Захуудыг нүүлгэн шилжүүлэх хууль эрх зүйн үндэслэлгүй тогтоол гаргажээ
МҮХАҮТ-ын дэргэдэх Захуудыг дэмжих зөвлөлөөс Авто захуудыг нүүлгэх шийдвэртэй холбогдуулан хамтарсан уулзалт хийж, шийдэлд хүрэхээр холбогдох байгууллагуудад санал хүргүүлсэн ч Улаанбаатар хотын Захирагч ирсэнгүй.МҮХАҮТ-ын орлогч дарга М.Сарандаваа “Төр зохицуулалт хийгээд үйл ажиллагаа явуулах нь ойлгомжтой. Гэхдээ эхлээд аж ахуйн нэгжүүдээс санал авах хэрэгтэй. Бид удаа дараа нийслэлийн иргэдийн хуралд оролцохоор цаг авахыг хүссэн ч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй. Зөвхөн нэг газраас нөгөө газар руу авто худалдаа эрхлэгчдийг нүүлгэснээр асуудал шийдэгдэхгүй.
Тиймээс баруун, зүүн, хойд, урд гэсэн байрлалаар захуудын үйл ажиллагааг зохион байгуулж болно. Хөрс, агаарын бохирдол үүсгэдэггүй гэсэн холбогдох байгууллагын дүгнэлт гарсан байдаг. Тиймээс шийдвэрээ тулган шаардаж, хэрэгжүүлэх гээд байгаа байдалтай манайх эвлэрэхгүй” гэж байр сууриа илэрхийлэв.
Харин ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан нийслэлийн ИТХ захуудыг нүүлгэн шилжүүлэх тогтоол гаргахдаа хууль эрхзүйн үндэслэлгүй шийдвэр гаргасныг онцлоод “Үндэслэлгүйгээр бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг хязгаарлаж, Өрсөлдөөний тухай хуулийг зөрчиж байна” гэсэн юм.
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг авто худалдааны захын худалдаа эрхлэгчид нэгдэн хэвлэлийн хурал хийж, саяхан нээлтээ хийсэн Авто худалдааны цогцолбор руу нүүхгүй гэдгээ илэрхийлээд байгаа билээ.
Учир нь, Авто худалдааны төвийн байрлаж буй Сонгинохайрхан дүүргийн XXXII хороо нь хөрсний бохирдолтой, эвгүй үнэртэй ажиллах орчин нөхцөл хангаагүйгээс тэнд очиж өвчин авахыг хүсэхгүй байна гэдгээ онцолж байв.
Ц.Заяа
URL: