Зорчигчгүй Рейлбус 370 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ
Нийслэлчүүд Рейлбус гэх хурдан галт тэргээр зорчиж түгжрэлгүйгээр ажлаа амжуулна гэж баярлаж байсан цаг саяхан мэт. Гэтэл өнгөрсөн оны аравдугаар сарын 20-ноос эхлэн сүр дуулиантайгаар Толгойт-Амгалангийн чиглэлд явж эхэлсэн хурдан галт тэргийг 2 сар ч хүрэхгүй хугацаанд хотод явуулаад, алдагдалтай ажилласан гэх шалтгаанаар Дархан-Улаанбаатарын чиглэлд явуулж эхэлсэн. Гэвч Улаанбаатар-Дарханы чиглэлд 6 сар явуулаад дахиад л алдагдалтай ажилласан гээд явуулахаа больсон. Үүнээс хойш ОХУ-аас өндөр үнээр авсан Рейлбус гэх хурдан галт тэрэг нэлээдгүй хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй сураггүй алга болсон. Өөрөөр хэлбэл, Албаны хүмүүсийн ам уралдан магтаад байсан Рейлбус үйлчилгээнд гараад хэдэн сарын нүүрийг үзсэн ч илбийн юм шиг алга болтлоо алдагдалтай ажилласан гэсэн үг юм.
Нэлээдгүй хугацаанд сураггүй алга болсон Рейлбусын сураг саяхнаас дуулдаж эхэллээ. Тодруулбал, Хотын удирдлагуудын хойд хөршөөс өндөр үнээр авсан Рейлбус энэ сарын 1-нээс эхлэн Улаанбаатар-Зүүн хараа чиглэлд явж эхэлжээ.
Энэ талаар “Улаанбаатар төмөр зам”-ын зорчигч үйлчилгээний албаны орлогч дарга Х.Байгальмаагаас тодрууллаа.
-Рейлбусыг дүүргэлтгүй учраас алдагдалтай ажилласан гэх шалтгаанаар хотод явуулахаа больсон гэсэн. Хүн суухгүй байсан шалтгаан нь юу вэ?
-Манай Авто зам болон төмөр зам 2-ын маршрут таарахгүй, хоорондох зай нь хэтэрхий хол байсан. Уг нь анхнаасаа төмөр замаа авто замтайгаа огтлолцуулж дэд бүтцээ шийдсэн бол. Дүүргэлттэй ажиллах боломж байсан.
-Рейлбус өнөөдрийн байдлаар нийт хэдэн төгрөгийн алдагдалтай ажилласан бэ?
-Өнгөрсөн оны аравдугаар сарын 20-ноос энэ оны зургадугаар сарын 31- хүртэл нийтдээ 651 сая төгрөгийн зардал гаргаж 281 сая төгрөгийн орлого олсон. Тэгэхээр 370 сая төгрөгийн алдагдалтай ажилласан гэсэн үг. Иймэрхүү байдлаар алдагдлын хэмжээ өсөөд байсан учраас бид Рейлбусыг түр хугацаагаар зогсоосон.
-Энэ сарын 1-нээс дахиад Зүүнхараа чиглэлд явуулж эхэлсэн гэсэн. Яагаад?
-Дархан-Улаанбаатарын чиглэлд явж байхад хүмүүсээс янз бүрийн санал ирж байсан. Ялангуяа Зүүнхараагынхан Улаанбаатар-Зүүнхараа чиглэлд Рейлбус явуулж өгөөч гэсэн хүсэлт ирсэн. Тиймээс энэ автобусыг дахин явуул гэсэн үүрэг өгсөн учраас бид энэ сарын 1-нээс явуулж эхэлсэн.
- Улаанбаатар-Зүүнхараа чиглэлд явснаас хойш хэдэн төгрөгийн алдагдалтай ажилласан бэ?
-Одоогоор явж эхлээд 20 л хонож байна. Хэдэн төгрөгийн зардал гаргаж, хэдэн төгрөгийн алдагдалтай ажилласан нь хараахан тодорхой болоогүй байна. Ямартай ч нэг удаагийн ачлалд дунджаар 50 зорчигч явж байгаа. Хамгийн дээд тал нь 120 орчим зорчигч явж байгаа.
-Нэг хүн хэдэн төгрөгөөр явдаг вэ?
-Нэг хүн 12300 төгрөгөөр явж байгаа. Замдаа Рашаант, Мандал, Баян буурал, Түнх дээр зогсдог. Улаанбаатараас 17.40 цагт явдаг.
-Цаашдаа яах хэрэгтэй вэ. Алдагдлаа нөхөх боломжтой юу?
-Цаашдаа Засгийн газар бодлогоор энэ асуудлыг зохицуулахгүй бол Төмөр зам дангаараа Рейлбусыг явуулаад ашигтай ажиллуулахад хүндрэлтэй. Өөрөөр хэлбэл, хүн ам хамгийн их төвлөрсөн газар руу энэ галт тэргийг явуулах дэд бүтцийн асуудлыг шийдэж өгөх юм бол ойрхон зайд, богино эргэлтээр олон хүн тээвэрлэж байж ашигтай ажиллах боломжтой.
Анх өнгөрсөн оны аравдугаар сарын 20-нд Толгойт өртөөнөөс Амгалан чиглэлд Рейлбус үйлчилгээнд явж эхлэхэд сүр дуулиантайгаар нээлтээ хийж, зөв шийдэл, хөгжил дэвшил мэтээр эрх баригчид тайлбарлаж байсан. Өөрөөр хэлбэл, энэхүү хурдан галт тэрэг үйлчилгээнд гарснаар иргэдэд түргэн шуурхай хүрч үйлчилж, олон нийтийн санааг хамгийн ихээр түгшээж, нийгэмд стресс үүсгэдэг замын түгжрэлийг бууруулна гэдгийг ч албаныхан дуу нэгтэйгээр хэлээд байсан. Гэвч эрх баригчдын магтаж сайшаагаад байсан өнөөх Рейлбус нь өнөөдөр ийм байдалтай байна. Үйлчилгээнд гарч эхэлснээсээ хойш нийт 370 сая төгрөгийн алдагдалтай ажилласан 2 рейлбусыг худалдаж авахын тулд хотын удирдлагууд 3.5 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийсэн байдаг юм билээ. Тодруулбал, Рэйлбусыг авах болон явах зам тавих, зорчигч суулгах зогсоолыг тохижуулах, төмөр зам руу явган зорчигч алхах зам тавих гэх зэрэг ажлыг хийсэн аж. Гэвч энэ бүхэн ямар ч үр дүн өгсөнгүй. Хатуухан хэлэхэд 3.5 тэрбум төгрөгийг зүгээр л салхинд хийсгэсэнтэй адилхан болсон.
Аливаа нэг ажил заавал тооцоо судалгаан дээр үндэслэгддэг бөгөөд тухайн орны зам харгуйд аль зэрэг тохирох вэ, явах хүмүүсийн тоо гээд маш нарийн тооцоолж гаргах ёстой. Гэтэл дуусаж дундаршгүй хөрөнгө хуримтлуулсан мэт загнаж Монголын нөхцөлд огт тохирохгүй Рейлбус худалдаж авснаар өнөөдөр хэдэн тэрбум төгрөгийн алдагдалд орчихоод байна.
Эдийн засагчдын тооцоолсноор, үргэжлийн алдагдалтай, Рейлбус, өөрөө хог болох хогийн уут, 560 сая төгрөгөөр хоёр өдөр Хүй долоон худагт найрласан даншиг наадам зэргийн төсвийг зөв зарцуулсан бол хамгийн багадаа 6000 гаруй хүүхэд цэцэрлэгтэй болох байсан гэх. Үүнтэй ч маргах хүн гарахгүй гэхэд хилсдэхгүй биз. Энэ мэт нийслэлийнхний төсвийн мөнгөний үргүй зарцуулалт хэрээс хэтэрсээр …
Т.Болормаа
Zaluu.com
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Худалдаж авсан мөнгө, дээр нь энэ алдагдал гээд салга Үүлээс болж Монгол муухай хохирч байна даа.