Уурхайчид эх орондоо “Ажиллах хүчний наймаа”нд өртлөө

Тавантолгойн нүүрсний ордын Цанхийн зүүн уурхайд олборлолт явуулж байсан ‘TTJVCo” компанийн үйл ажиллагааг “Эрдэнэс Тавантолгой” төрийн өмчит компани өөрийн санаачилгаар зогсоож, гэрээгээ шинэчлэх шийдвэр гарсан нь өнгөрсөн оны наймдугаар сарa болсон явдал юм. Түүнээс хойш “Эрдэнэс-Тавантолгой” ажилчдаа сул зогсоож, цалингийнх нь 60 хувийг олгож байжээ.
Энэ хугацаанд гэрээт олборлогч “TTJVCo” ийн хувьцааг 100 хувь эзэмшдэг “Five Hills” компанийг Хятадын компанид худалдсан нь Австралийн хөрөнгийн биржийн сайтад тавигдсаныг манайхан мэдсэн байна. Энэ нь дээрх компаниудын “толгой” болох “Макмахон”-ы хийсэн ажил бөгөөд Монголын тал олборлолтоо үргэлжлүүлэх, ажилчдаа удаан хугацаанд сул зогсоож “тэжээхгүйн” тулд “TTJVCo” д эзэн суусан хятадуудтай гэрээ хэлэлцээ эхлүүлэхээс аргагүй байдалд оржээ.
Ингээд энэ оны наймдугаар сараас “Эрдэнэс Тавантолгой” компанийн “эцэг” “Эрдэнэс Монгол”-ын дэд захирлаар ахлуулсан ажлын хэсэг, дээрх Хятадын компанитай гэрээ байгуулах хэлэлцээрийг эхэлсэн байна. Хэлэлцээр эхлэхийн өмнө “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-өөс Цанхийн баруун уурхайд олборлолт явуулдаг “Монгол уурхайчин” нэгдэлтэй байгуулсан гэрээний нөхцөлд илүү ойртуулахыг ажлын хэсэгт үүрэгджээ.
Энэ тухай “Эрдэнэс-Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбилэг мэдээлсэн юм. “Монгол уурхайчин” нэгдэлд үндэсний опөратор компаниуд багтдаг бөгөөд нэг тонн хүдэр олборлоход 22.5 ам.долларын зардал гаргадаг байна. Үүгээр баримжаалан “Эрдэнэс-Тавантолгой” зардлаа 23.0 ам.доллар байхаар Хятадын компанитай тохиролцсон нь сайн хэрэг. Өмнө нь тэд нэг тонн хүдэр олборлоход 46.6 ам.долларын зардал гаргадаг байсан гэж Санхүү хариуцсан дэд захирал Ч.Жигжид мэдэгдэж байлаа.
Гэвч “TTJVCo” компанитай байгуулсан гэрээнд хамгийн гол капитал болох боловсон хүчин, уурхайчдын асуудалд дэндүү гоомой хандсан бололтой. “Эрдэнэс -Тавантолгой” нийт 600 гаруй ажилтан, ажилчинтай юм байна. Тэдний 200 гаруй нь найман сар сул зогсохдоо цалингийнхаа 60 хувийг л гар дээрээ авч, “TTJVCo” д гэрээгээр ажиллаж байсан уурхайчид.
Шинэ гэрээнд тусгаснаар эдгээр ажилчдыг “бэлэн”-ээр дараагийн компанийн эздэд шилжүүлж байгаа юм. Гэхдээ 12 сарын хугацаанд ажлаар хангаж, ямар нэг алдаа доголдол гаргасан тохиолдолд “өчиггүй’’-гээр ажлаас халах хатуу болзолтойгоор шинэ эзэд нь хүлээж авахаар гэрээнд заасан байна. Түүнээс цааш буюу нэг жилийн дараа тэдний хувь заяа, ажил амьдрал хааш эргэхийг хэн ч хариуцахгүй болж байгаа гэнэ.
Ийм л учраас мэргэжлээрээ 5-35 жил ажилласан өрмийн машинч, жолооч, операторууд эсэргүүцлээ илэрхийлж, баталгаагүй ажлын байранд очихгүй гэдгээ мэдэгдээд байна. Нөгөө талаар дээрх гэрээнд олборлогчийн үүрэг гүйцэтгэж байгаа Хятадын комлани өөрийн мэдлээр Цанхийн зүүн уурхайд дахин олборлогч компани оруулах, туслан гүйцэтгэгч авах эрхтэй гэсэн заалт орсон гэж “Эрдэнэс-Тавантолгой”-н ажилчид ярьж байлаа.
Харин хоёр талын гэрээ байгуулах хэлэлцээрт эхнээс нь оролцсон тус компанийн гүйцэтгэх захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Батбилэг “TTJVCo” компанийн хуучин эздийн үйл ажиллагааг зогсоож, шинэ эзэмшигчидтэй хэлэлцээр хийх, асуудлыг “Улс төрийн шийдвэр байсан” гэж батлан хэлж байсан юм. Тэгэхээр энэ нь нэлээд дээрээс нясалсан чулуу болох нь тодорхой бөгөөд үүнд “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ажилчдын хэлсэнчлэн “ажиллах хүчний наймаа’’-нд ажилчид хохирох ёсгүй баймаар. Гэвч “Эрдэнэс-Тавантолгой” компанийн удирдлага Хятадын компанитай хийсэн гэрээгээ эргэж татахгүй гэдгээ мэдэгдэж, “Харин ч эдийн засаг хүнд байгаа өнөөгийн нөхцөлд боломжийн “наймаа хийсэн” гэж тайлбарлаж байлаа.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж:”Монголын үнэн” сонин

URL:

Сэтгэгдэл бичих