Дорнод аймагт 2015 оны эхний 9 сарын байдлаар 48 түймэр гарчээ

Монгол Улсын хамгийн зүүн хязгаар нутаг Дорнод аймагт, ялангуяа ОХУ-тай хил залгаа оршдог сумдад сүүлийн жилүүдэд хил дамнасан гал түймэр нэлээд гарах болж орон нутгийн болон улсын эдийн засагт багагүй хохирол учруулах болсон билээ.

Энэ тухай тодруулж Дорнод аймгийн Онцгой байдлын хэлтсийн Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч Ш.Ганбаттай ярилцсан юм.

-Дорнод аймгийн байгалийн гамшгийн сүүлийн үеийн байдлаас болон  түймэртэй хэрхэн тэмцэж буй талаар танилцуулна уу?

-Түймэр гаралт буурахгүй, сүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. Хил дамнасан түймэрт ОХУ-тай  Баян-Уул, Баяндун, Чулуунхороот сум өртөөд байна. Жил жилийн судалгаанаас харвал Матад, Халхгол суманд түймэр их гардаг.

-Гал түймэр гарах үндсэн шалтгаан нь юу байна вэ?

-Ер нь тухайн цаг үеийн байдлаас шалтгаалж түймэр гаралт  өөр өөр байдаг. Хаврын улирал буюу аянгын улирлаас өмнө гарсан түймэр /4 дүгээр сарын 15-наас өмнө/ голдуу ард иргэдийн буруутай үйл ажиллагаа, хүний оролцоотой, хариуцлагагүй байдлаас шалтгаалдаг. Түймэр гарах гол шалтгаан нь өвс өндөр ургасан замгүй газраар тээврийн хэрэгслээр зорчихдоо автомашины доод эд ангид хавчуулагдсан өвс хөдөлгүүрийг халааж, яндангаас оч унаж гал түймэр их гарч байна. Мөн ил задгай гал, үнс, нурамнаас болон тамхиа унтраахгүй хаяснаас болж түймэр гарах нь бий. Байгалийн гаралтай түймэр нь аянга цахилгаанаас үүдэлтэй байдаг. Энэ нь голдуу  6-8 дугаар сард зонхилон тохиолддог. Мөн бороо орж байгаа нөхцөлд ч түр зуурын шиврээ борооны дараа үүлнээс аянга бууж үүл замхран одож гал түймэр гардаг. Матад, Халх гол суманд гарсан түймрийн 80 хувь нь аянгнаас үүдэлтэй түймэр байсан.

-Энэ жилийн хувьд түймрийн гаралт хэр их байгаа бол?

-Энэ оны нэгдүгээр сарын нэгнээс хойш 10 дугаар сар хүртэл 48 удаа түймэр гарсан. ОХУ-аас орж ирээд  Баян-уул сумын Дарьхан, Дэгэн жигэн хэмээх газарт тархсан ой хээрийн болон бэлчээрийн түймрээс их хохирол амссан. Мөн ОХУ-аас Чулуунхороот сумын нутаг дэвсгэрт  орж ирсэн түймэр, Булган сумын тариа бригадаас гарсан түймэрт айлын хашаа хороо, мал, бэлчээр өртсөн.

-Ер нь аль улиралд хамгийн их түймэр гарч байна вэ?

-Хаврын улиралд түймэр нэлээд гардаг. Өвөл ч ялгаагүй цас ууршиж газар хатаж гал гарах тохиолдол бишгүй гардаг. Намар, зуны улиралд өвс болон газарт чийг сайн хуримтлагдсан учраас түймэр гарах магадлал буурдаг. Гэхдээ намрын түймрийн хохирол их байдаг юм шүү . Учир нь өвөл мал идэх өвсийг шатааж орхидог. Иймд малчдад маш хүндээр тусдаг.

-Дорнод аймагт тал хээрийн түймэр зонхилдог байх шүү?

-Тиймээ, аймгийн нутаг дэвсгэрийн 90 хувь нь тал хээрийн бүс байдаг учраас тал хээрийн түймэр зонхилдог. Харин манай нутгийн жаахан ой энэ жил нэлээн түймэрт авчихлаа. Тухайлбал, Баян-Уул сумын нутагт орж ирсэн түймэр нь ойн сангийн нэлээд хувийг шатаасан.

-Шатсан ой, хээр тал байгалийн жамаар нөхөгдөх боломж бий юу?

-Тал хээр нөхөн сэргээгдэх боломжтой. Харин ойн хувьд бараг нөхөгдөхгүй байх магадлал өндөр.

-Энэ жилийн хувьд хүний амь эрсдсэн тохиолдол бий юу?

-Гал түймэрт амь үрэгдсэн хүн байхгүй. Харин хашаа хороо, гэр орноо галаас хамгаалж байгаад бага зэрэг түлэгдсэн тохиолдол бий. Түймрийн аюулд 400 орчим тоо толгой мал шатсан.

-Аймгийн Онцгой байдлын албаны машин, техникийн хүрэлцээ ямар байгаа бол?

-Сүүлийн жилүүдэд машин техник, багаж хэрэгслээр хангах асуудалд төрөөс нэлээд анхаарсаны үр дүнд харьцангуй сайн болж байна. Аймгийн хэмжээнд олон суманд зэрэг гал түймэр гарахад хүн хүч их дутдаг.

-Онцгой байдлын албанд ажилд ороход ямар шалгуур тавьдаг вэ, цалин хангамж нь хэр байдаг юм бол?

-Манай албанд цэргийн алба хаасан, эрүүл чийрэг бие бялдартай 18-25 насны залуусыг сонгон шалгаруулж авдаг. Цалингийн хувьд шинээр орж байгаа ажилтан 500-600 мянган төгрөгийн цалин авдаг.

Д.Өлзий

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг


URL:

Сэтгэгдэл бичих