Хөвсгөл аймагт сураггүй болсон иргэнийг хайх ажиллагааг үргэлжлүүлж байна
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын Ёлт багийн “Эмтийн-Эх” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 15км-т/ айлын хуриманд очсон нутгийн иргэн Б /21 настай, эрэгтэй/ 2015.10.17-ны өдрийн 01:00 цагийн орчим согтуу гарч яваад сураггүй алга болсон тухай дуудлагыг 2015.10.21-ний өдрийн 10:56 цагт тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э аймгийн Онцгой байдлын газарт мэдэгдсэн.
Тус сумын Цагдаагийн хэсгийн 2 албан хаагч, 1 автомашин, орон нутгийн 43 иргэн, 2 автомашин, нийт 45 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул 22:05 цагт зогсоож, 2015.10.22-ны өдрийн 07:00 цагаас эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна.
Эрлийн баг ”Зөөлөн мод”, “Товог” уулуудыг самнаж дууссан, “Эмт”, “Хулст” нууруудад аймгийн Онцгой байдлын газартай хамтран эрлийн ажиллагааг явуулахаар шийдвэрлэж байгаа тухай мэдээг тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга Э 23:00 цагт мэдэгдсэн.
URL: