3-хан  жишээ хэлье.

Австрийн банкууд харилцагч нараа их урамшуулдаг. Жилд нэг удаа цайллаг хийнэ, чухал хүмүүстэй танилцах сайхан завшаантай уулзалт болдог юм билээ. Зээлээ урьдчилаад тѳлчихсѳн бизнесүүддээ гэрээ зѳрчсѳний торгууль биш урамшуулал ярина. Ухаандаа жилийн зээлийн хѳрѳнгийг 10 сард эргүүлчихнэ гэдэг нь аж ахуйдаа хугацаа хожих, банканд хѳрѳнгѳ чѳлѳѳлѳгдѳж, мѳнгѳний эргэлт түргэсэх аль аль талын ашиг болоод явчихдаг юм байна. Манайх болохоор жилийн үлдсэн хугацааны хүү гэсэн шүү маягийн жижиг зургаар хараад мѳнгѳний эргэлт хурдасгах гэсэн том зургий нь олж хардаггүй.

Ѳѳр нэг механизм. Жил бүрийн 11 сард аж ахуйнуудын дансны касс зүйл ангид байгаа мѳнгѳн хѳрѳнгийн 40%-ийг санхүүгийн байгууллага банкаар дамжуулан, ашиг орлогын албан татвар дээр нэмэгдүүлсэн татварын хэлбэрээр хураагаад авчихдаг. Энэ нь ашгийн чѳлѳѳт үлдэгдэл, хадгалалтад биш хуримтлалд, эсвэл мѳнгѳн хѳрѳнгийн эргэлтэд орон гүйж байх хуультай гэсэн товчхон тайлбартай. Татвар дарамт биш, ажил хийлгэх хѳшүүрэг болж байна гэсэн үг.

Бас нэг сонин практик байдаг юм. Жил бүрийн балансаар эргэлтийн хѳрѳнгѳ, ашиг орлого, татвар тѳлѳлт зэрэг үзүүлэлтээр perfekt ( немц хэлээр) байгууллагын жагсаалт гаргадаг. Тэр жагсаалтад байгаа фирмүд банкан дээр тодорхой хэмжээний disposaldo нээлгэх эрхтэй байдаг. Ухаандаа 100 мянгийн диспо эрхтэй фирм, данс улайсан ч гэсэн 100 мянгийн гүйлгээ чѳлѳѳтэй хийх эрхтэй байнаа л гэсэн үг. Нэг ёсондоо хүүгүй зээл шиг, гэхдээ зээл авах гэж элдэв цаас бүрдүүлэхгүй, банк руу ч явах шаардлаггүй, банк ухаалаг үйлчилгээ хийж байгаа хэлбэр. Диспо авчихсан фирмүүд нэр тѳрѳѳ бодоод, бас банкны итгэлийг алдахгүйн тулд байдаг нѳѳц, чадлаараа зүтгэж ажилладаг.

Диспогоо тѳлж чадаагүйгээс болоод амиа хорлочихсон тохиолдол ч гарсан, тийм ѳндѳр итгэл гэсэн үг. Ялангуяа жилд ганц нэг удаа томоор зардал гаргаад орлого нь аажмаар, тэхдээ найдвартай орж ирдэг жижиг фирмүүдэд диспо үйлчилгээ үнэхээр ашигтай байдаг юм байна. Бусад оронд ч диспосальдо үйлчилгээ байдаг, гэхдээ банк хѳгжчихсѳн орнуудын диспо хүүгүй, эсвэл ѳчүүхэн хүүтэй байдагт л тэр перфект фирм шалгаруулдгийн учир байгаа юм билээ. Ер нь банкны зүгээс жижиг, дунд бизнесийг дэмжих санхүүгийн хүчтэй механизм тогтвортой, байнга  үйлчлээд байгаа нь улс орны мѳнгѳний бодлого тогтвортой байхад гарцаагүй чухал тулгуур хүчин зүйл болдог бололтой юм билээ.

Анзаараад, санаа аваад оролдоод үзвэл голийтол таргалсан банкнууд, хѳдлѳѳд, ажил хийгээд жаахан ч гэсэн тураад авахад нэмэр болж мэдэх л юмдаа.

Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү


URL:

Сэтгэгдэл бичих