Марлон Жеймс: Зохиолын баатрууд маань улс төрөөс ангид байдаг

xw_1161431

“Долоон аллагын товч түүх” номоороо “The Man Booker”-ийн шагналыг хүртсэн Ямайкийн зохиолч Марлон Жеймсийн Австралийн АВС агентлагт өгсөн ярилцлагаас хөрвүүлэн хүргэж байна.

Марлон Жеймс нь Ямайкийн түүхэн дэх гол үйл явдлуудаас сэдэвлэн бүтээлээ туурвидаг зохиолч юм. Тэрбээр “Долоон аллагын товч түүх” 700 хуудас зохиолоо Боб Марлийн амь насыг хөнөөх гэсэн 1976 оны халдлагаас сэдэвлэн бичжээ. Түүний уг зохиолыг АНУ-ын HBO кино суваг худалдан авчээ.

“The Man Booker” шагналыг англи хэл дээр бичсэн зохиолд 1969 оноос гардуулж эхэлсэн байна. Энэхүү шагналыг зөвхөн Их Британийн, эсвэл колони байсан улсынх нь зохиолчид олгодог байсан бол 2014 оноос тавигдах шаардлагад өөрчлөлт орсон байна.

Энэхүү шагналыг 50 мянган фунт стерлинг дагалддаг ба англи хэл дээр зохиолоо бичиж Их Британид хэвлүүлсэн зохиолч хүртэх боломжтой болжээ.

-Та яагаад “Долоон аллагын товч түүх” номоороо “хөшигний ард” байсан сэдвийг хөндөхөөр шийдсэн юм бэ?

-Боб Марли 1976 онд Ямайкийн бэлгэ тэмдэг болсон байлаа. Гэтэл энэ онд Кингстонд /Ямайкийн нийслэл/ Марлийг хөнөөх гэсэн оролдлого гарсан. Тухайлбал, регби одыг хөнөөхөөр автомат буугаар зэвсэглэсэн алуурчид үнэндээ Боб Марлийг дэлхийд улсынхаа бэлгэ тэмдэг болсон хүн гэдгийг мэдэхгүй ядуусын хорооллынхон байсан. Би түүний үнэн түүхийг хав дарахыг хүсээгүй юм. Боб Марли ямар зам туулж дэлхийн од болсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Би түүний туулсан замыг тодорхойлохыг хүссэн юм. Тэр үнэхээр өвөрмөц содон тавилантай хүн байсан.

-Та номдоо Боб Марлийн амьдралыг хэрхэн тодорхойлов?

-Манай ард түмний хувьд Боб Марли бол эрх чөлөөний төлөө тэмцэл, өөрийгөө тодорхойлох бэлгэ тэмдэг байсан юм. Гэхдээ Боб Марли рок-н-роллын дэлхийн од болох хүсэл болон эрх чөлөөний төлөөх тэмцэлтэйгээ байнга зөрчилдөж байв. Би түүний энэ дотоод хүний зөрчлийг тодорхойлохыг оролдсон.

-Энэ номыг “Карибын уран зохиол дахь хамгийн аймшигтай ном” гэж нэрлэсэн байсан. Та зохиогчийн хувьд энэ үгэнд ямар тайлбар өгмөөр байна?

-Миний зохиол тэр чигээрээ аймшгийн түүх биш шүү. Шүүмжлэгчдээс “аймшигтай зохиол байна” гэсэн үгийг их сонссон ч би хувьдаа тэдэнтэй санал нийлдэггүй юм. Хамгийн гол нь гадаадынхны “аймшигтай” гэж нэрлэсэн нөхцөл байдал дунд амьдарч байсан хүний хувьд энэ зохиол хэвийн санагдана. Зохиолд гарч буй “аймшгийн” гэх зүйлс бол хүн хүнийхээ эсрэг үйлдсэн харгислал юм даа. Харин ч би зохиолоо хамгийн хөгжилтэй ном гэж нэрлэнэ.

-“Долоон аллагын товч түүх” номд регби одоос гадна цагдаагийн харгислалын тухай бичсэн байдаг. Энэ тухайгаа дэлгэрүүлнэ үү?

-Ямайк 1976 онд цагдаагийн улс болсон байв. Тухайн үед цагдаа нар хүүхэд гэлтгүй барьж хорьж байлаа. Энэ үеийг цагдаагийн харгислал эсвэл тэдний авлигын эрин гэж нэрлэлтэй. Эрхийнхээ төлөө нэгдэн жагссан хүмүүсийг цагдаа нар зэрлэгээр дарж байсан. Ямайкийн түүхэнд 1976 онд олон чухал үйл явдал тохиосон. Тухайлбал, бүх нийтийн сонгууль, хүйтэн дайн, хар тамхины дайн, Боб Maрлийн түүх гээд олон үйл явдлаас дурдаж болно. Иймээс “Долоон аллагын товч түүх” зохиол бол Ямайкийн 1980-аад оны түүх юм.

-Энэ зохиолоор HBO кино суваг дэлгэцийн бүтээл болгох гэж байгаа гэсэн. Дэлгэцийн бүтээл зохиолоосоо хэр зөрөөтэй байх бол?

-Би хүүрнэлд дуртай. Гэхдээ би өгүүлэгч биш. Дэлгэцээр гарсных нь дараа үзэгчид дүгнэлт өгнө биз.

-Таны бичсэн түүхэн зохиолууд улс төрөөс ангид байх шиг санагддаг?

-Би Шведэд амьдардаг кавказ зохиолч биш учраас улс төрийн тухай бичих сэдэл төрдөггүй. Миний зохиолын баатрууд зөвхөн хувийн амьдралаа ярьж байгаагаар дүрслэгддэгээрээ онцлог. Зохиолын баатрууд маань улс төрөөс ангид байдаг нь миний бичлэгийн онцлог.

-Таны дараагийн зохиолын сэдвийг сонирхож болох уу?

-XI зууны үед өрнөсөн ямар нэг түүхийг өгүүлсэн ном бичнэ.

-“The Man Book-er” шагнал хүртсэн зохиолуудаас хамгийн их таалагдсанаа нэрлэнэ үү?

-Энэ шагналыг 2004 онд хүртсэн Ален Холлингхарстын “Гоо сайхны чиг шугам” зохиол надад таалагдсан.

Х.Заяа

Эх сурвалж: “Монголын үнэн” сонин


URL:

Сэтгэгдэл бичих