Гар утсаа өгч байгаа ээж, аав бол хүүхдийнхээ дайсан нь
Нүдээ байнга анивчаад байгаа гурван настай хүүгээ хүүхдийн мэдрэлийн эмчид үзүүлтэл “мэдрэлийн архаг эмгэг” гэж оношлов. Шалтгаан нь мэдээж гар утас, компьютер. Сүүлийн үед бага насны хүүхэд олон цагаар гар утсаар тоглоом тоглож, хүүхэлдэйн кино үздэг болсон.
Тиймээс “мэдрэлийн архаг эмгэг” гэгч айхавтар өвчин бидний бяцхан хүүхдүүдийн дунд газар авчээ. Өвчний эхний буюу хөнгөн үед хүүхэд нүдээ цавчих зэрэг ямар нэгэн тогтмол хөдөлгөөн хийдэг байна.
Харин хүндэрвэл амаа ангалзуулах, мөрөө хавчиж толгойгоо хаялахаас гадна хамар, амаа мурилзуулж, хоолойгоо байнга засах зэрэг хүнд хөдөлгөөн хийж эхэлдэг ажээ. Ер ийм төрлийн шинж тэмдэг нэг жилээс дээш хугацаагаар үргэлжилбэл архагшсан хэлбэр гэж үздэг.
Эрэгтэй хүүхэд голчлон өвддөгийн зэрэгцээ амархан хүндэрдэг юм байна. Уг нь өвчин илэрдэг оргил нас нь8-10 боловч сүүлийн үед бага насанд тохиолдох нь их болжээ. Хүүхдийн оюун ухаан, сэтгэхүй нь хэвийн боловч сургуульд орохоор хичээлдээ мууддаг.
Энэ нь янз бүрийн хөдөлгөөн хийгээд байгаа хүний анхаарал төвлөрдөггүйтэй холбоотой. Тогтвортой сууж чадахаа больж, байнгын хөдөлгөөнтэй болдог учраас амархан ядарна. Нэмээд хоолойны өвчин, шимэгч хорхой, шүдний өвчлөлтэй бол олон дахин сэдрэх магадлал өндөр.
Намар, өвөл “зоолттой” сэдэрдэг, гар утас телевиз гээд соронзон долгион ялгаруулдаг төхөөрөмж хамгийн гол“дайсан” гэдгийг эмч тайлбарлав. Одоогоор Монголд байтугай дэлхийд үүнийг эмээр эмчилдэг эмч төрөөгүй байгаа гэж “айлгав”.
Үнэндээ ийм аймшигт өвчнөөр эцэг, эхчүүд бид өөрсдөө хүүхдээ өвчлүүлж байгаа нь хамгийн эмзэглүүштэй. Хүүхдээ уйлуулахгүйн тулд гар утсаа гаргаад өгчихдөг. Үнэндээ хүүхэд хэчнээн уйлаад ч мэдрэлийн архаг эмгэгтэй болно гэж үү дээ. Ийнхүү амаа барьж, харамсаад баршгүй.
Ниргэсэн хойно хашгирав гэгч болохгүйн тулд аав, ээжүүд минь хүүхдээ утсаараа битгий тоглуулаарай, гуйя. Та гар утсаа хүүхдэдээ бариулж байгаа л бол хүүхдийнхээ эрүүл мэндэд дайсагнаж байгаа гэдгийг эрт ухааарвал над шиг ингэж амаа барихгүй нь лав. Эрүүл хүүхдээ өөрсдөө өвчлүүлчихээд эмнэлгийн ачаалал, эмчийн удааныг гайхаад ч яах юм бэ.
М.Мөрөн
URL: