ХСҮТ-д 7 сая еврогийн үнэ бүхий шинэ тоног төхөөрөмж ирлээ

Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөлийн барилгыг ирэх онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа. Эмнэлгийн өргөтгөлд суурилуулах шинэ тоног төхөөрөмжүүд ирсэн байна. Хавдрыг эрт үед нь оношилж, эмчлэх сүүлийн үеийн технологи бүхий таван иж бүрэн аппарат, дагалдах хэрэгслүүд үүнд багтжээ.

Австри улсын Засгийн газраас олгосон 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг дэд бүтэц, боловсрол, эрүүл мэндийн салбарын томоохон төслүүдэд зарцуулж байгаа. Үүний долоон сая еврогоор Хавдар судлалын үндэсний төвд энэхүү тоног төхөөрөмжүүдийг авч байгаа аж.

Хавдар судлалын үндэсний төвийн өргөтгөл сүүлийн дөрвөн жил баригдаж байгаа. Барилга хурдан ашиглалтад орвол эдгээр тоног төхөөрөмжийг ажиллуулж, хүний амь аварч эхэлнэ. Барилгын ажил 70 хувьтай байгааг албаныхан хэлж байна.

Хууль сахиулагчдын шинэ эмнэлгийн тоног төхөөрөмжийг бид одоогоор 3 жил орчим хадгалж байгаа. Энэ эмнэлгийн тоног төхөөрөмжийг мөн л өргөтгөлийн барилга баригдаж ашиглалтад ортол агуулахад хадгалахаар болж байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих