Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орсноор 25 сая долларыг хэмнэнэ

54424379b30280c2original

Эгийн голын усан цахилгаан станц төслийн дэд бүтцийн ажлыг хэрэгжүүлэх гэрээнд өнөөдөр талууд гарын үсэг зурлаа. Тус станц ашиглалтад орсноор жил бүр ОХУ-ын эрчим хүчний сүлжээнд төлж байгаа 25 сая долларын мөнгөн урсгалыг зогсоон, дотоодынхоо эрчим хүчнийг бүрэн хангана гэж албаныхан тооцоолж байна.

Эгийн голын усан цахилгаан станцын техник эдийн засгийн үндэслэлийг анх  1992 онд гаргахдаа 220 мегаватт эрчим хүчийг жилд үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар тооцож байсан. Харин шинээр боловсруулсан техник эдийн засгийн үндэслэлээр 315 мегаватт эрчим хүч үйлдвэрлэхээр тооцоолж байна. Эгийн голын усан цахилгаан станц ашиглалтад орсноор манай улсын нийт эрчим хүчний 30 орчим хувийг хангах боломж бүрдэх юм.

Төслийн хүрээнд усан цахилгаан станц, цахилгаан дамжуулах шугам болон 71 км хатуу хучилттай зам барих юм. Энэ ажлын урьдчилсан шатны дэд бүтцийг хийж хэрэгжүүлэх концессийн гэрээнд өнөөдөр төслийн багийнхан “Чайна Гэжүба” компанитай хамтран ажиллах гэрээ байгууллаа. Энэ үеэр “Чайна Гэжүба групп Паундэшн инженеринг” компанийн Ерөнхий менежер Кюн Жиантинг “Манай компани эрчим хүч, зам гүүр, далан, усны байгууламж, бусад дэд бүтцийн чиглэлээр олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг. Монгол Улсын баруун бүсийн босоо тэнхлэгийн автозам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөрийн хүрээнд 146 км авто зам барьж, ашиглалтад өгсөн туршлагатай. Энэ нь манай компанийг уг төслийн хэрэгжүүлэгчээр сонгох гол шалгуур болсон гэж бид үзэж байна” гэлээ.

Манай улс өнөөдрийн байдлаар урд, хойд хөршөөс эрчим хүчний хэрэглээнийхээ 20 орчим хувийг авч байна. Харин тус станц ашиглалтад орсноор уг хэрэглээг дотоодоосоо хангах бүрэн боломж бүрдэх юм. Эгийн голын усан цахилгаан станц улсын төсвөөс нэг ч төгрөг авахгүйгээр 30 жилийн дараа өр зээлээ бүрэн төлж дуусна гэсэн урьдчилсан тооцоог ч мөн төслийн багийнхан гаргаад байна.


URL:

Сэтгэгдэл бичих