Шалбааг /Өгүүллэг/
-Өвөө намайг эргээд иртэл алзахгүй биз дээ. Хүү нь гараад удахгүй ирнэ ээ. Гэхдээ удаж ч магадгүй. Удвал та над руу залгаарай.
Өнөөдөр би урьд урьдаас илүү баяртай, өвөөдөө бүр хайр хүрээд байна. Яагаад ч юм би өвөөгөөрөө овоглодог. Аав ээж хоёроосоо энэ тухай асууж ч байсангүй. Мэдээ орсон цагаасаа энэ л хүнхэр өвгөний амттай бүхнийх нь хоймор сууж, энэ л хөх өвгөнөөр хайрлуулж ирсэн болохоор би харин ч өвөөгөөрөө овоглодогтоо баяртай байдаг юм. Харсаар байтал намайг гэж амиа тавих хүн нь ээж биш ганц энэ хүн байсан юм чинь. Амиа тавьдаг зээ хүү нь их сургуулийн 3-р курсын оюутан болчихлоо. Энэ дайны сайн сурч, төлбөр мөнгөө хугацаанд нь өгч, өмсөж зүүхээр дутахгүй яваа минь ч өвөөгийн маань хүч. Сүүлийн хэдэн сар тэнхээрхээд хэвтрийн болчихоод байгаа өвөөгөө орхиж гарах гэж байгаадаа хэт хөөрцөглөөд л баярлаад байгааг өвөө мэдсэн үү яасан мэдэхгүй.
-Хүн жаахан юман дээр тар нь танигддаг юм шүү, миний хүү. Хүнээ олж нөхөрлөж, хүнээ олж ханилаарай. Өвөө нь одоо юу удах вэ. Хүүгээ эхнэр авахыг үзэхгүй байж ч магадгүй. Ээж чинь чамайг улаан нялзрай юм өвөөгийнх нь өвөрт орхиод сургуульдаа явж билээ. Ийм том эр хүн болчих гэж. Хурдан юм аа. Миний хүү өвөөгийнхөө урмыг хугалаагүй ээ. Сайн хүн болсон. Одоо үед хүн чанартай, сайхан сэтгэлтэй хүн л хүний хань болно шүү.
Нэг л өөр өнгөөр нухацтай нь аргагүй хэлээд байгаа өвөөгөө хараад би бүр гайхаж гарав. “Үгүй энэ өвөөд ер нь мэдэхгүй юм байхад яадаг байна аа. Намайг найз охинтой болж байгааг мэдчихэж. Нээрээ би найз охиноо өвөөдөө танилцуулах юм байна шүү. Өвөө дотроо ганцаараа үлдэж байгаадаа дургүй л байгаа юм байна. За яах вэ өвөө минь. Жаахан тэвччихвэл хүү нь эхнэр авч өвөөдөө ачийнх нь ачийг тэврүүлэх юм чинь.”
Би иймэрхүү юм бодож дотроо мушийгаад, өвөөгийнхөө духан дээр үнсээд гадагш гарлаа. Жил гаран мессеж бичиж, интернетээр харилцаж байгаа ч би түүндээ нэлээн дасч. Гэвч уулзаж нэг л зүрхлэхгүй байсан юм. Уулзахыг нэг их яаралгүй сайн таньж байгаад болъё гэж боддог байлаа. Харин үнэхээр хайртай юм шиг байна. Ямар сайндаа уулзъя гэж дуудахаар нь өвөөгөө ганцааранг нь орхиод явах гэж байхав дээ.
Гадаа нэг л гоё, бороо ч орох гэж байгаа юм шиг. Чийг үнэртээд л. За байз би чинь нээрээ автобусанд сууна шүү дээ. Сургууль гэр хоёр ойрхон. Нийтийн унаанд төдийлөн суудаггүй болохоор би автобусанд жаахан будлиу. Нэг юмнаас барьж амжаагүй байхад огцом хөдөлж, уначих гээд л. Мөнгөө гаргаж өгөх гэхээр гуйваад л элгийг нь авна. Нийтийн унаанд суухдаа би ганц л юманд кайф авдаг. Суудал тавьж өгөх. Өвөө шигээ хүн ороод ирэхээр нь ухасхийн босоод л “ Өвөө, та ийшээ суу” гээд л. Эсвэл эмээ нар, эгчмэд хүмүүс гээд ер нь хэнд ч суудал тавьж өгсөн тэр өдөртөө л сэтгэл сайхан. Хоосон сандал олоод суучихвал санаа зовж өндөлзөөд л. Хойшоо урагшаа харж, буудал болгон дээр хаалга руу хяламхийж босч өгөх хүн хайна. Өнөөдөр ч би бас нэг сандал ирмэгдэж суучихаад ойр тойрныхоо хүнийг харж байлаа. Ихэнх нь л миний үеийн залуучууд. Суух нь сууж зогсох нь зогсоно. Тэгтэл нэг охин өндөр өсгийтэй гуталтай, цүнх дүүрэн номтой. Харах царайны ядарчихсан шинжтэй. Би түүнд суудал тавьж өгөв. Санаа амарч болзоогоо бодон, цонхоор харсаар явтал хойно гэнэт бөөн дуу болох нь тэр.
- Та нар хүнд суудал тавиад өгчихөд яадаг юм. Хар залуугаараа суудалд шигдчихээд буруу хараад чихэндээ нэг юм хийгээд суучих юм.
- Танд ямар хамаатай юм. Өдий насан дээр машинаа аваад унахыг чинь хэн байг гэсэн юм. Албатай юм шиг суудал нэхэж гэнэ.
- Жаахан хүүхэд байж юу гэнэ ээ чи? Миний ямар явсныг чи мэдэх юм уу? Чам шиг хэдийг өсгөж, чам шиг хэдэн зуун оюутанд лекц уншиж явлаа. Муусайн хүмүүжилгүй юмнууд.
- Тэгээд тэр өсгөсөн хүүхдүүд чинь унаа аваад өгчих нь яасан юм. Та намайг өсгөчихөө юу. Таны хэн байсан чинь надад ямар хамаатай юм. Суудал тавьж өгсөнгүй гээд хүний хүүхдийг загнаж хашгичиж байдаг хэн юм , та?
- Ийм юмнууд яана аа. Хүнээр яаж хүн хийхээрээ ийм хүн хийдэг байна аа. Чи больчих, хүүхээ. Буцаад суу. Чи насаараа суух үе ирнэ. Хөлтэй байж зогсоод явчихаж чадахгүй чам шиг юмнууд миний насанд хүрэхгүй суудлын хүн болох биз.
- Зайл аа зайл, өвөө минь. Зөнөж үхэх гэж байж, өөрийгөө хичээ.
Анхны болзоондоо явах гэж байхад юун ёозгүй юм баахан сонсчихвоо. Тэр охин одоо босоод өгчихөд юу нь болохгүй байсан юм бол. Дотор муухайрчихлаа. Мэдсэн бол түрүүний суудлыг л би тавьж байдаг байж. Муухай охин бэ? Настай хүний үг гээхгүй. Түрүүхэн л хүнгүй шахам байсан автобус бүр дүүрчихэж. Би арайхийн буулаа.
Гадаа ямар гоё байна аа. Болзсон газраа эрт ирчихээд найз охиноо хүлээж байх ч сайхан байна шүү. Цэцэрлэгт хүрээлэнд ирээгүй удсан бүр ч гоё болчихож. Хаа сайгүй л хосууд. Тэр минь хурдан ирээсэй. Нэг цэцэг авчихъя байз. Бороо орж эхэллээ. Ёстой гоё. Бороон дуслууд чинь ийм гоё юм уу. Найз охины санаачилгаар болзсон анхны болзоо маань ч адал явдалтай байх нь дээ. Бороо зөөлөн хаялж байснаа ширүүсэх шинжтэй болов. Уг нь зөөлөн бороо орсон бол бүр гоё байхгүй юу. Нэг мэдэхэд болзсон цагаас бараг хагас цаг өнгөрчихөж байдаггүй ээ. Залгадаг ч юм уу. За за удахгүй ирэх биз. Нэг цаг өнгөрлөө. Залгахаас. Утас дуугарлаа. Мөн байна.
- Байна уу, хайраа уучлаарай. Түрүүн автобусанд нэг хөгийн өвгөнтэй хэрэлдэж яваад буудлаа өнгөрчихөж. Намайг суугаа болно оо ч гэх шиг. Уур хүрчихлээ. Тэгээд гэрээрээ орж хувцсаа солиод очиж явна. Хаана байна хайр аа?
- …
- Байна уу, байна уу?
- … -дидд…-дидд –дид
Сайхан хөлтэй байлаа гээд нийтийн унаанд суудал тавиад өгчихөж чадахгүй суумгай хүн, боловсролтой байлаа гээд хүнийг хайрлах сэтгэлийн боловсролгүй хүн яаж миний амиа тавьдаг өвөөгийн бэр байж тэнцэх билээ.
Туяхан иштэй улаан сарнайгаа би шалбааган дунд унасныг ч мэдэлгүй өвөөдөө яаран яаран гүйлээ.
URL: