Эцэг хуульд “гар дүрэх” эр зоригтон байна уу

ce0edceb7be671feoriginalУИХ-ын намрын чуулган эхэлснээс хойш парламент долоо хоногт нэг удаа хуулийн төслүүд Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг хэлэлцдэг болов. Сар жилдээ л цөөхөн хуралддаг байсан Цэц долоо хоногт 2-3 удаа хуралдах нь хэвийн үзэгдэл боллоо. Улстөрчдийн ярьж байгаачлан Цэц идэвхтэй ажиллаж байгаа мэт харагдавч нөгөө талаараа 23 жилийн өмнөх Үндсэн хуулийн зүйл заалтууд өнөөгийн нийгмийн хэрэгцээ шаардлага, хуулийн төслийн өөрчлөлттэй уялдахгүй болжээ гэдгийг баталж буй хэрэг. Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлтийг Цэц сайн дураараа гаргадаггүй.

Тэгэхээр, Үндсэн хуультай холбогдуулан гаргаж буй иргэдийн гомдол ихэсч, УИХ-тай Цэц “дайсагнах” болсон хамгийн том шалтгаан нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт болж байгаа юм. Хамгийн сүүлд УИХ-аар хэлэлцсэн УИХ-ын тухай хуулийн 7.1.12 Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн гэх Цэцийн маргааныг жишээ татъя.

УИХ-ын гишүүн Засгийн газрын сайдыг огцруулах асуудлыг оруулж ирж болно гэж заасан атлаа Засгийн газрын танхим бүрэн бүрэлдэхүүнээр тогтвортой ажиллах ёстой гэсэн тунхгийн заалтыг Үндсэн хуульдаа тусгачихсан нь хууль хоорондын уялдаа холбооны маргаанаас хэтэрч хуулийг хэн дуртай нь яаж ч тайлбарлаж болох нөхцөл байдлыг бий болголоо. Энэ бол эхний жишээ. Цаашлаад улс төрийн хувьд тогтворгүй байдал бий болох, улс төрийн намуудын нэр хүнд унах, төрийн гурван өндөрлөг хуулийн дуртай зүйл заалтаар бие биеэ шантаажилж буй байдал нь зөвхөн эцэг хуульдаа гар дүрэхийг хүсэхгүй явж ирсний хар гай. Энэ талаар олон ч улстөрч байр сууриа илэрхийлдэг. Харин өөрчлөх зориг тэдэнд өнөөдрийг хүртэл алга. Цаашдаа ч байхгүй байх нь.

Улс төр судлаачид ч Үндсэн хуулиа өөрчлөх тухай ярьсаар байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан, Сингапур улсад суух элчин сайд асан, Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Дэлгэрмаа өчигдөрхөн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Парламентын 25 жилийн ойн хүндэтгэлийн хурал дээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тун хатуу үг хэлсэн дээ. Тэр нь юу вэ гэвэл нийгэм бухимдаж, төрийн институциуд легитим чанараа алдаад байна гэж. Өөрөөр хэлбэл, хууль ёсыг, эрх зүйт төрт ёс алдагдаад байна аа гэсэн. Өнөөдөр УИХ, намуудын нэр төр авах юмгүй уналаа. Энд хувь хүмүүсийн гэхээсээ илүүтэй системийн, тогтолцооны гажиг, төрийн дархлааны тухай асуудал хамаатай болж байгаа юм.

  Үндсэн хууль өнгөрсөн 25 жилд түүхэн үүргээ гүйцэтгэжээ

23 жилийн өмнө энэ Үндсэн хуулийг баталж байхад төслийг нь боловсруулсан Улсын бага хуралд ч, баталсан АИХ-ын 430 депутатад ч, ер нь монголчуудад одоогийнх шиг туршлага байсангүй. Бид олон арван жил улс орноо бие дааж удирдахыг “мартсан” байлаа. Тиймээс гадны хуулиудын гоё санаануудыг түүж төслөө боловсруулсан, дээр нь 430 депутатын сэтгэлийн хөдөлгөөн их туссан хууль шүү дээ. Ганц нэг хүн хэчнээн мундаг байлаа ч бүгдийг харах чадваргүй. Тэгэхээр энэ Үндсэн хууль өнгөрсөн 25 жилд түүхэн үүргээ гүйцэтгэжээ” хэмээн ярьжээ. Өөрөөр хэлбэл, ардчилсан замналаар явсан энэ 25 жилийн хугацаанд бидний амьдралын хэмнэл, хурд сэтгэхүйнд асар их өөрчлөлт орсон учраас 23 жилийн өмнө баталсан Үндсэн хууль бидний энэ хурдтай хэмнэлд дасан зохицох чадамжгүй болсон байна. Дээр хэлсэнчлэн төрийн гурван өндөрлөг өнөөдөр бие биенээ барьцаалсан байдалтай ажиллаж байгаа. Ерөнхий сайдын бүрэн эрхийн хугацаа 19 гишүүний гарын үсгээр шийдэгдэж байна. УИХ-ын дарга хуулиас давсан бүрэн эрхтэй, Ерөнхийлөгч хүссэн хуульдаа хориг тавьдаг, Ерөнхий сайдыгаа үгэнд орохгүй бол хүссэн УИХ-ын гишүүн огцруулж болдог болсон.

Нэг намын бодлогод зангилагдаж буй атлаа нэг нэгнээ шантаажилж буй өнөөгийн улс төрийн дайсагналыг ил тод хэлэхээс өөр арга алга. УИХ-ын гишүүн 19 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барьсан тохиолдолд Засгийн газар сууриараа ганхдаг 23 жилийн гажуудлын үр дүнд бид 14 удаа Засгийн газар байгуулж, 12 Ерөнхий сайдын нүүр үзчихлээ. Үр дүнд нь салбарын талаарх наад захын мэдлэггүй сайдууд ээлжлэн солигдож, яамдын бүтцээ нааш цааш болгосон. Гурван сая иргэнтэй жижигхэн улсад хэт томдсон төрийн бүтэц эдийн засгийг элгээр нь хэвтүүлчихлээ. Бидний өнөөх үлгэр жишээ авдаг Англи, Германд гэхэд 20 гаруй жилийн хугацаанд гуравхан Ерөнхий сайдын нүүр үзсэн байх жишээтэй. Франц 1958 оноос өмнө парламентын засаглалтай, парламент нь сайд нараа томилж чөлөөлдөг байхад 12 жилийн хугацаанд 21 засаг солигдсон байдаг жишээ байна.

Францууд Үндсэн хуулиа өөрчилж байж тогтвортой байдлыг бий болгосон гэдэг. Тэгэхээр Үндсэн хуульдаа гар дүрэхээс өөрөөр засаглалын хямрал, улс орны амьдралыг туйлдуулж буй нөхцөл байдлаас бид гарч чадахгүй нь тодорхой боллоо. Ямар ч урт хугацааны бодлого, нэг намын тогтвортой засаглал байлаа гээд нэмэр болохгүй нь. Төрийн дээр нам сандайлсан, улс төрийн халаа солио хэдхэн фракцын эрх ашгаар шийдэгддэг энэ гажиг тогтолцоог өөрчлөхийг хүссэн, тэр талаар дуугарсан нэгнийг нь нухчин дарах, төрийн эсрэг гэмт хэрэгтэн болгож харагдуулах гэсэн зохион байгуулалттай үйл ажиллагаа идэвхжих хандлагатай болжээ. Тэр тусмаа Үндсэн хуулийн өөрчлөлт хэн нэгний эрх ашгийг хамгаалах гэсэн, эрх мэдлийг нь бататгах гэсэн захиалгаар өөрчлөгдөх вий гэдэгт анхаарал тавих хэн нэгэн өнөөгийн улс төрд байна уу, улстөрчид өө. Ийм эр зоригтон энэ төрд байхгүй гэж үү.

Эцэг хуульд өөрчлөлт оруулах тухай яриа гурван ч парламент дамжин яригдаж буй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг өнөөгийн парламентын үед Н.Батбаяр гишүүнээр удирдуулсан байгуулсан ч ажлын хэсгээс үр дүн гарсангүй. Ганц нэг улстөрчид дангаараа дуугарахаас өөр ахисан зүйл алга. Намын бүлгүүд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай хэмээн байсхийгээд л мэдээлэл хийдэг ч зориглоод хийх улс төрийн хүчин байхгүй байгаа нь шантаажилсан, дарамталсан, хүссэнээр халж сольдог, өөрчилж “тоглодог” энэ тогтолцоо тэдэнд ашигтай байгаа хэрэг. Ер нь Үндсэн хуулийн суурь өөрчлөлтийг хийж чадах улстөрч, улс төрийн намыг цаашид төр удирдах эрхтэй байлгах тухай ч шат шатны эсэргүүцэл тэмцлийг эхлэхгүй бол аман дээрээ хөмсөг зангидан ярьдаг атлаа начир дээрээ хэн ч гараа хөдөлгөхгүй явсаар дараагийн 20 жилд бид өнөөх л бүтцийн өөрчлөлт сандал суудлын маргаан, сайд даргыг огцруулах тухай ярьсаар байх нь.

Цаг нь биш гэсэн ганцхан үгээр халхавч хийчхээд шантааж, хор найруулах ажилд улам бүр гаршсаар байгаа улс төрийн намууд Үндсэн хуулиа өөрчлөх улс төрийн эр зориг гаргах уу гэдгийг ард түмнээрээ хянаж, шаардаж эхэлье. Эс тэгвээс хэдхэн намын цөөхөн улстөрчийн тоглоомын золиос Монгол Улс болох цөвүүн цаг ирчихлээ. Хуульдаа 2016 он гарахаас өмнө гар дүрэх иргэний эр зоригийг улстөрчдөөс шаардъя, өөрчлөх цаг хугацаа нь ч ирчхэж.

“Монголын мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих