ТУЗ-ын хурал дээр онцгой байдал үүсэж, “РиоТинто”-гийн гүйцэтгэх захирал Монголд ирлээ
“Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирал Т.Албанез өнгөрсөн тав дахь өдөр Монголд иржээ. “Монголын Засгийн газрыг төлөөлж Оюутолгойн ТУЗ-д багтаж ажиллаж байгаа гурван гишүүний хоёр нь “Оюунтолгойд эзэмших хувь 6,8 болтлоо буурч байна” гэдэг асуудлыг гаргаж ирж тавьсан. Мөн “РиоТинто” компанийг төлөөлөн Оюутолгой төсөл дээр ажиллаж байгаа төлөөлөгч “Айвенхоу Майнз”-ын эрх ашгийг төлөө ажиллаж байна” гэдэг мэдээлэл тэдэнд очсон учраас Т.Албанез Монголд өөрийн биеэр ирж ажиллаж байгаа” хэмээн эх сурвалж өгүүлж байна. Өнгөрсөн долоо хоногт Оюутолгойн төлөөлөн удирдах зөвлөл хоёр өдөр хуралдсан. “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн, Ерөнхийлөгчийн ахлах зөвлөх П.Цагаан “Хувь нийлүүлэгчдийн гэрээний англи, монгол хоёр эхийг тулган үзээд давуу эрхийн хувьцаа арилжаалахад Монголын Төрийн өмчийн компани болох “Эрдэнэс MGL” үүрэг хүлээхгүй гэж тусгасан нь үнэн байна, “Гэрээний энэ заалт нь манайд ашиггүй, манай эзэмшлийн хувь хэмжээг бууруулна” гэж мэдэгдсэн нь хөрөнгө оруулагчдыг багагүй сандаргасан бололтой. Тиймээс энэ долоо хоногт ТУЗ-ын хурлыг дахин хуралдуулахаар шийдвэрлэжээ. Хувь нийлүүлэгчдийн гэрээ гэгчийн 4.6-д “ТУЗ-ийн хурлыг улиралд нэг удаа хуралдуулна. ТУЗ-ийн гурван гишүүний хүсэлтээр л олон удаа хуралдуулж болно. Гэхдээ онцгой байдал үүссэнээс бусад тохиолдолд хамгийн сүүлийн хурлаас хойш 30 хоногийн дотор дараагийн хурлыг хуралдуудахыг ТУЗ-ийн гурван гишүүн шаардах эрхгүй” гэсэн заалт бий. Гэвч энэ заалтыг үл хэрэгсэж, дахин хурал зарлаж байгаа учраас ТУЗ-ын хурал дээр онцгой байдал үүссэн гэдэг мэдээллийг хэн ч няцааж чадахгүй байна. Хөрөнгө оруулалтын болон Хувь нийлүүлэгчдийн гэрээгээр бол Монголын тал давуу эрхийн биш энгийн хувьцааны 34 хувийг л эзэмшиж байгаа аж. Компанийн хувьцааг энгийн ба давуу эрхийн гэж хоёр ангилдаг. “Оюу толгой” ХХК давуу эрхийн хувьцаагаа арилжаад эхлэхээр Монголын талын эзэмшиж байгаа 34 хувь нь буурч бидэнд ногдох ногдол ашиг багасна гэж Н.Батбаяр, П.Цагаан нар тооцоо хийчихээд байгаа. ТУЗ-ын хурал дээр энэ асуудлыг П.Цагаан, Д.Ганболд нар ярьж, хөрөнгө оруулагчдын төлөөлөгчидтэй нилээд ширүүхэн маргасан сурагтай. Тиймээс ч энэ асуудал Рио Тинто” компанийн гүйцэтгэх захирлыг Монголруу нисэхэд хүргэсэн бололтой.
Хөрөнгө оруулагч нарын халаа сэлгээ
Өнгөрсөн 10 дугаар сарын 18 буюу Айвенхоу Майнз Оюу Толгойн төслөө санхүүжүүлэх нэг тэрбум ам.доллар хүртэлх хөрөнгө босгох төлөвлөгөө зарласан өдөр Роберт Фрийдланд дахин тус компанийн гүйцэтгэх захирлаар томилогдсон. Тэрбээр 2006 он хүртэл тус компанийн гүйцэтгэх захирлын албыг 10 жил хашаад, түүнээс хойш удирдлагын хорооны даргын албыг гүйцэтгэсээр иржээ. Ажиглагчид энэ үйлдлийг санамсаргүй биш гэж үзэж байна. Монголыг гартаа оруулсан Роберт Фрийпланд хөрөнгө оруулагч “ Рио Тинто”-г бас л аргалах, тэднээс Оюутолгойг салгахын төлөө тэмцэж байгаа. Уг нь дээрх хоёр компани 2006 онд стратегийн түншлэлийн гэрээ байгуулсан билээ. Энэ гэрээгээр бол Рио Тинто, “Айвенхоу Майнз”-ын хамгийн том хувьцаа эзэмшигч болсон билээ. Одоогоор Рио Тинто Айвенхоугийн нийт хувьцаа эзэмшигчдийн хувьцааны ойролцоогоор 35 хувийг эзэмшиж байгаа. Хэрэв хувьцаа худалдаж авах баталгаагаа бүрэн хэрэгжүүлэх чадвал хувьцаагаа 44 хувь хүртэл ч өсгөх боломжтой гэнэ. Айвенхоу Майнз энэ оны тавдугаар сарын долоонд “Хувьцаа эзэмшигчийн эрхийн төлөвлөгөө”-гөө баталсан нь хоёр компанийн байгуулсан гэрээнд тусгагдсан “Рио Тинтогийн эрх ашгийг хөсөрдүүлсэн” гэж үзээд Рио Тинто энэ оны долдугаар сарын есөнд арбитраар асуудлыг шийдвэрлэхээр өргөдөл гаргасан. Энэ маргаан нэг тийш шийдэгдээгүй байхад “Айвенхоу Майнз” “Оюу Толгойн зэс-алтны төслөө санхүүжүүлэхийн тулд хувьцаа эзэмшигчиддээ хувьцаа худалдаж 800 саяаас нэг тэрбум ам.доллар босгоно” хэмээн нийтэд зарласан нь “Риотинто”-гийн удирдлагуудын дургүйг хүргээд байгаа. Оюу Толгой ХХК-ийн 66 хувийг Айвенхоу Майнз, 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Рио Тинто Оюу Толгойн төсөлд шууд бус эзэмшлийн сонирхолтой. Тэд Айвенхоу Майнзын хувьцаагаар дамжин Оюу Толгойг эзэмших эрхтэй. Гэхдээ Рио Тинто өөрийн хувьцаагаа шууд эзэмших хөрөнгөөр солих сонирхолоо илэрхийлж байжээ. “Айвенхоу Майнз”-ын бүхий л удирдлага Роберт Фрийдландын гарт төвлөрсөнд РиоТинто ч бас зүгээр суусангүй. Саяхан хуралдсан ТУЗ”ын хурал дээр “Оюу толгой” ХХК-ийн ерөнхий захирал Камерон Макрэйг томилох шийдвэрийг баталгаажуулав. Шинээр томилогдож байгаа захирал Камерон Макрэй 1986 оноос хойш “Рио Тинто” компанийн ган, зэс, нүүрс, алмааз болон үйлдвэрлэлийн эрдсийн салбаруудад голдуу дарга, даамлын албыг хашиж байжээ. “РиоТинто”-гийн удирдлагууд Роберт Фрийдландын эсрэг Камерон Макрэйг түлхлээ. Асар их баялаг, дэлхийн баячуудын анхаарлыг татаж байгаа Оюутолгой орд газрыг бид биш, гадныхан захиран зарцуулах нь нэгэнт тодорхой болов.
URL: