Ц.Тамир: “Жангар”-ын туулийг каллиграфт буулгасан
Дизайнер, зураач, уран бичээч Ц.Тамир “Туульс” хэмээх бие даасан үзэсгэлэнгээ Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхимд дэлгэлээ. Энэ нь түүний хувьд бие даасан анхны үзэсгэлэн аж. Тэрбээр үзэсгэлэндээ туульсын эрч хүчийг шингээхийг зорьжээ.
Энэ удаагийн үзэсгэлэнд түүний каллиграф болон баримлын шинэхэн бүтээлүүдийг дэлгэсэн байна. Ц.Тамирыг зураач, барималч, сийлбэрч, дизайнер, каллиграфч зэрэг олон цол гуншин дагалдана. Уран бүтээлч Ц.Тамирыг каллиграфт дурлуулсан хүн бол түүний аав аж.
Тэрбээр дөрөвдүгээр ангиасаа монгол бичгийн чадвартай багш ааваараа босоо бичиг заалгаж байжээ. 1997 онд “Ил товчоо” сониноос зарладаг уламжлалт уралдаанд анх удаа тусгай байр эзэлсэндээ урамшин өнөөг хүртэл каллиграфаар тасралтгүй хичээллэж дотоод, гадаадын уралдаан тэмцээн үзэсгэлэнд бүтээлээрээ оролцсоор байгаа залуу уран бүтээлч юм. Залуу уран бүтээлч Ц.Тамиртай цөөн хором ярилцлаа.
-“Туульс” үзэсгэлэнд зориулсан бүтээлүүдээ хэрхэн бүтээсэн бэ?
-Уран бүтээлч хүн бол эрэл хайгуул хийж, байнга шинэчлэгдэж байх ёстой гэж би үздэг. Каллиграфийг ч гэсэн заавал нэг хэвшмэл жаазтай биш өөр шинэлэг байдлаар л хийхийг зорьдог. Уран бүтээл нэг хэв шинжтэй байвал улиг болно. “Туульс” үзэсгэлэн домог болсон зүйлийг давтахыг хүссэнгүй. “Монголын нууц товчоо”, “Жангар”, “Оюунтүлхүүр” зэрэг эртний уран зохиол, их хааны сэдэвтэй цөөнгүй бүтээл туурвиж байлаа.
-Каллиграфийг та хэзээнээс сонирхон суралцаж байна вэ? -Монгол үндэсний бичиг үсэгтэй холбогдсон нь аавтай минь шууд холбоотой. Аав минь социализмын үед дунд сургуулийн орос хэлний багш байсан бөгөөд өдрийн тэмдэглэл төлөвлөгөөгөө монгол бичгээр маш сайхан хөтөлдөг байсан юм. Энэ явдал нь миний бага насны төлөвшилд их нөлөөлсөн гэж боддог. 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш дунд сургуульд аав маань монгол бичгийн хичээл зааж байсан нь уран бичээч, зураач болох замд хөтөлсөн.
-Уран бүтээлдээ юуг тусгахыг зорьдог вэ?
-Бүтээлүүддээ үндэсний түүх, бичиг соёл, уран зохиол, хүлэг морьдоороо бахархсан сэдэвтэй, хуваалттай, налалттай, тэгш өнцөгт бус хэлбэрийг сонгон монгол бичгийг абстракт болон орчин үеийн урлагийн төрлөөр баяжуулахыг зорьдог. Энэ зорилго зорилтоо биелүүлэхэд Д.Баттөмөр тэргүүтэй“Монголын орчин үеийн каллиграфчдын холбоо”-ны уран бүтээлчид их нөлөө үзүүлдэг.
Г.Нямсүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: