Байгаль эх хариугаа авч байна хүмүүс ээ

Сүүлийн үед газар хөдлөлтийн давтамж ихсэж байгаатай холбогдуулан олон улсын эрдэмтэд cap бүр чуулга уулзалт хийж олон зүйлийн талаар хэлэлцэж, байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдсанаас болж ийнхүү хүчтэй газар хөдлөлтүүд болж байгаа талаар www.earthquake.usgs.gov сайт мэдээлсэн.

Жишээ нь энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдөр Аргентин улсын Сантиаго Дэль Эстеро хотод өглөөний зургаан цагийн орчим 7.0 баллын хүчтэй газар хөдлөлт болж, хэдэн арван хүн бэртэж, гэмтсэн. Улмаар энэ оны нэгдүгээр сарын 2-ны өдөр Чилийн Темучо хотын ойролцоо 7.1 баллын газар хөдлөлт болж 500 гаруй хүн нас барж, 25 хүн сураггүй алга болж, 370 мянга гаруй байшин нурсан билээ. Тухайн үед Латин Америкийн газар хөдлөлт, шинжлэх ухааны салбарын эрдэмтэд яаралтай хуралдаж олон талын дүгнэлтүүдийг гаргасан байдаг. Жишээ нь, ойрын арав гаруй жилийн хугацаанд ийм хүчтэй газар хөдлөлт ойрхон давтамжтай болж байгаагүй. Сүүлийн үед зөвхөн Латин Америк тивд төдийгүй дэлхийд газар хөдлөлтийн давтамж ихсэж байгаа талаар ч асуудал хөндсөн юм.

Харин хэдхэн сарын дараа буюу гуравдугаар сарын 11-ний өдөр Японы зүүн эрэг дагуу 32 км зайтай 9.0 баллын хүчтэй газар хөдлөлт болж, 40.5 метрийн өндөртэй аймшигт цунами үүсч олон арван мянган япончуудыг гэр оронгүй болгож байсан. Энэ нь дэлхий дээр болж байсан хүчтэй газар хөдлөлтийн эхний тавд орсон үйл явдал болж билээ.

Улмаар Японы хэд хэдэн цөмийн реакторт дэлбэрэлт үүсч, цацрагт идэвхт бодис алдагдсан. Мөн ойролцоогоор 125 мянган байшин сүйдэж, 15 мянга 790 хүн нас барж, 5933 хүн шархдаж, 4056 хүн ор сураггүй алга болсон “Хар өдөр” япончуудад тохиосон. Өнөөдрийг хүртэл Японы Засгийн газар хүнд байдлаас гарч амжаагүй л явна.

Өнгөрсөн бямба гарагт Курилын арлуудад газар хөдөлсөн талаар ОХУ-ын “РИА Новости” агентлаг онцолсон. ОХУ-ын Сехалинск мужийн албаныхны мэдэгдэж буйгаар орон нутгийн цагаар 6.35 цагт 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болж улмаар хэд хэдэн удаа хүчтэй доргилт мэдрэгдсэн байна. Зарим судлаачид газар хөдлөлт Номхон далай талд болсон бөгөөд цунами болоогүй хэмээн мэдэгдсэн.

Бүтэн зуны турш нам жим байсан дэлхийн хөрс наймдугаар сараас эхлэн идэвхжиж эхэлсэн гэж хэлж болно. Учир нь наймдугаар сарын 23-ны өдөр АНУ-ын Виржиниа мужийн Пиедмонтын нутаг дэвсгэрийн Минерал тосгонд 5.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон. Азаар хүний амь үрэгдээгүй бөгөөд шил, толинд бэртсэн арав гаруй хүн эмнэлэгт очсон аж.

Мөн энэ cap дөнгөж гартал Ази тивийн Энэтхэг, Пакистан, Малайз, Тайланд, БНХАУ зэрэг орнуудад газар хөдлөлт идэвхжиж, ээлж дараалан хүчтэй аадар бороо орсон. Энэтхэгт л гэхэд хүчтэй бороо орсноос болж их хэмжээний усан тогтоц бий болж, томоохон хотуудыг үерт автуулаад байгаа. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Энэтхэгийн Шинэ Дэлид үерийн гамшгаас болж 26 хүн амиа алдаж, 12 хүн ор сураггүй алга болсон аж.

Мөн улсын хэмжээнд нийт 170 мянган хүн гэр оронгүй болсон бөгөөд түр орогнох байранд өдөр хоногийг өнгөрөөж байгаа талаар CNN агентлаг мэдээлсэн. Энэ сарын 6-ны өдрийн байдлаар дээрх тоо 788-аар өссөн талаар Энэтхэгийн Аюулгүйн албаны төлөөлөгч мэдэгдсэн билээ.

Энэ сарын 15-ны өдрийн байдлаар Пакистан улсад дөрвөн өдрийн аадар бороо орсны улмаас 5.5 сая хүн үерт автан гэр оронгүй болж, 233 хүн амь үрэгдсэн байна. Улмаар гэр оронгүй хүмүүс засмал зам дагуу майхан барьж амьдарч байгаа талаар CNN агентлагийн сурвалжлагч Ник Патон мэдээлсэн.

Тайланд улсад болж буй үерийн уршгаар өнгөрсөн амралтын өдрийн байдлаар 100 гаруй хүн амь үрэгдэж, олон сая хүн гэр оронгүй болсон талаар ИТАР-ТАСС агентлаг мэдээлж байсан удаатай. Тайландын нийслэл Бангкок хотын “Эзэн хааны шар мөрөн” урьд өмнө нь байгаагүй их хэмжээгээр үерлэж, хотын төв хэсэг рүү ус хальсан байна. Үерийн уршгаар тайландын иргэд арьсны өвчин, сэтгэцийн гүн хямрал, хатгаа зэрэг өвчнөөр 300 гаруй хүн эмнэлэгт хандсан талаар эх сурвалжууд дамжуулсан байна.

Тайландын аялал жуулчлалын гол хотуудын нэг болох Чиангмай хамгийн их хохирол амсаад байгаа аж. Хачирхалтай нь сүүлийн хоёр сард Тайландын газар нутгийн хойд хэсэгт борооны давтамж ихсэж байсан талаар шинжээчид нотолсон байна. Хохирлын хэмжээ ойрын 30 гаруй жилийн хугацаанд болж байгаагүй түвшинд хүрчээ.

Энэ бүх байгалийн гамшгийг НАСА ийнхүү тайлбарлаж байна. Тэд сүүлийн жилүүдэд газар хөдлөлтийн давтамж ихэссэнийг байгаль орчин, экологийн буруутай үйлдлээс болсон хэмээн тайлбарлажээ. Харин их хэмжээний усархаг бороотой холбоотойгоор “Японы зүүн эрэг орчим хүчтэй газар хөдлөлт болсонтой холбогдуулан дэлхийн өргөрөгт өөрчлөлт орсон тул ийнхүү байгалийн тэнцвэрт байдал алдагдаж, их хэмжээний аадар бороо орж байгаа” гэсэн тайлбарыг хийсэн байна.

Мөн удахгүй энэ сэдвийн талаар “National Geo” сувгаар баримтат кино хийж, илүү дэлгэрэнгүй тайлбарлан үзүүлэх аж. Зарим эрдэмтдийн үзэж буйгаар энэ бүх байгалийн хатуу ширүүн үзэгдэл, азотын хий цоорч байгаатай холбон тайлбарласан бол шашныхан арай өөр ойлголтыг хүмүүст тарааж эхэлсэн байна.

Христийн шашинтнууд “Эзний шүүлтийн өдөр”, Мусульман шашинтнууд “Аллахын эцсийн шийтгэл” гэх мэт янз бүрээр тодорхой хүрээнд тайлбарлах гэж оролдож байгаа нь сонирхолтой. Харин Латин Америк тивийн ихэнх орнууд эртний Маяачуудын зөгнөлийг арай бодит гэж үзэж байжээ. Эдгээр хачирхал төрүүлэм судалгааг Bloomberg сайтын сурвалжлагч Андреа Папуч өөрийн блог дээр нийтэлсэн байна.

Манай улсын хувьд ч газар хөдлөлтийн давтамж ихсэж байгаа талаар зарим судлаачид онцолсон билээ. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн сарын сүүлээр Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт 5.0 баллын хүчтэй газар хөдлөлт болсон талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байсан удаатай. Ямартай ч дэлхийн хөрс өөрчлөгдөж байгааг энэ оны газар хөдлөлтийн болон байгалийн нөхцөл байдал ийнхүү нотоллоо.

Б.Баатар


URL:

Сэтгэгдэл бичих