ШШГЕГ, УБЕГ хамтран ажиллана
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, бригадын генерал Б.Билэгт, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдорж нар 10 дугаар сарын 21-ний өдөр цахим мэдээлэл солилцох чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурав.
Уг үйл ажиллагаанд ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа М.Алтан-Очир, Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга, хурандаа Ж.Наранбаатар, Мэргэжлийн удирдлагын тасгийн дарга, дэд хурандаа Ч.Өнөрцэцэг, Хууль, олон нийттэй харилцах тасгийн дарга, дэд хурандаа Д.Амгалан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээллийн технологийн газрын дарга, М.Алтанзүрх, Тамгын газрын ахлах мэргэжилтэн Ө.Өлзийбаасан зэрэг холбогдох албан тушаалтнууд оролцов.
ШШГЕГ-ын харьяа шийдвэр гүйцэтгэх алба, хэсгүүд төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн талаарх холбогдох мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газраас авахдаа албан бичгээр хүсэлт гарган авч байгаа нь багагүй цаг хугацаа алдаж, тодорхой хэмжээний зардал гардаг.
Энэхүү гэрээг байгуулж, хамтран ажилласнаар Төрийн байгууллагуудын хамтын ажиллагаа өргөжиж, шаардлагатай мэдээллээ онлайнаар солилцох, түргэн шуурхай байдлыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэх, цаг хугацаа, ажлын ачаалал багасах боломж бүрдэхээс гадна, шуудан холбоо, бичиг хэргийн зардал буурах ач холбогдолтой юм.
Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Том төрөөс ухаалаг төр рүү” үндэсний зөвлөлдөх уулзалтын шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд төрийн байгууллагын ажлын уялдаа холбоог сайжруулах, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх, үйл ажиллагааг цахимжуулах чиглэлээр аймаг, нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх алба, хэсгийг холбосон шилэн кабелийн сүлжээг бий болгож, “Шийдвэр гүйцэтгэлийн бүртгэлийн систем”-ийн үйл ажиллагаанд нэвтрүүлэн гүйцэтгэх баримт бичгийн цахим сан бий болгосон.
Мөн Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг боловсронгуй болгох, шуурхай зохион байгуулах, төрийн байгууллагуудын бичиг хэргийн зардлыг хэмнэх, зорилгоор 2013 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс Зам тээврийн яамтай шилэн кабелиар холбогдож битүүмжлэн, хураагдсан тээврийн хэрэгслийн эрхийг түдгэлзүүлэх, сэргээх ажиллагааг тус газар хэрэгжүүлэн ажиллаж байна.
Төлбөр төлөгч, түүний банкин дахь харилцах дансны мэдээллийг авах ажиллагааг шуурхай явуулах үүднээс Худалдаа хөгжлийн банктай 2015 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, улмаар 2015 оны 10 дугаар сараас эхлэн тус банкинд харилцах данстай төлбөр төлөгч иргэн, хуулийн этгээдийн данс дахь мөнгөн хөрөнгийн мэдээллийг авах, хасалт хийх, зарлагын гүйлгээ зогсоох ажиллагааг явуулж байгаа бөгөөд цаашид арилжааны бусад банкуудтай энэ төрлийн ажиллагааг хамтран хэрэгжүүлэхээр зохион байгуулалтын арга хэмжээг авчээ.
URL: