Гадаадын иргэнийг хууль бусаар саатуулж, мөнгө нэхээгүй
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналтын улсын байцаагч гадаадын иргэнийг хууль бусаар саатуулж, мөнгө нэхсэн гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр гарч эхэлсэн. Харин иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас БНХАУ-ын иргэн Ван Жиен Гуог ямар үндэслэлээр саатуулсан талаар мэдээллээ.
Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын Хяналт, шалгалтын газрын 93141018 дугаарын утсанд 9696… дугаарын утаснаас энэ сарын 02-нд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд байрлах “Айриш Роял” зочид буудалд БНХАУ-ын иргэн иргэдээс их хэмжээний үнэт чулуу худалдаж авч байгаа тул тус иргэний виз, визийн ангилал, холбогдох зөвшөөрлийг шалгуулах талаар хандсан.
Иргэнээс ирүүлсэн мэдээллийн талаар Хяналт, шалгалтын газрын Хяналтын улсын байцаагч харьяалах нэгжийн даргад илтгэх хуудсаар танилцуулсны үндсэн дээр хаягийн дагуу очиж шалгажээ. Тухайн үед БНХАУ-ын иргэн Ван Жиен Гуо гэх биедээ паспорт орлох бичиг баримтгүй, өөрийн бичиг баримтыг хаана байгааг мэдэхгүй, бизнес ангиллын 1 удаагийн 30 хоногийн хугацаатай визээр Монгол Улсад ирсэн гэх ч уригч аж ахуйн нэгж, байгууллагаа мэдэхгүй байсан аж. Монгол Улсад чулууны наймаа хийхээр ирсэн, худалдаж авсан чулуугаа Дорнод аймагт айлын гражад хураасан гэх тайлбар гаргасан хэмээн Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдэгдлээ.
URL: