С.Мөнгөнчимэг: Залуус бид ирээдүйн хувь заяаныхаа эзэн нь, эх орны хөгжлийн хөшүүрэг болж чадна

Өнөөгийн нийгэм дэх залуусын оролцоо, тэдэнд тулгардаг асуудал, хөдөлмөр эрхлэлт зэрэг өргөн сэдвээр МАН-ын дэргэдэх Нийгмийн ардчилал Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга С.Мөнгөнчимэгтэй ярилцсанаа хүргэе. 

-Та НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга болоод удаагүй. Тиймээс С.Мөнгөнчимэг гэж хэн бэ гэдэг нь хүмүүст сонирхолтой байх болов уу?
-Юуны өмнө танай сониноор дамжуулан эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч байгаа залуустаа энэ өдрийн мэндийг хүргэе. Би Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. Бага нас маань хөдөөгийн хүүхдүүдийн нэгэн адил өнгөрсөн. Сумандаа цэцэрлэг, дунд сургуулиа дүүргэж, МУИС-д эдийн засагч мэргэжлээр суралцаж төгссөн. Мөн АНУ-ын Калифорни мужийн Олон улсын их сургуульд гадаад худалдааны чиглэлээр магистр хамгаалсан.
Намын дэргэдэх залуучуудын холбооноос ажлын гараагаа 2001 оноос эхлүүлж, улс төрийн ажилтан, ахлах ажилтнаар долоон жил ажилласан. Дараа нь төрийн алба, бизнесийн байгууллагад бас чамгүй олон жил зүтгэжээ. Энэ хугацаанд холбооныхоо Бага хурлын гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдон ажилласан. Товчхондоо, залуучуудтай ойрхон ажиллаж иржээ.
-НАМЗХ-ны V их хурал өнгөрсөн зургадугаар сард болсон. Хурлаас хойш бүтцээ бүрэн шинэчилж, бодлого чиглэлээ тодорхойлсон олон шийдвэр гаргасан нь мэдээж. Эдгээр үйл ажиллагаанаас та алийг нь онцлох вэ?
-V их хурлаас хойш холбооныхоо үйл  ажиллагааг урт хугацаанд тодорхойлсон стратеги төлөвлөгөө боловсруулахаар ажиллаж байна. Уг бодлогын баримт бичгээ шинжлэх ухаанчаар, судалгаанд тулгуурлан гаргах шаардлагатай. Тиймээс салбар салбарын төлөөлөл болсон 15 эрдэмтэнтэй хамтарсан баг суурь судалгааг тал бүрээс нь судалж, нэгтгэхээр ажиллаж байгаа.
Дээд боловсролын чанар, бизнесийн боловсронгуй байдал, хөдөлмөрийн зах зээлийн үр ашиг, зах зээлийн судалгаа, технологийн бэлэн байдал, дэд бүтэц, макро эдийн засаг, инноваци гээд онцлох ёстой олон сэдвийг хамарч судалгааны дүн гарна. Эрдэмтдийн маань баг ирэх сард ажлаа дуусгах төлөвлөгөөтэй. Судалгааны дүнд үндэслэн НАМЗХ дунд болон урт хугацаандаа буюу 2020, 2030 он хүртэл ямар чиг шугам баримталж ажиллахаа тодорхойлно.
Ер нь НАМЗХ-ны үндсэн бодлого бол нийгмийн чиг баримжаатай ардчилсан үзэл санааны үндсэн зорилт болох нийгэмд чинээлэг дундаж давхаргыг нэмэгдүүлэхэд залуус гар бие оролцон манлайлах ёстой гэж үзэж байгаа.
-НАМЗХ бол орон даяар салбартай цөөн байгууллагын нэг. Өнгөрсөн зун та бүхэн олон аймаг аймаг, суманд очиж ажилласан. Орон нутагт хүрч ажилласны үр дүн хэр гарч байна вэ?
-Бид ажлаа залуусаа сонсохоос эхлүүлсэн. Ярьж шүүмжлэхээсээ илүү, газар дээр нь очиж бодит байдалтай танилцаж тэдний өмнө тулгарч буй асуудлын гарц шийдлийг хамтдаа олохыг эрэлхийлж байна. Одоогийн байдлаар залуусын чуулга уулзалтыг 14 аймагт хийж, 16 мянга гаруй залуусыг хамрууллаа.
Очсон газар бүрт залуучууд нутаг орондоо тогтвор суурьшилтай ажиллах бололцоо, мэргэжлийнхээ чиглэлээр сургалт дамжаанд хамрагдах боломж, орон байртай болоход бодлогын зохицуулалт хэрэгтэйг онцолж байсан. Баг, сум, аймгийн төвд ажиллаж, амьдарч буй залууст маань тулгарч байгаа хүндрэл сорилт, өөрчлөлт шинэчлэл шаардсан, шийдэл гарц хүлээсэн асуудлуудын талаарх тэдний санаа бодлыг тодорхойлохоор түүвэр судалгаа авсан. Судалгаанд 3000 гаруй залуу хамрагдаад байна.
Залуусын хамгийн түгээмэл хариултуудыг харахад “ажлын байр бий болгооч, хөдөлмөр хийж амьдрал ахуйгаа дээшлүүлье, нийгмээрээ бүгдээрээ хариуцлагатай байцгаая” гэсэн санал бодол давамгайлж байна. Удахгүй бид үр дүнг нь гаргаж нэгтгэнэ. Судалгааны дүнд үндэслэн залуусын дуу хоолой, санал бодлыг МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгах юм. Хамгийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх боломжийг эрэлхийлсэн, гарц шийдэл санал болгосноор манай нам залуу сонгогчдын дэмжлэгийг авах боломж нөхцөл бүрэлдэнэ.
Бид хөдөө орон нутагт хүрч ажиллахаас гадна тэдэнтэйгээ сошиал сүлжээ ашиглан байнга холбоотой байж, холбооныхоо бодлого, үйл ажиллагааны талаарх мэдээллийг байнга хүргэдэг боллоо. Өнөөдөр алслагдсан сумын малчин залуус хүртэл фэйсбүүкийн байнгын хэрэглэгч болсон байна шүү дээ.
-Залуучуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг идэвх санаачилгатай байлгахад чиглэсэн ямар үйл ажиллагаа явуулж байна вэ?
-Манай холбооноос Монголын залуус эх оронч, боловсролтой, хариуцлагатай, эрүүл, бүтээлч байх ёстой гэсэн таван чиглэлийн бодлого дэвшүүлэн ажилладаг. Үүний нэг “Эрүүл монгол залуу” бодлогын хүрээнд залуусыг эрүүл, идэвхтэй амьдралд уриалж, спортоор хичээллүүлэх, багаар ажиллах орчинг бүрдүүлэх, гишүүд, дэмжигчдийн хүрээг тэлэх зэрэг олон зорилгын дор “Эрүүл монгол залуу эв нэгдлийн спортын их наадам”-ыг бүх аймаг, суманд зохион байгуулах гэж байна.
Энэ нь спортыг амьдралынхаа хэвшил, хэв маяг болгох, залуус бие биеийнхээ, багийнхаа өмнө үүрэг хариуцлага хүлээдэг сэтгэлгээг төлөвшүүлэхэд чиглэсэн ажлуудын нэг юм. Энэ их наадам залуучуудын том баяр, санал бодлоо хуваалцах, ойртон нөхөрлөх томоохон үйл явдал болно гэж үзэж байгаа. Харин “Боловсролтой монгол залуу” бодлогын хүрээнд холбооныхоо гишүүд, дэмжигчдэд зориулан гурван шатлалт сургалтын хөтөлбөр боловсруулж байна.
Сургалтын агуулгад гишүүдийн мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, хөгжих боломж бүрдүүлэхийг зорьж байгаа юм. Үүнээс гадна хувь хүний хөгжил, үзэл баримтлал, нам болон холбооны түүх, үнэт зүйл, ёс заншил, гишүүдийн хариуцлага гэх асуудлыг тусгаж өгсөн.
-Өнөөгийн улс орны эдийн засаг нийгмийн байдал тийм ч таатай бус байна. 2015 он гарсаар олон байгууллага орон тооны цомхотгол хийсэн. Үүний цаана олон хүн ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна. Энэ талаар залуучуудын байгууллагын удирдлагын хувьд ямар байр суурьтай байдаг вэ?
-Улс орны эдийн засгийн байдал хүндэрч олон аж ахуйн нэгж үүдээ барьж, зарим нь ажилчдынхаа тоог цөөрүүлж байна. Энэ давалгаандхамгийнихөртөж байгаа нь залуучууд. Гаднын хөрөнгө оруулалт буурсан, дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ ханш унасан зэргээс үүдээд уул уурхайн компаниуд цомхотгол, цалингүй чөлөө олголт, сул зогсолтыг эхлүүлж байсан бол одоо өргөн хүрээг хамарлаа.
Үндэсний томоохон компаниуд ч хэмнэлтийн горимд шилжиж, ажилтнуудаа тодорхойгүй хугацаагаар чөлөө өгч явуулж байна. “Эдийн засаг сэргэхээр эргэж дуудна” гэсэн тайлбар сонсоод ажилгүй, орлогогүй болж байгаа нь ид хөдөлмөрлөх насны залуусын амьжиргаанд үнэхээр хүндээр тусах нь мэдээж. Тэдний ихэнх нь орон сууц, автомашин, хэрэглээний зээлтэй. Судалгаанаас харахад төрийн байгууллагад ажиллагсдын 80-90 хувь нь орон сууцны зээлтэй байна.
Хувийн хэвшлийнхэн ч ялгаагүй. Тэд найман хувийн зээлд хамрагдаж орох оронтой боллоо хэмээн урам зоригтой ажиллаж, зүтгэж байсан. Гэтэл амьдралын баталгаа нь нэг л өдөр алдагдаж, өрөнд орж, өрх гэрээ тэжээхэд бэрх болсноос үүдээд сэтгэл гутралд автаж болзошгүй. Үүнтэй холбоотой сөрөг үр дагавар их байх магадлалтай юм. Жишээ нь, хүн ирээдүйдээ, нийгэмдээ итгэх итгэл алдарна.
Нөгөө л архидалт, гэр бүл салалт, гэмт хэргийн гаралт нэмэгдэж болно. Гэхдээ энэ бүхний буруутан нь залуус биш өнөөгийн төрийн алдаатай бодлогын үр дагавар. Ийм нөхцөл үүссэн учраас манай холбооноос нарийвчилсан судалгаа хийж эхлээд байгаа. Энэ судалгааны дүнд үндэслэж ямар алхам хэрэгжүүлэхээ шийднэ.
-Сүүлийн үед залуучууд ажлын байрны шаардлага хангахгүй, ур чадвар нь гологдож байгаа талаар ажил олгогчид их ярьдаг. Харин та залуучуудын талаарх төрийн бодлогод сэтгэл дундуур байдаг юм аа даа?
-Залуу хүнд мэдэхгүй, чадахгүй зүйл бишгүй бий. Бас туршлага нимгэн, чадвар дорой гэж өөчилж гоочлохоо урьтал болгож болохгүй гэж боддог. Хийж, дадлагажиж, ажиллаж байж л чадвар, арга барил нь дээшилнэ шүү дээ. Дөнгөж сургууль төгсч ирсэн залуус бүр чадварлаг байна гэж байхгүй.
Тиймээс ажил олгогчийн хувьд ажилтнаа сургаж, төлөвшүүлэн мэргэшүүлэх нь боловсон хүчний бодлогынх нь цөм байх ёстой. Ажилтнаа сайн бэлдсэн, чадварлаг боловсон хүчинтэй байгууллагын ажил нь өөдрөг, амжилттай байх нь гарцаагүй. Үүнтэй адил манай төр засаг хөгжлийн бодлоготойгоо уялдуулж хүний нөөцөө бэлдэх учиртай. Залуучууд болохгүй байна, хүмүүжилгүй, төлөвшилгүй гэдэг шүүмжлэл их байдаг нь үнэн.
Биеэ дайчилж, хөдөлмөрлөхгүй зорилгогүй залуус байдаг ч, бүгдийг нь бас харлуулж болохгүй. Ер нь залуус руугаа хандсан, тэр дундаа тэдний боловсрол, тархи оюунд чиглэсэн төрийн оновчтой бодлого маруухан байна шүү дээ. Миний хувьд зөвхөн залуучууд л энэ нийгмийн буглаа болсон асуудал биш. Харин ч нийгмийн хөгжлийг хурдасгагч нь. Үнэндээ төрийн буруу бодлогын золиос нь залуус болчихоод байна.
-Яагаад?
-Ганцхан жишээ жишээ хэлье. Эрч хүч дүүрэн, ид хөдөлмөрлөх, бүтээж, санаачлах насны залуус маань олноороо харийн орныг зорьж, хямд ажиллах хүчин болж байгаад харамсдаг. Тэд эх орондоо хайргүйдээ гадаадад очиж ажиллахын мөрөөсөл болоогүй.
Гагцхүү таван төгрөг илүү олж, ахуй амьдралаа өөд татахын төлөө үр хүүхэд, хань ижил, ижий аав, хайртай бүсгүйгээсээ хол хүний нутагт хөдөлмөрлөж байна. Тэнд хөдөлмөрийг нь арай илүү үнэлж байгаа болохоор хошуурч байгаа хэрэг. Солонгосчууд эрүүл мэндийн үзлэгт оруулж, өвдөх өвчингүй, эрүүл саруулыг нь сорчилж гэрээгээр ажиллуулдаг юм билээ.
Эрүүл чийрэг биетэй нь очоод өдөр, шөнөгүй зүтгэж, хүнд хүчир ажилд нухлуулсаар өвчний “үүр” болоод буцаж ирж байна. Энэ тэгээд нөгөө “Эрүүл монгол” гээд яриад байгаа төрийн бодлогод нийцэх үү. Хэчнээн гэр бүл салж, хүүхдүүд өнчирч, элэг бүтэн байсан хэдэн айлын амьдрал сарниж байгааг хэлж мэдэхгүй. Бүтэн байх ёстой бүхэнд ан цав сууж байна. Гэр бүл, хүүхэд, нөхөн үржихүйн бодлого ч алдагдлаа.
Алаг үрийг эцгээс нь өнчрүүлэхгүй байх, амраг бүсгүйг нь ханийнхаа түшигт жаргах, өрх гэрийн тэргүүнийг эх нутагтаа гэр бүлээ тэжээх боломжийн цалин хөлстэй ажлын байраар хангах нь төрийн бодлогын нэг амин сүнс нь байх ёстой.
-Та одоогийн залуусын давуу байдал болон нийтлэг дутагдал нь юу байна гэж боддог вэ?
-Бид аливаа саад бэрхшээлийг даван туулах омог бардам зан, тэвчээр хатуужилтай нүүдэлчдийн удам. Энэ ч утгаараа монгол хүн, монгол залуус хаана ч дасан зохицож ажиллаж бас амжилт олж зорьсон зүйлийнхээ ард гардаг гэж боддог. Дээр нь маш их тэвчээртэй, сэтгэлийн хаттай, монгол хүний уужим, энэрэнгүй үзэл гээд гайхалтай чанар монгол залууст дүүрэн байгаа.
Харин өнөөдөр бидэнд байгаа дутагдлыг сахилга, хариуцлагын асуудал гэж бодож байна. Нөгөөтэйгүүр ажилдаа эзэн болохоосоо илүүтэй, холбиромтгой тууштай биш байдал газар авах вий гэж бодох үе ч бас гарна аа.
-С.Мөнгөнчимэг өөрөө залуу хүн, олон мянган залуусыг төлөөлж байгаагийн хувьд та залуустаа хандаж юу хэлэх вэ?
-Залуус бидэнд дутагдаж байгаа зүйл бол хувь хүний хариуцлага, бүтээлч байдал. Бид дор бүрнээ хариуцлагатай байх ёстой. Хариуцлагатай байж гэмээнэ бид ирээдүйн хувь заяаныхаа эзэн нь, эх орныхоо хөгжлийн хөшүүрэг нь болж чадна.
М.Алтанцэцэг
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Нэр: Anonymous Огноо: 21 October 2015

Zuv bodoltoi hun bna iim l humuus uls orond mini heregtei shuu

Сэтгэгдэл бичих