УИХ-ын гишүүн Д.Арвин тусгай сургалттай сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав
Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин өнөөдөр /2015.10.23/ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох, нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах талаар холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдал болон тусгай хэрэгцээт сургууль, цэцэрлэгүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.
Тэрээр дэд ажлын хэсгийн гишүүдийн хамтаар харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар тусгай дунд сургуулийн удирдлагуудтай уулзаж, тулгамдаад буй асуудлуудын талаар ярилцан, эцэг, эхчүүдийн төлөөлөлтэй уулзав.
Бүрэн хараагүй буюу сул хараатай 95 хүүхэд суралцаж буй 116 дугаар сургууль Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болохыг захирал Э.Энхзул танилцуулгынхаа эхэнд дурдлаа. Үйл ажиллагааны цар хүрээ улсын хэмжээнд явагддаг ч Сүхбаатар дүүрэгт харьяалагддаг учраас ихээхэн хүндрэл үүсдэг болохыг олон жишээ дурдан танилцуулав.
Мөн тус сургуульд 27 багш, 31 ажилтан ажиллаж байгаа ч харааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах чиглэлээр мэргэших боломж байдаггүй аж. БСШУЯ-наас батлагдсан хөтөлбөрийг суралцагчдын онцлогт тохируулсан хөтөлбөрөөр сургалт явуулдаг байна. Сургуулийн дэргэдэх дотуур байранд 66 хүүхэд амьдардаг бөгөөд 50 хүүхэдтэй дотуур байрт 1 асрагч ажиллах журмын хүрээнд ажиллаж байгаа нь нэлээд хүндрэлтэй байдгийг хэлж байв. Дотуур байранд амьдардаг хүүхдүүдийн эмийн зардалд төсөвлөгдсөн мөнгө хүрэлцдэггүй болохыг мөн танилцуулсан.
Түүнчлэн харааны бэрхшээлтэй сурагчдын сургалтын гол хэрэглэгдэхүүн болох баррель цаасны нөөц 116 сургуульд өнөөдрийн байдлаар дууссан учир боломжит хувилбараар олшруулах байдлаар ажиллаж байгаа гэв. Мөн харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулсан ном, сурах бичиг байдаггүй, багш нар сургалтын материалуудаа гар аргаар хийж байгаа гэв. Сургалтын төсөвт нэг сурах бичгийг 8000 төгрөг хэмээн тусгадаг бол баррель үсэг бүхий 1 ном хэвлэх зардал нь зах зээл дээр 90.000-110.000 төгрөг байдаг байна. Тиймээс тусгай хэрэгцээний хэвлэх төхөөрөмж, эсвэл тусгай хэвлэх цех байгуулах асуудлыг нэн яаралтай шийдүүлэх хүсэлтэй байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Д.Арвинд танилцууллаа.
Харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургуулийн орчинд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага үүсээд байгааг мөн танилцуулав. Сургуулийн эргэн тойронд барилгын материалын худалдаа төвлөрсөнтэй холбоотойгоор олон эрсдэл үүсдэг. Мөн худалдаа эрхлэгч, иргэд сургуулийн хашаанд автомашинаа байрлуулдаг байдалд сургуулийн ажилтан, удирдлагын зүгээс ямар ч арга хэмжээ авч чадахгүй байгаа учраас туслалцаа хүсч байгаагаа захирал Э.Энхзул уламжилсан юм.
Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин, сургуулийн удирдлагуудад тулгамдаад буй асуудлуудаа оновчтой тодорхойлж, төсвийг боловсруулан Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлэх чиглэл өгөв. Мөн дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд дээрх асуудлуудыг шийдвэрлэх арга замын талаар судалгаа хийхийг үүрэг болголоо. Мөн дотуур байранд суралцагчдын эмийн төсвийг нэмэгдүүлэх, 116 дугаар сургуулийн харьяаллын асуудал, мөн харааны бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажиллах мэргэшсэн нарийн мэргэжлийн багшлах боловсон хүчнийг бодлогоор бэлтгэх зэрэг асуудлыг шийдэхэд Байнгын хороо анхаарал хандуулан ажиллах болно гэв. Цаашид холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд идэвх санаачилга гарган ажиллах шаардлагатайг мөн харааны бэрхшээлтэй 116 дугаар сургуулийн удирдлагуудад санууллаа.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох орчин, нөхцөл, сургуульд хамрагдалтын байдал, ерөнхий боловсролын тусгай хэрэгцээт сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцан санал, дүгнэлт гарган танилцуулах үүрэг бүхий Ажлын хэсгийн хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Арвин Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн тусгай 29 дүгээр сургууль болон цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын үйл ажиллагаатай танилцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
URL: