Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, шуурна
Ус цаг уур, орчны хүрээлэнгээс ихэнх нутгаар ойрын өдрүүдэд хүйтэрч, цасан шуурга шуурна хэмээн мэдэгдлээ.
ХХААЯ-наас энэ сарын 23-26-ныг хүртэл нутгийн ихэнх хэсгээр цас орох тул малчид, тариаланчид, өвлийн бэлтгэлээ сайтар базаахыг анхаарууллаа. Мөн Авто тээврийн үндэсний төвөөс амралтын өдрүүдэд онцын шаардлагагүй бол холын замд гарахгүй байхыг зөвлөв.
Энэ сарын 25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хагаст, 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд зүүн зүгийн нутгаар цас орох юм байна. Салхи 25-28-нд ихэнх нутгаар секундэд 12-14 метр, говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурах аж. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 3-8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.
URL: