Эрдэмтэн судлаачдын оролцоотойгоор их спортод илүү амжилт гаргах бололцоотой

ЭМСЯ, тус яамны харъяа БТСХТ-ийн Спортын эрдэм шинжилгээ, сургалтын хэлтэс Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн хамтран Үндэсний шигшээ багийн багш дасгалжуулагч, тамирчдад сургалт явууллаа. Рио-2016 зуны 30 дугаар олимп, паралимпийн 14 дүгээр наадмын өмнө эл сургалтыг хийж байгаагаараа онцлог. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан, доктор Н.Содномдорж “Тамирчдын хөдөлмөрийн үнэ цэнэ, биеийн тамир, спортын салбарын эрх зүй”, ЭМСЯ-ны НБТБХЦГ-ын мэргэжилтэн С.Мөнх-Эрдэнэ “Допинг”, БТСХТ-ийн ЭШСХ-ийн сэтгэлзүйн судлаач доктор Ш.Долгор “Үндэсний шигшээ багийн тамирчдын амжилтад анхаарлын нөлөө”, зурхайн ухааны доктор, профессор Ө.Хүрэлтогтох ”Тамирчдын биохэмнэл хронофизилогийн тооцоолол, махбодийн зурхайн зурлага”, НЭМХ-ийн хоол судлалын секоторын мэргэжилтэн Б.Түвшинбаяр “Тамирчдын хооллолт”, НЭМХ-ийн мэргэжилтэн “Үндэсний шигшээ багийн бие бялдрын бэлтгэлжилт” зэрэг  сэдвүүдээр Үндэсний шигшээ багийн тамирчдад сургалтыг өглөө.

Үндэсний шигшээ баг нийтдээ 17 спортын төрөлд үйл ажиллагаа явуулдаг. Тэдний тав нь олимпын эрх олгох дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, тэмцээний өмнөх бэлтгэлд аль хэдийнэ гарсан байна. Тиймээс энэ удаагийн сургалтаар нийтдээ Үндэсний шигшээ багийн спортын 12 төрлөөс нийт 50 орчим багш дасгалжуулагч, тамирчид хамрагдсан аж.

Монголын баг тамирчид аль хэдийнэ дэлхийд данслагдах болсон. Тамирчдын ур чадвар, өрсөлдөх чадвар зэрэг нь спортын тухайн төрөлд гаргаж буй амжилтаас харахад хангалттай байгаа юм. Гэвч өнөөгийн спортын дэлхий нийтийн чиг хандлагаас харахад дан ганц биеийн хүч, ур чадвараас шалтгаалахгүй нь нэгэнт тодорхой болоод байна. Харин илүү их мэдлэг, мэдээлэлтэй байх, сэтгэл зүйг дээд зэргээр төлөвшүүлэх, эрүүл зөв хооллох зэрэг нэмэлт хүчин зүйлсийг эрдэмтэн судлаачдын тусламжтайгаар амжилтын нэг хэсэг болгон төгөлдөршүүлэх нь зайлшгүй чухал болсон. Тиймээс энэ удаагийн сургалт Үндэсний шигшээ багийн тамирчдад үр өгөөжөө өгнө гэдгийг БТСХТ-ийн ЗСХХ-ийн дарга Ц.Баярсайхан онцолж байв.  Өөрөөр хэлбэл эрдэмтэн судлаачдын эрдэм шинжилгээний ажлын үр өгөөжийг тамирчдын дасгал сургуулилтын нэг хэсэг болгосноор монголын баг тамирчид Рио-2016 зуны 30 дугаар олимп, паралимпийн 14 дүгээр наадамд өндөр ажилт гаргах бүрэн боломжтой болох юм.


URL:

Сэтгэгдэл бичих