Өлсгөлөн зарлахаас өөр хийх ажил алга уу

172327-20102015-1445329520-1007357418-1Монголын бүх оюутан ийм бодолтой яваа гэж арай ч бодохгүй байна

Оюутнууд өлсөхөөр шийджээ. Хоол хүнс олдохгүйдээ биш, автобусаар үнэгүй зорчуулдаг карт нь ирээгүйгээс болсон юм байх. Шинэчлэл хийж байгаа нөхөд нь асуудлыг хурдхан шийдчихгүй өнөөг хүртэл сунжруулсаар байгаа нь яах аргагүй буруу. Гэхдээ үүний төлөө оюутны холбооны удирдлагууд нь хэвлэлийн хурал зарлаж сүржигнэв. Суулт хийнэ, өлсгөлөн зарлана хэмээн сүрдүүлэхийг хараад өмнөөс нь ичиж үхэхээ шахав.

Оюутнууд тэмцэж болно оо. Өлсгөлөн зарлаж ч болно. Угаасаа болж, бүтэхгүй байгаа бүхний эсрэг хийх тэмцлийн тэргүүн эгнээнд оюутнууд байсаар ирсэн. Олон улсын жишиг ч ийм. Гэхдээ юуны төлөө вэ гэдгээ сайтар тунгаах ёстой. Уг нь тэд ард түмнийг төлөөлөн эрх баригчдын явуургүй үйлдэлтэй тэмцэж, тэр хэрээр дуу хоолой нь жинтэй буудаг. Улс төрчид ч тэднээс айна гэж жигтэйхэн. Товчхондоо бол оюутнууд нийгмийг хөдөлгөх хүч байдаг. Манай оюутны холбоо, оюутнууд ч ингэж гэмээнэ олон нийтээс дэмжлэг авах учиртай. Гэтэл хөнгөлөлтийн карт гэх жижигхэн асуудлаас болж өлсгөлөн зарлахдаа тулжээ. Арай ч дээ гэж халаглахаас өөр үг олдсонгүй.

Би өөрөө оюутан байж үзсэн хүн. Бидний үед улсаас 70 мянган төгрөг авах нь байтугай автобусны хөнгөлөлтийн картаа сар бүр 5000 төгрөгөөр худалдаж авдаг байв. Гэхдээ тэр нь тодорхой чиглэлд л хүчинтэй. Ингэлээ гээд оюутнууд эсэргүүцэл илэрхийлж, жагсаад байсныг нь лав санахгүй байна.

Дөрвөн жил их, дээд сургуульд номын дуу сонсож, эрдэм номын мөр хөөж буй залуусын толгойг машины мотороор зүйрлэвэл цоо шинээрээ гялтганаж баймаар. Нийгэмд, энгийн амьдралд, эдийн засагт тустай санал санаачилга гаргаад ирвэл хүн бүр дэмжинэ.

Оюутнуудын алдартай тэмцлийн түүх олон жил ам дамжин яригддаг. Хамгийн дуулиантайгаас нь жишээ татвал, 1989 оны Тянь Ан Миний талбайд болсон хэрэг явдал. Сүүлийн үеийн тохиолдол гэвэл өнгөрсөн жил болсон Хонконгийн оюутнуудын жагсаал. Тухайн үед Хонконгийн оюутнууд сонгуулийн нээлттэй эрх өгөхийг Бээжингийн удирдлагуудаас шаардан жагсч байв. Ийм тэмцлийг хүн бүр талархан дэмжиж байсан нь зүйн хэрэг. Гэтэл монгол оюутнуудыг автобусны хөнгөлөлтийн картын төлөө өлсгөлөн зарласныг дэлхий мэдвэл улсын маань нэр хүнд хэрхэн уруудахыг төсөөлөхөд ч бэрх санагдаж байна.

Гэхдээ Монголын бүх оюутан “бэлэн хоолны” төлөө үхэн хатан тэмцэнэ гэж арай ч бодохгүй байна. Тэдний дийлэнх нь өлсгөлөн зарлана гэсэн шийдвэрийг сонсоод ичсэн биз ээ. Үнэндээ Монголын оюутны холбоо гэгч байгууллагын толгойд байгаа хэдэн нөхөр асуудлыг дэвэргэж, бүх оюутны өмнөөс ийм хөгийн юм ярьж суугааг үгүйсгэх аргагүй. Энэ байгууллагад автобусны хөнгөлөлтийн картнаас өөр ярих сэдэв байхгүй юу?

Эмч болох гээд мэргэжлийн шалгалт өгсөн анагаахын оюутнууд алдаатай бэлтгэсэн материалаас болж бөөнөөрөө бүдэрч байна. Багшдаа архи авч өгөөгүйн төлөө өөдтэй дүн авч чадсангүй гэж дуулдана. Хичээл явуулах материаллаг бааз дутмаг байна. Дотуур байрны хүрэлцээ хангалтгүй хэвээр. Хичээлийн хажуугаар хийх цагийн ажил олдоц муутай. Зүй нь оюутнууд энэ мэт чухал асуудалд дуу хоолойгоо нэгтгэж, холбоо нь тэдний эрх ашгийг хамгаалах учиртай. Холбоо нь байгууллагуудтай ярьж, оюутнуудаа цагийн ажилд зуучилж өгвөл олон хүн талархана.

Тэднийг халамжлан улсаас өгч буй 70 мянга юунд зарцуулагддаг билээ. Багагүй хувь нь баар, цэнгээний газрын орлого болоод дуусдаг гэдэгт итгэлтэй байна. Шоу цэнгээнд хэдэн мянгаар нь мөнгө үрэхийг юман чинээ боддоггүй хэрнээ автобусны хэдэн төгрөг дээр ингэж сүрийг үзүүлэх хэрэг байна уу.

Энэ талаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Нийслэлээс оюутнуудад хөнгөлөлт үзүүлнэ гэж хуульд заасны дагуу сургуульдаа ирж, очих төлбөрийг бид даахаар болсон. Дамжин суухад төлбөргүй болгох санхүүгийн боломж бидэнд байхгүй тул энэ жилдээ оюутнууд өдөрт хоёр удаа л үнэгүй зорчих хөнгөлөлт эдэлнэ. БСШУЯ-наас энэ жил 113 мянган оюутанд хөнгөлөлт эдлүүлэхээр болсон. Ажлын 22 хоногт тооцоод сар бүр 22 мянган төгрөг оюутнуудын картанд орно. Харин 8900 төгрөгийн карттай манайх ямар ч хамаагүй” гэсэн тайлбар өгч байв. Эндээс харахад үнэгүй зорчих хөнгөлөлтийг нь огт алга болгочихоогүй байна. Өдөрт хоёр удаа үнэгүй явах эрхтэй карт байна шүү дээ. Гэтэл хусмаа чамласан хүүхэд шиг авирлаж байгаа нь тун ч эвгүй сэтгэгдэл төрүүлэх юм.

Ам нээвэл уушиг нээ гэгчээр хүн бүр оюутан болох шаардлага байна уу гэдэг асуудал үүнтэй зэрэгцээд яригдах учиртай. Санаснаар болдог бол их, дээд сургуулиудыг үнэ төлбөргүй бөгөөд элсэж орох босгыг нь улам өндөр болгомоор санагддаг юм. Ингэвэл үнэхээр чадалтай хэд нь оюутан болж, тэр хэрээр мэргэжлийн боловсон хүчний нэр хүнд дээшилнэ. Харин их, дээд сургуульд элсэж чадаагүй нь нарийн мэргэжлээр сурч болно шүү дээ. Тэртэй тэргүй бакалаврын диплом барьсан ажилгүйчүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдээд байна.

Ингэхэд дунд сургууль төгссөн хүн бүр оюутан болж, тэд нар нь төрөөс сар бүр 70 мянгын дэмжлэг аваад, автобусаар үнэгүй зорчоод, тэр нь хэсэг хэсэг хугацаанд доголдохоор өлсөхөөрөө айлгадаг улс манайхаас өөр байдаг болов уу.

Магадгүй оюутнууд зөв зүйлийн тухай дуугарч, хэрэгтэй тулгамдсан асуудлаа хөндөн тэмцэх цаг ирэх байх. Харин тэр үед та нарыг үнэн сэтгэлээсээ ойлгон дэмжих хүн олдох болов уу. Учир нь аахар шаахар иймэрхүү тэмцэл чинь оюутан гэх нэрийн хүндлэлийг бүхэлд нь унагаад байна. Муу нэрийг хусавч арилахгүй гэдэг байх аа.

Г.Баярсайхан

Засгийн газрын мэдээ


URL:

Нэр: Anonymous Огноо: 23 October 2015

Одооны оюутнууд ийм л оюун ухааны хомсдолд орсон бна Улс эх оронд нэн тэргүүний олон шийдэх тэмцэх асуудлууд бхад очиж очиж автобусны картны төлөө ямар олон оюутнууд суулт хийж бна Оюутнууд шөнийн бааранд орохоороо бүгд л тансаглаад сууж бг шүү дээ Ёстой арчаагүй амьтад болжээ ичиж үхмээр юмаа

Нэр: Зочин Огноо: 23 October 2015

Одооны оюутнууд ийм л оюун ухааны хомсдолд орсон бна Улс эх оронд нэн тэргүүний олон шийдэх тэмцэх асуудлууд бхад очиж очиж автобусны картны төлөө ямар олон оюутнууд суулт хийж бна Оюутнууд шөнийн бааранд орохоороо бүгд л тансаглаад сууж бг шүү дээ Ёстой арчаагүй амьтад болжээ ичиж үхмээр юмаа

Сэтгэгдэл бичих