Төрийн нэр барин иргэдийн бизнесийг булааж авдаг жишиг тогтож байна
Хотын төвлөрлийг багасгаж, агаарын болон хөрсний бохирдлыг бууруулахын тулд ил задгай авто машины худалдаа эрхэлдэг захуудыг “Авто худалдааны цогцолбор” руу нүүлгэх асуудал яригдаад багагүй хугацаа өнгөрсөн. Уг ажлын хүрээнд нийслэлд зориулалтын бус газарт автомашин худалдаалж байгаа 22 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас аравдугаар сарын 1-ний дотор Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22-ын товчооны урд байрлах “Авто худалдааны цогцолбор”-т нүүлгэн шилжүүлэх ажлыг хийж дуусгасан байхыг үүрэг болгосон шаардах бичиг хүргүүлсэн. Гэвч одоог хүртэл нүүгээгүй байна.
Учир нь, ШӨХТГ-аас машины ченжүүдийг аравдугаар сарын 1-нээс өмнө одоо байгаа газраа чөлөөлж “Авто худалдааны цогцолбор” руу нүүхийг шаардсан албан шаардлага хүргүүлсэн нь хууль бус үйлдэл гэж үзсэн. Биднийг сурвалжлага хийгээд явж байхад, Нийслэл хотод оршин суудаг иргэд Техникийн захуудыг “Авто худалдааны цогцолбор” руу нүүлгэх ажлыг зөв хэмээн үзэж, дэмжиж байгаагаа дуу нэгтэйгээр илэрхийлж байсан юм. Харин Авто худалдааны бизнес эрхлэгчид төдийлөн дэмжихгүй байсан юм. Учир нь тэд СХД-ийн 32 дугаар хороонд шинээр байгуулагдаж буй Авто худалдааны цогцолбор, техникийн зах бүхий хотын баруун хэсгийг энэ төрлийн ажил, үйлчилгээ явуулахад тохиромжгүй гэж үзэж байгаа аж.
Тиймээс “Нийслэлийн автомашин, сэлбэгийн худалдаа бизнес эрхлэгч иргэдийн Үйлдвэрчний эвлэл” байгуулж УИХ, Нийслэлийн удирдлагаас гаргасан авто захуудыг нүүлгэн шилжүүлэх шийдвэрийг эсэргүүцэж, тайван жагсаал зохион байгуулахаар болсон аж.
Үүнтэй холбогдуулан, бид албаны хүмүүс болон автомашины худалдаа эрхлэгчид, худалдан авагчдын байр суурийг сонслоо.
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан: Техникийн захуудыг албадан нүүлгэх нь хууль бус
ШӨХТГ нь аж ахуйн нэгж байгууллагыг дэмжсэн, эс дэмжсэн байр суурь барьдаггүй. НИТХ-ын 2014 оны 29 дүгээр тогтоол хуульд нийцсэн эсэхэд, хуульд заасан чиг үүргийн дагуу хяналт шалгалт хийсэн. Хяналт, шалгалтаар 29 дүгээр тогтоол хуулийн үндэслэлгүй гэсэн ШӨХТГ-ын Улсын байцаагчийн дүгнэлт гарсан.
Өрсөлдөөний тухай хуулийн 13.2-т “Аль нэг байгууллагыг хуульд заасан үндэслэлгүйгээр зах зээлээс шахан гаргах, өрсөлдөөнийг хязгаарлах, аж ахуй эрхлэгчдэд давуу тал олгохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн. Ийм үйл ажиллагаа явуулахын тулд заавал хуульд заасан үндэслэл байх ёстой. Дахин хэлье. Энэ бол зөвхөн авто захуудын асуудал биш. Төрийн нэр барин, хуульд заагаагүй үндэслэлээр иргэдийн бизнесийг булааж авдаг жишиг тогтох нь. Цайны болон гутал засварын газрыг ашиглах зориулалтыг нь өөрчилсөн тушаал гарган шууд булааж авах хортой, бодит нөхцөл бүрдсэн байна. Нийслэлийн Засаг дарга болон НИТХ-ын Тэргүүлэгчдэд хуульд нийцсэн тогтоол, шийдвэр гаргаач гэсэн шаардлага тавьж байна. Нүүлгэж, шилжүүлж болно. Хамгийн гол нь хуульд нийцсэн тогтоол шийдвэрээр хэрэгжих ёстой. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2015 оны есдүгээр сарын 16-нд авто захуудад нүүх тухай албан шаардлага хүргүүлсэн. Ингэхдээ ямар хууль, дүрэм, стандартыг зөрчсөнийг заах ёстой гэдгийг бид шаардсан болохоос биш хэн нэгний талд орсон зүйл байхгүй. Эрх зүйт төрийн зарчмаар төрийн байгууллага болон аж ахуй эрхлэгчдэд хууль тэгш үйлчлэх ёстой.
МҮХАҮТ-ын дэргэдэх Захуудын зөвлөлийн дарга Ч.Амарбаатар: Хотын баруун, зүүн талд хоёр зах байхыг үгүйсгэхгүй
Хотын зүүн хэсгийн автомашины төвлөрлийг багасгах зорилтыг нийслэлийн удирдлагууд тавьсан байж. Гэтэл хотын баруун хэсэгт авто захтай болбол, автомашины хөдөлгөөн саарна. Учир нь баруун тийш чиглэсэн ганц замтай. Баруун тийш чиглэсэн ихэнх автомашин Энхтайваны өргөн чөлөөгөөр зорчино. Ийм учраас хотын баруун хэсэгт авто зах байгуулах нь замын хөдөлгөөний зохицуулалтын хувьд хамгийн буруу шийдэл юм. Гэтэл зүүн тийш чиглэсэн дөрвөн чиглэлийн зам бий. Аливаа шийдвэрийг гаргахад шинжлэх ухаанч, тооцоотой хандах ёстой. Газрын бохирдлын талаар мэргэжлийн хяналтын дүгнэлт гарч болно. Бодит амьдрал дээр учруулж буй бохирдол нь гэр хорооллын нэг айлын байгаль орчиныг бохирдуулахаас бага байх жишээтэй. Бүх юм харьцангуй. Бизнесийг ойлгож дэмжинэ гэдэг нь өнөө үед тулгамдсан асуудал болж байна. Төрийн нэр барьж, болохгүй, бүтэхгүй, хаана, бооно гэдэг өнцгөөс асуудалд хандаж болохгүй. Импортын гаалийн татварын тайланд дурдсанаар, автомашин болон сэлбэгийн татвар төлөлт нь нийт татвар төлөлтийн 70 хувийг эзэлдэг. Хамгийн гол асуудал бол энэ бизнесийг хаасны нөхөн төлбөрийг хэн төлөх вэ. Хотын захиргаа төлөх үү, Авто худалдааны цогцолбор хариуцах уу. Эсвэл улс төлөх үү. Төлөх мөнгө хаана, хэнд байна вэ. Асуудлыг захиргааны аргаар шийдвэрлэж болохгүй. Хотын баруун, зүүн талд хоёр зах байхыг үгүйсгэхгүй.
Авто худалдааны бизнес эрхлэгчдийн байр суурь:
Ц.Саруул: Бид тэнд очиж эрүүл мэндээ хохироохыг хүсэхгүй байна
“Авто худалдааны цогцолбор” Олон улсын жишигт нийцсэн гэж худлаа. Цэвэрлэх байгууламжийн цэвдэг болсон газрын нээлтэд очоод 20 минут болчхоод буцахад бүх хувцас, үснээс өтгөн үнэртэж байна. Тэгвэл өдөржин тэнд зогсож байгаа наймаачид, үйлчлүүлэхээр очиж байгаа үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд яах вэ? Энэ бол Мэргэжлийн хяналтаар батлуулах нь байтугай нүдэн дээр ил харагдаж, үнэртэж, мэдрэгдэж байна. Хоёрдугаарт, орчин үеийн авто зогсоолтой гэж худлаа. Бид нарын одоо зогсож байгаа газраас юугаараа ч ялгарахгүй. Учир нь 130 га талбайн 20 га талбайд нь л аспальт дэвсээд, цагаан зураас татсанаас өөр зүйлгүй. Бид гаднах талбайгаас гаднах талбай руу л нүүх болно. Дөрвөн сая төгрөгөөр эрүүл мэндээ хохироож, нэгэнт тогтчихсон бизнесээ алдаж, 18 ам.метр бүхий газар худалдан авахыг хүсэхгүй байна.
Ц.Цэндсүрэн: Биднийг төрийн өмнөөс тэрсэлдээд байгаа мэтээр ярьж байна
Улс мөнгө зараад тодорхой хэмжээнд бүтээн байгуулалт нэгэнт хийчихсэн. Бид энэ ажлыг үгүйсгэж байгаа юм биш. Хамгийн гол нь, нийслэл тэллээ гээд энд байгаа бүх газрыг баруун тал руу төвлөрүүлэх юм бол эсрэгээрээ замын түгжрэл зэргээс шалтгаалаад олон асуудал үүснэ. үнэндээ иргэд харахдаа шал өөрөөр харж байна л даа. Тэд “Хотын удирдлагууд ийм сайхан бүтээн байгуулалтын ажлыг хийчхээд байхад биднийг өөрсдийнхөө эрх ашгийг бодоод нүүхгүй эсэргүүцээд байна” гэж ойлгодог. Нэг үгээр хэлбэл, биднийг төрийн өмнөөс тэрсэлдээд байгаа мэтээр ярьж байна. Гэтэл бодит байдал шал өөр, эсрэгээрээ байгааг л ойлгох хэрэгтэй. Энэ газарт бизнес эрхэлж, амьжиргаагаа залгуулдаг олон хүн бүгдээрээ нүүгээд очих юм бол хотын баруун захын даац ямар болохыг хэн ч мэдэхгүй байна. Түүнчлэн тухайн газар нь доороо цэвдэгтэй болохоор бизнесийн орчин бүрдүүлэх ямар ч боломжгүй. Жишээлбэл, “Да Хүрээ” зах шиг аятайхан юм бариад бизнесийнхээ үйл ажиллагааг үргэлжүүлэх гэхээр газар зүйн хувьд боломжгүй байгаа юм. үнэнийг хэлэхэд, үнэхээр л тэгж гаднын орнуудыг дуурайж хөгжих гээд байгаа бол нийслэл нь хэзээ ч ганц захтай байдаггүй. Хэд, хэдэн зах барьж байж түгжрэл чинь жинхэнэ утгаараа багасна. Хэрвээ хэдэн жилийн дараа тэр тал илүү их хөгжиж, иргэд олноор үйлчлүүлж байх юм бол аяндаа энэ хүмүүс хүссэн, хүсээгүй очно. Бизнесээ дагаад, хоолоо олж идэхийн тулд очих л болно шүү дээ.
“Да хүрээ” захын худалдан авагч:
Т.Алтанабагана: Захуудыг нүүлгэхийг дэмжиж байна
-Энэ бодлогыг дэмжиж байна. Хотын ачаалал багасаад түгжрэх нь ч бага болно шүү дээ. Машин авах хүсэлтэй хүмүүс нь зорьж очоод, сонголтоо хийсэн нь илүү дээр. Тэгээд ч нэг газраа төвлөрвөл худалдан авагчдад сонголт ихтэй болно. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудад ч яг ийм аргаар замын ачааллаа багасгадаг. Тиймээс манай улс ч гэсэн энэ бодлогыг хэрэгжүүлэх нь болохгүй гэх зүйлгүй гэж бодож байна.
“Да хүрээ” захын ойролцоо амьдардаг иргэн:
Б.Баттулга: “Да хүрээ” захаас болж орой харих үед зам түгжрээд хүндрэлтэй байдаг
-”Да хүрээ” захаас болж орой ажлаа тараад гэртээ харихад хэцүү байдаг. Хэдэн цаг түгжирч байж гэртээ харина. Манай гэр Да хүрээ захын хажууханд байдаг. Хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь аваад харих замд ачаалал нь эхэлдэг. Нөгөө худалдаачид нь ажлаасаа буух үе, худалдан авагч нар нь захаас гарах үе бүгд зэрэгцдэг учраас тэр. Машины сэлбэгийг ч гэсэн нэг дор байлгасан нь дээр. Нэг сэлбэг авах гэж хотыг бүтэн тойрох хэрэг гардаг. Авто плазад ирээд байхгүй бол өгөөмөр орно. Бас байхгүй бол Шархад орно гээд энэ тэрүүгээр их явна. Харин нэг газраа төвлөрчихвөл ийш тийшээ явахгүй амар санагдаж байгаа.
Т.Болормаа
Zaluu.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
nuulgej neg gazart tuvluruuleh ny mash zuv.yun jagshaal ve hiih ajilgui humuusiin hiideg zuil dee.