Стив Жобсийн Стэнфордын төгсөгчдөд хэлсэн үг

144540052656270fcee6cdaБи та бүхэнд 3 л түүх ярьж өгье.
Би Рийд коллежид орсноосоо хойш зургаахан сарын дараа сургуулиа орхисон. Учир нь ердийн л нэг ажилчин эцэг эхийнхээ насаараа хурааж хуримтлуулсан бүх мөнгийг бараг л Стэнфорд шиг өндөр төлбөртэй тэр коллежид өгөөд энэ сонголтоос ямар ч үнэ цэнэ олж хараагүй юм. Тэгээд сургуулиасаа гарахаар шийдлээ. Тухайн үед аймаар санагдаж байсаан. Гэвч одоо эргээд харахад тэр миний амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр байсан юм. Сургуулиасаа гарна гэж бодсон мөчөөс л би сонирхол татдаггүй хичээлд шууд суухаа больсон. Харин түүний оронд дуртай зүйлүүдээ хийж эхлэв.
Хоол авч идэхийн тулд уусан ундааныхаа шилийг 5 центээр эргүүлэн тушааж 7 хоногийн ням гарагийн орой ганц өдөр ч гэсэн гайгүй хоол идчих санаатай Харе Кришнагийн сүм рүү 11 км алхаж очдог үе байлаа.

Воцтой хамт аавын гараашт “Apple”-ийг анх эхлүүлж байхдаа би 20 настай байв. Бид нөр их хөдөлмөрлөсний хүчинд 10 жилийн дотор “Аpple” компани ердөө хоёулхнаа гараашт эхэлсэн бизнесээс хоёр тэрбум ам.долларын үнэлгээтэй, 4000 ажилтантай компани болон хөгжсөн билээ.
Гэвч 30 насандаа өөрийн үүсгэн байгуулсан компаниасаа саналын зөрөлдөөнөөс болж хөөгдөв. Сэтгэл хоосорч, эзгүйрсэн мэт хэцүү байлаа. Хэдэн сар юу хийхээ мэдсэнгүй. Хэдийгээр тэд надаас татгалзсан ч би ажилдаа хайртай хэвээр байсан юм. Тиймээс л би шинээр эхлэхээр шийдлээ. “Аpple”-аас халагдсан нь амьдралд минь тохиолдсон хамгийн том завшаан болж хувирсан.
Түүнээс хойшхи таван жилд би “NeXT” болон “Рixar” хэмээх хоёр компани ч байгуулж, ирээдүйд эхнэр минь болсон гайхамшигтай эмэгтэйтэй учирсан. Өдгөө хүүхэлдэйн киноны хамгийн шилдэг студи болоод байгаа Пиксарт бид дэлхийн хамгийн анхны компьютерээр бүтээсэн “Тоглоомын түүх” хүүхэлдэйн киногоо хийсэн билээ. Үүний дараа санаанд оромгүй болж, “Аpple” “NеХТ”-ийг худалдан авснаар би Аpplе-д эргэн ирлээ.
Амьдралд заримдаа тоосгоор толгой руу цохиод авах шиг явдал тохиолддог. Харин тэр үед итгэлээ л алдаж болохгүй.

Гурав дахь түүх маань үхлийн тухай.
17 настайдаа би ийм нэг үг уншсан юм. “Өдөр бүрийг сүүлчийн мэт санаж явбал эцэстээ зөв амьдарсан байх болно” гэсэн утгатай байсан санагдана. Маш гүн сэтгэгдэл төрүүлсэн энэ үгийг уншсанаас хойш би өнгөрсөн 33 жилийн турш өглөө бүр толинд хараад “Хэрэв өнөөдөр миний амьдралын сүүлчийн өдөр байсан бол би өнөөдөр хийх гэж буй ажлаа хийхийг хүсэх байсан уу” гэж асуух болсон. Мэдээж олон өдөр би “үгүй” гэж өөртөө хариулж байсан.

Үхэх гэж байгаа хэмээн байнга өөртөө сануулснаар орхих ёстой зүйлсээсээ салж, зөвхөн нүцгэн үнэнийг олж харах болно. Ийм үед зүрхээ дагахгүй гээд яалтай. Мэдээж ч хэн ч үхэхийг хүсдэггүй. Диваажинд очихыг мөрөөддөг хүмүүс ч үхэхийг хүсдэггүй юм. Гэхдээ л үхэл бол бид бүгдээрээ очих нэг чиглэл. Үхлийн ачаар л хуучирч удсан бүхэн шинэ сэргэг зүйлд зайгаа тавин өгдөг билээ. Яг одоо бол тэр шинэ, ургаж соёолсон бүтээл нь та бүгд, та нарын үеийнхэн юм. Та нарын цаг хугацаа ч хязгаартай. Тэгэхээр өөр хэн нэгний амьдралаар амьдарч, цагаа бүү үр. Бусдын бодол санаагаар өөрийн дотоод дуу хоолойг бүү дар. Тэгээд хамгийн чухал нь өөрийн зүрх сэтгэл, хүсэл сонирхлоо дагах зоригтой бай. Түүнээс бусад нь хоёрдогч асуудал.

Шинэ мэдлэг, шинэ зүйлийг өлсгөлөн мэт хүлээн авч, тэнэг юм шиг бүгдийг сониучирхан сурах. Энэ л миний амьдралдаа мөрдөхийг хичээсээр ирсэн зарчим билээ. Өлсгөлөн хэвээр бай. Тэнэг хэвээр үлд


URL:

Сэтгэгдэл бичих