Хүний наймааны хэрэг Монголд хэзээ ч илрэхгүй юм байна

-Тэр тусмаа, дунд сургуулийн 14-15 насны охидын онгон биеийг худалдсан зохион байгуулалттай гэмт хэрэг-

“Сурагчийн дүрэмт хувцастай, (14-15 настай) аав, ээжийнхээ өврөөс ч гарч амжаагүй бяцхан охины биеийг үнэлүүлж, гудамжинд зараад зогсч байхад та юу хийж байсан юм бэ Шадар сайд аа” гэж манай сонин асууж байв.

Эрхлэх асуудлынх нь хүрээнд хүүхдийн байгууллага ордог учраас тийнхүү асуусан хэрэг. Харин одоо энэ асуултыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж болон ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир, Улсын Ерөнхий прокурор Д.Дорлигжав нарт дахин тавих шаардлагатай болж байна. Учир нь бид бүгдээрээ үртэй хүүхэдтэй, тэд бидний ирээдүй гэж итгэж найддаг билээ. Шадар сайд М.Энхболдод ч энэ асуултаа цөхрөлтгүй тавья.

“Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүүгийн нэхэмжлэлтэй “Зууны мэдээ” сонинд холбогдох 3 тэрбум төгрөг нэхсэн иргэний хэрэг, үргэлжлээд сэтгүүлч Д.Болормаад холбогдох эрүүгийн хэрэг бүтэн он сунжран нэг жилийнхээ ойтой золгох гэж байна. Өөрөөр хэлбэл манай цагдаа, хуулийн байгууллага энэ ноцтой хэргийг үндсэндээ бүтэн жил шалгалаа шүү дээ. Тэгээд ямар үр дүн гарав. Нийгэмд айдас хүйдэс төрүүлсэн, дунд сургуулийн онгон охидыг (14-15 насны) 500-700 мянган төгрөгөөр худалдан авдаг хүмүүсийг илрүүлэв үү.

Харамсалтай нь үгүй. Хэргийн хүрээг хумьж, ердөө л “Зууны мэдээ” сонин болон “Мон-Уран” компанийн захирал Б.Наранхүү нарын хооронд гүтгэсэн, гүтгүүлсэн тухай асуудал сөхөгдөж, ноцтой хэргийг яаралтай шалгаж гэм буруутныг тогтоохоосоо өмнө зөвхөн сонины газар болон сэтгүүлчийг шүүх, цагдаагийн өмнө бөхөлзүүлж иргэний болон эрүүгийн хэргээр бүтэн жил тойрон шалгасан, одоо ч хэрэг нэг тийш болоогүй л байна.

Дунд сургуулийн 14-15 насны охидын онгон биеийг 500-700 мянган төгрөгөөр худалддаг, худалдан авдаг зохион байгуулалттай гэмт хэргийн сүлжээг “Зууны мэдээ” сонин илчилж энэ хэрэгт эрх мэдэлтэй, хөрөнгө чинээтэй эрхэм нэр холбогдсон болохыг 2010 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн 267 дугаартаа нийтэлсэн. Бид ийм гэмт хэргийн талаар таг дуугүй өнгөрч болохгүй байсан.

Тэр бол энэхүү мэдээллийг олон нийтэд хүргэх захиалга байлаа. Түүнээс биш “Ямар санаа зорилготой бичсэн бэ?” гэж “Мон-Уран”-ы өмгөөлөгчдийн шүүх хурал болгон дээр ахин дахин асуугаад байдаг шиг утга санааг агуулаагүй юм шүү.

Анх энэ хэрэгт өртсөн, 700 мянган төгрөгөөр онгон биеэ үнэлэх саналыг зуучлагч охидоос сонсож тэдний дарамтад өртөж зодуулсан нийслэлийн нэгэн дунд сургуулийн 15 настай охин хорооны хэсгийн төлөөлөгчөөрөө дамжуулан Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст ээжтэйгээ хамт гомдол гаргасан байдаг. Сүхбаатар дүүргийн цагдаад гаргасан гомдол Улсын мөрдөн байцаах газар, Баянгол дүүрэг дамнан явсаар бараг л бүтэн жилийнхээ ойн дээр шийдэгджээ. Яаж шийдэгдсэн талаар сонирхож үзлээ.

Баянгол дүүргийн шүүхээс бусдыг биеэ үнэлэхэд татан оролцуулах, биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэг үйлдсэн таван охинд ял сонсгожээ. Тэдэнд энэ хэрэгт нь шүүхээс 1-2 жилийн ял оноож, нэгийг нь өршөөлийн хуульд хамруулан өршөөж, хоёр охиных нь ялыг тэнсэж, үлдсэн хоёрыг нь насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ялыг нь хойшлуулжээ.

Насанд хүрээгүй хүүхдүүд зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн гэхэд итгэхэд бэрх, тийм ч үндэслэл байхгүй баймаар. Үүнийг хууль, цагдаагийнхан мэдэхгүй биш мэдэж баймаар юм. Гэтэл энэ хэрэгт ердөө таван охиныг хамаатуулан шалгаж тэд биеэ үнэлэлтийг зохион байгуулсан болж таарлаа. Харин “Хэргийн эзэн хэнгэргийн дохиур” болсон, насанд хүрээгүй охидыг худалдан авч адгуусан таашаалаа хангасан захиалагчид, гэмт хэргийн жинхэнэ эзэд хаана байна. Тэд ямар шийтгэл хүлээв.

Анх энэ асуудал сөхөгдөж эхлэхэд “Зууны мэдээ” сонины зүгээс энэ хэрэгт ямар нэгэн байдлаар хамааралтай, холбоотой байж болох 17 охины нэрийг цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн. Мөн тэднийг худалдан авдаг насанд хүрсэн томчууд болох Г, Н нарын талаар ч мэдээлэл өгсөн. Байсхийгээд л хэвлэлийн хурал зарлаж “Энэ хэрэгт Гүрдоржийн Наранхүү гэдэг хүн хамааралтай” гэж цагдаагийнхнаас өрсөж мэдээлэл хийдэг “Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн өмгөөлөгчдийн яриад байдаг, андуурагдсан Г.Наранхүү гэдэг хүн ч ямар нэгэн шийтгэл хүлээсэнгүй. Тэгээд охид хэнд биеэ үнэлсэн юм бэ?

Б.Наранхүүгийн өмгөөлөгчдийн мэдэгдэж буйгаар Гүрдоржийн Наранхүү нь гадаад улс руу оргон зайлсан гэнэ ээ. Бидэнд олдож байгаа мэдээлэл ердөө л энэ. Гүрдоржийн Наранхүүг олох тийм хэцүү гэж үү. Шувуу шиг тэнгэрээр нисээд явчихаагүй л юм бол нисэх, төмөр замын шалган, хил гаалиар Гүрдоржийн Наранхүү гэдэг хүн хэзээ, хаашаа явсныг тогтоож болохгүй гэж үү. Интерполд хандаж болохгүй юу.

Нөгөө Г гэдэг хүн ч ор сураггүй. Ерөөсөө насанд хүрээгүй охидыг бэлгийн зорилгоор өндөр үнээр худалдан авч зугаагаа гаргасан, хуулийн ойлголтоор бол гэмт хэрэг үйлдсэн нэг ч том хүн алга. Тэд ямар нэгэн шийтгэл хүлээлгүй өнгөрчээ. Ердөө хэдэн хүүхэд л зохион байгуулалттай айхавтар гэмт хэрэг хийжээ. Хоёр нь насанд хүрээгүй хүүхэд шүү. Тэдэнд ял сонсголоо, тэнслээ, өршөөлөө, ялыг нь хойшлууллаа. Одоо зөвхөн энэ мэдээллийг анх түгээсэн сонин, тэдний сэтгүүлчийг л ямар нэгэн байдлаар буруутгах л ажил үлдэж байна шүү дээ.

Хүний наймаа, насанд хүрээгүй охидыг худалдсан талаар бичихдээ зориуд санаатайгаар бусдын нэр хүндийг гутаасан гэж үзээд манай сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэж улсын яллагч нь манай ажилтныг дөрвөн сар торны цаана суулгах, хорих санал гаргасан. Харин Сүхбаатар дүүргийн шүүхээс “Мон-Уран” компаний захирал Б.Наранхүүгийн нэхэмжлэлтэй, хүн гүтгэсэн гэсэн зүйл ангитай, улсын яллагчийн санал болгосноор дөрвөн сарын хорих ялтай хэргийг хянан хэлэлцээд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр манай сэтгүүлчид үүсгэсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож түүнийг цагаатгасан. Гэхдээ “гүтгүүлэгч” тал давж заалдах юм гэсэн.

Өмгөөлөгч Ц.Монгол:

-Сэтгүүлчийн бичсэн мэдээлэл үндэслэлтэй болох нь тодорхой хэмжээгээр нотлогдсон. Бага насны хүүхдүүдийг худалддаг, худалдан авдаг сүлжээ байсан гэдэг нь нотлогдсон. Энэ хэрэг шалгагдаж байгаа нь ч үнэн. Энэ бүгд олон нийтэд тодорхой болчихлоо. Гэрчийн мэдүүлгүүд байгаа. Харин энэ эх сурвалжуудыг хуулийн байгууллагууд Эрүүгийн байцаан шийтгэх хуульд зааснаар нарийвчлан шалгахгүй байгаа нь гайхширал төрүүлж байгаа юм гэж ярьсан билээ.

“Зууны мэдээ” сонины зүгээс энэ хэргийг нэг дүүргийн цагдаад биш УМБГ-т шалгуулах хүсэлт гаргасан. Тэнд зохион байгуулалттай онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс хүртэл бий. Авч хэлэлцээгүй. Гүйцэтгэх ажлын шугамаар шалгаж тодруулах, тухайлбал гэмт хэрэгт холбогдолтой байж болзошгүй хүмүүсийн гар утсыг чагнахаас өгсүүлээд өчнөөн шуурхай ажиллагааг тэр дор нь авч хэрэгжүүлж болох л байсан.

Бидэнд байгаа мэдээллээр бол хэргийн хохирогч охид их тодорхой мэдүүлэг өгсөн. Тухайлбал, “Би тэдэн сарын тэдний өдөр, тэр тэр нартай, тэнд тийм хүнтэй уулзсан. Тэр хүн надад унтах санал тавьсан. Тийм тийм шинж тэмдэгтэй, бүр ийм машин унадаг, машин дотор нь ийм зураг байсан, намайг дагуулаад тийм тийм газруудаар явсан гэхчилэн их л нарийн мэдээллийг өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байдаг юм билээ. Энэ хэргийг нарийвчлан шалгасан бол манай цагдаа их том юмны үзүүрээс атгах байлаа. Харин тэд үүнийг хийгээгүй. Ердөө л “Мон-Уран” компанийн захирал “гүтгүүлэгч” Б.Наранхүү, “гүтгэгч” сонин хийгээд сэтгүүлчийг тойрсон л асуудал явж явж ар хударгаар нь Баянгол дүүргийн шүүхээс нэг иймэрхүү л шийдвэр гарлаа.

Бид энэ хэргийг тун ноцтой гэж үзэж байгаа. Тухайлбал, сурагчийн ширээ, аав ээжийнхээ өврөөс холдоогүй, дөнгөж 14-15 настай, бас ч гэж царайлаг, амьдралын боломж тааруу, санхүүгийн асуудалтай, ядуу айлын хүүхдүүдийг зориуд сонгож, тэднийг ятгах, дарамтлах, айлгах маягаар захиалдаг, худалдан авдаг байж. Өнөөдөр жирийн иргэдийн маань амьдрал ахуй ямар байгаа билээ. Шүүх цагдаад хандсан нь л энэ болохоос дуугүйхэн нулимсаа арчаад энэ хэрэгт орж дарамтлуулсан, биеэ үнэлж, хүний наймааны золиос болсон хэдэн зуун охин энэ сүлжээний цаана байгаа юм билээ.

Эрүүл ухаантай хүн сонсоход сэтгэл сэрдхийлгэм энэ ёс бусын, муу ёрын сүлжээг манай цагдаагийнхан илчлээд хэн хэн гэдэг, мөнгө төгрөгөндөө хахаж ядсан гаж зуршилтай, үр хүүхэд шигээ жаахан амьтдаар зугаагаа гаргадаг байсныг олон нийтэд мэдээлж сэрэмжлүүлэх нь л бидний туйлын зорилго байсан билээ. Гэвч ийм зүйл болохгүй гэдэг нь Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрээс улам бүр тодорхой болж байна.

Шүүхийн шийдвэрээр бол таван охин бусдын биеийг үнэлүүлэх зохион байгуулалттай гэмт хэрэг үйлдсэн байна. Тэдэнд ял сонсгосон. Асуудал шийдэгдсэн. Одоо дахин хэлэхэд “ташаа мэдээлэл” бичсэн сэтгүүлчийг сонинтой нь хамт яллах л ажил үлджээ.

“Шалгаж өгөөч, анхаарал хандуулаач” гэж бид маш олон байгууллага, албан тушаалтанд бичсэн, хандсан. Бүр гэмт хэргийг нуун дарагдуулж байгаа баримтыг Улсын Ерөнхий прокурор, ЦЕГ-ын дарга, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэр дээр хүртэл явуулсан. “Танай бичгийг УМБГ-т явууллаа” гэсэн Ерөнхий прокурорын албан тоотоос өөр ам цаас ч алга таг чиг байна.

Манай хуулийн байгууллага гэмт хэрэгтэнд ямар боломж олгодгийн тод жишээ бол Эрдэнэбилэг гэдэг залуугийн үйлдсэн гэмт хэрэг боллоо. Нийгэм тэр чигээрээ энэ залуугийн харгис үйлдлийг жигшин зэвүүцэж байна. Хүн алсан, найзынхаа ээжийг хүчирхийлсэн ёс бус үйлдэлд нь тохирох ялыг нь оноогоод Эрдэнэбилэгийн дахин гэмт хэрэг хийх замыг нь хуулийн байгууллагын зүгээс таслан сэргийлэх арга хэмжээ авсан бол тэр дахин нэг гэр бүлийн гурван хүний аминд хүрч, найз охиноо эцэг эхтэй нь хамт зэрлэгээр хөнөөх байсан гэж үү? Үнэн хэрэгтээ бага насны охид дамлан худалддаг сүлжээний наана нь таван охиныг шийтгээд өнгөрөвч цаанаа сүлжээ яг хэвээрээ бүр далд, бүр нууцлаг байдалд нуугдаад үлдчихлээ шүү дээ. Тэднийг илрүүлэхгүй байх нь хэнд ашигтай юм бэ?

Өнөөдөр амьдрал ахуйн хувьд хэцүүхэн, ядуу айлын охин гаж донтнуудын золиос болдог юм байж. Харин маргааш тэдний золиос нь та, бидний үр хүүхэд болж болзошгүй учраас л бид энэхүү асуудлыг сөхөн тавьсан билээ. Энэ бүхнээс дүгнэн хэлэхэд, хүний наймааны хэрэг Монголд хэзээ ч илрэхгүй юм байна. Илрүүлэх сонирхол, хүсэл ч алга, манай цагдаа, хууль хүчний байгууллагад. Тэр тусмаа, дунд сургуулийн 14-15 настай охидын онгон биеийг худалдсан зохион байгуулалттай гэмт хэрэг илрэхгүй юм байна.

Гэхдээ хууль хяналтын байгууллага яаж ч шийдлээ гэсэн манай сонины Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн зүгээс бага насны охидын онгон биеийг наймаалдаг сүлжээний талаар өөрт байгаа бүхий л мэдээллийг олон нийтэд ил тод болгон тавих нь зөв гэж үзэж байгаа билээ. Ядаж сэрэмжлүүлэг болог, ядарсан айлын учир мэдэхгүй охин хүүхдэд, олон олон эцэг эхчүүдэд дохио сануулга болог, Одоо бидний зүгээс хийж чадах, хийж болох ганцхан алхам энэ л үлдэж байна.

Ерөнхий прокурор Д.Дорлигжав, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Шадар сайд М.Энхболд, ЦЕГ-ын дарга Д.Сандаг-Очир гээд бүгд л үртэй хүүхэдтэй хүмүүс байх. Та бүхэн ажил ихтэй, төр түших гээд завгүй байдаг байх. Эцэст нь та бүхнээс асуух ганцхан асуулт байна. Бид “Охидоо хаана нуух вэ?”. Гэмт хэрэгтнүүдээс тэднийгээ яаж хамгаалах вэ. Бидний цагдаа, бидний шүүх, бидний хууль биднийг хамгаалахгүй байна. Энэ л асуулт эгэл жирийн эцэг эхчүүд, бид бүхний сэтгэлийг хамгийн их зовоож байна даа.

“Зууны мэдээ” сонины эрэн сурвалжлах алба


URL:

Сэтгэгдэл бичих