Сэтгэлгээний мөнх цэвдэгийг яаж гэсгээх вэ? Гантөмөр сайд аа
“Өнөөдрийн хүүхдүүд маргаашийн соёл иргэншил мөн” Рона Хаббард Боловсролдоо хийх гэж буй “Хэрэглээний боловсрол”-ын философийг үндэслэгч Рона Хаббард ингэж айлджээ. Шинэчлэлийн Засгийн газраас дэвшүүлэн хэрэгжүүлж байгаа “Ном” хүүхэд бүрийн авьяасыг хөгжүүлэх хөтөлбөрийг өвгөн багш миний бие дэмжиж байгаа билээ. Аливаа шинэ үзэл санааг санаачилж хэрэгжүүлэх үйлс нь анхнаасаа цэвэр ариун үзэл санаагаар жигүүүрлэж байж амжилтад хүрдэг.
Өнөөгийн хүүхэд багачуудад ямар ном уншуулах вэ гэдэг асуултад зөв хариулт өгч, зөв ном уншуулах нь өнөөгийн бидний тулгамдсан зорилт болоод байна.
Боловсрол, ШУ-ны яам хүүхдэд уншуулах номыг сонгон шалгаруулах эксперт томилж олон ном шалгаруулжээ. Миний бодлоор бол экспертэд орсон мэргэд хүүхдэд уншуулхаар хэвлэлийн газруудаас санал болгосон бүх номыг нэг бүрчлэн уншиж байж сонголт хийх учиртай. Зохиогчийн нэр, номын нэр харж дугуйлах замаар сонгон шалгаруулалт хийсэн нь дэндүү хариуцлагагүй үйлдэл болжээ. Хүүхдэд уншуулах номын тухайд бол сүүлийн хэдэн жилд “Хөх дэвтэр” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан “Хүүхдийн шилдэг зохиолын Эрдэнэсийн сан” цуврал 108 ном уншигч хүүхдүүдийн сонирхолыг татаж буйг би мэдэх юм. Би хувьдаа энэ цувралын 30 гаруй номыг уншсан болно. Зарим номыг нь уншаад уйлж билээ.
Найз нөхдийнхөө ач, зээ нарт хэд хэдэн номыг өгч уншуулахад номоос салахаа больсон олон тохиолдол буй. Би багш хүний хувь Монголын хүүхэд багачуудын уран сайхны боловсролын төлөө санаа тавьж, дунд сургуульд үздэг уран зохиолын хичээлийн үр дүнд санаа зовж хэд хэдэн өгүүлэг бичсэн. Гэвч миний өгүүлэлд бичсэн санаанууд яамны түшмэдүүдийн хүнд суртлын мөсөн уулыг мөргөж “амьсгал хураасан” юм.
Сүүлийн 20 жилд манай яамны эрх мэдэл бүхий түшмэдүүд “Мэдэхийг бүү хүс! Мэддэгийг бүү дага!” хэмээсэн тангадын хараалд өртөж сэтгэлгээ нь хоцрогдож олонхи тохиолдолд бурангуй бодлогоо явуулсаар өдий хүрлээ.
Ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт философи, уран зохиолын хичээлийг хасч, хөх монголын хойчсыг манкурт боол болгох зорилгоо хэрэгжүүлсээр байна. Дэлхий дахины боловсролын хөгжлийн хандлагаас харахад “Чөлөөт сэтгэлгээг хөгжүүлэх боловсрол: түүх, философи, уран зохиол”-д анхаарал их тавьж, дэлхийд нэртэй зохиолч, судлаачид “Эрүүл уран зохиол”, “Эрүүл кино”-ны тухай ярьж бичих болов.
Миний өмнө Мексикийн зохиолч Лаура Эквилсийн “Мэдрэмжийн тухай ном“ дэлгээтэй байна. Энэ номд “Эрүүл уран зохиол түгшүүр болон дотоод сэтгэлгээг хүчээр барьж байдаг эрчим хүчийг гадагшлуулж биеэс чөлөөлж байдаг бол эрүүл бус уран зохиол нь тэр эрчим хүчийг уйтгар гуниг болтол нь ихэсгэж байдаг” гэжээ.
Тэгвэл “Хөхдэвтэр” хэвлэлийн газраас гаргасан “Хүүхдийн шилмэл зохиолын эрдэнэсийн сан” 108 боть нь “Эрүүл уран зохиол”-ын хэмжүүрт бүрэн багтана. Би хүүхдийн нэрт зохиолч Ф.Бөрнэтийн цуврал 3 номыг уншлаа. Энэ номууд надад сэтгэлийнхээ гүнд нуугдаж байсан үнэт зүйлээ олж таних боломж олгож байна. Ном бүхний төгсгөлд зохиолын балчирхан баатруудтай ярилцах асуултууд байгаа нь анхаарлыг их татаж байгаа бөгөөд хүүхдэд ухаарал, гэгээрэл өгөх номууд болохыг баталж байна. Ном бүхэн төгсөхдөө сайн сайхан үйлс ялан дийлж байгаа нь ч хүүхдийн оюун сэтгэлд ялан дийлэхийн ухамсарыг буй болгож байна. Энэ номуудыг монголын хүүхдүүдийн уншуулах номын нэрсийн жагсаалтаас хасахдаа : “Танай хэвлэлийн газраас гаргасан номууд орчуулга муутай” гэсэн шалтгаан хэлжээ. Энэ цуврал номыг ахмад үеийн нэртэй орчуулагч У.Нямсүрэн, Ц.Даваажав, дунд үеийн Д.Оюунчимэг, залуу үеийн Б.Баясгалан, Д.Сүрэнжаргал нар орчуулсан юм. Хүүхдийн уран зохиолын орчуулга энгийн бөгөөд ойлгомжтой байх, зохиолын өгүүлбэрүүд нь олон үггүй, цомхон байдаг шүү дээ. Бас манай яамны эрх мэдэл бүхий түшмэл: “Манай ардчилсан намын хэвлэх үйлдвэрт хэвлүүлбэл хэдэн ном оруульяа” гэж айлджээ. Гантөмөр сайд аа. Та ямархан хүмүүсээр багаа бүрдүүлэв ээ.
Би энэ үгийг сонсоод З.Фрейдийн “Би ямар муухай хүмүүсийн дунд амьдарч явна” гэсэн уулга алдалт санаанд лав орсон шүү.
Монголчууд бид залуу үеийнхний балчирхан оюун сэтгэлгээг “намчирхал”-ын мөнх цэвдгийн хүйтэн чулуугаар хайрмааргүй байна. Үүнийг үл өгүүлэх нь: Миний Монголын үр сад ямар хэцүү ертөнцөд аж төрнөв. Хүчирхийлэл, мансуурал, гэмт хэрэг, амиа хорлолт газар авсаар л… Телевиз бүхний дэлгэцээр алаан хядаан, цус нөж урссаар л…
Мэдээ орсон цагаасаа хүүхдүүд түүнийг үзэж харсаар л… Өнгөрсөн зууны сүүлээр Бандурагийн лаброторид хийсэн судалгаагаар телевизээр гарч байгаа түрэмгийлэл, аллага таллага үзүүлсэн кино хүүхдийн зан үйлд ямар өөрчлөлт оруулдгийг судлаад:
1. Түрэмгий зан үйлийг нэмэгдүүлдэг,
2. Түрэмгий зан чанараа тэвчих чадварыг буруулдаг,
3. Түрэмгийллийг мэдэрч, эв дүйтэй харьцах чадварыг алдагдуулдаг
гэж тогтоогоод, 427 хүүхдийг арав арван жилээр зан авирт нь ямар өөрчлөлт гарсныг олж тогтоосон байдаг. Судалгаанд хамрагдсан 4000 хүүхэд 30 насандаа
1. Түрэмгий зан авир нь тогтвортой хадгалагдсан,
2. Хууль дүрэм олонтаа зөрчдөг,
3. Гэр бүлийн түрэмгийлэл тогтмол байдаг болохыг тогтоожээ.
30 насандаа хийсэн гэмт хэргийн хүнд хөнгөний шинж нь 8 насандаа телевизээр үзэж байсан хүчирхийлэлтэй шууд хамааралтай гэсэн дүгнэлт хийсэн байна.
Энэ судалгаанаас үзхүл бид “Зөв монгол хүн”-ийг төлөвшүүлэхэд их зүйл хиймээр байгаа биз. “Зөв монгол хүн” гэж хэн юм бэ? Шалгуур нь ямар байх вэ? Бурхны сурааль үзэж байхад “Найман зөв зам мөр”-ийн онол гэж байдаг юм билээ. Тэр нь:
1. Зөв үзэл,
2. Зөв сэтгэл,
3. Зөв үйлс,
4. Зөв үг,
5. Зөв амьдрал,
6. Зөв тэмүүлэл,
7. Зөв ухаарал,
8. Зөв бясалгал,
Эдгээр бүлгээ.
ГАНТӨМӨР сайд аа. Зөв монгол хүнийг төлөвшүүлэхэд, зөв хүмүүсээр багаа бүрдүүлсэн зөв бодлого, зөв үйлстэй Яам чухал шүү гэдгийг ахмад багшийн хувьд зөвлөе.
Эрхэм сайд танаа:
Нэгэн зүйл: Монголын маргаашийг авч явах хойч үеийнхний хөгжил-хүмүүжил-боловсролын асуудлаар “Зөв монгол хүн” сэдэвт эрдэмтэн мэргэдийн чуулганыг зохион байгуулах,
Нэгэн зүйл: “Либерал арт” буюу сэтгэлгээг хөгжүүлэх боловсрол болох түүх-философи-уранзохиолын хичээлийн талаар өргөн хэлэлцүүлэг явуулж, ЕБС-ын хөтөлбөрт зохих байр эзлүүлэн, дээрх хичээлүүдийг сургалтын технологийг боловсронгуй болгох арга хэмжээг яаралтай зохион байгуулах,
Нэгэн зүйл: Хүүхэд багачуудад уншуулах зохиолын сонголтыг дахин хянан үзэж, Яамнаас томилогдсон экспертүүд бүх зохиолыг уншиж сонгон шалгаруулалт хийх.
Бидний “хэрэглээний боловсрол” онол арга зүйг үндэслэгч Рона Хаббард “Дианетик” алдарт номдоо, “Хүний оюун ухаан хоёр туйлаас бүрддэг. Нэг нь задлан шинжлэх ухаан, нөгөөх нь зад эсэргүүцэх ухаан юм. Задлан шинжлэх хэв шинжийн оюун ухаан нь авардаг. Зад эсэргүүцэх ухаан нь мөхөөдөг. Ухаанаар биеэ жолоодох шинэ сэтгэлгээ, шинэ арга барил чухал” гэжээ. Бумбын эрин сэтгэлгээний мөнх цэвдгийг гэсгээнэ. Үүнд итгэж, эрч хүчтэй, шударга ажиллаарай.
Ломбын НЯМАА
МЗЭ-ийн шагналт яруу найрагч, ахмад багш
URL: