Баянгол дүүргийн удирдлагуудад боловсруулсан түлш хөнгөлөлттэй үнээр худалдан авах эрхийн бичгийг Нийслэлийн Засаг даргын орлогч Д. Ганболд гардуулан өгөв. Энэ өвөл тус дүүргийн 9,10,11, 16,21,22,23 дугаар хорооны иргэд түүхий нүүрс огт түлэхгүй аж. Гэхдээ хогноосоо салж чадахгүй байгаа дүүрэг утаанаасаа салж чадах болов уу. Шалтаг тооцож өөрийгөө өмөөрнө гэвэл хүн бүр чадна. Амгалан дарга хариуцлага алдаад түүнийгээ хүлээн зөвшөөрч чаддаггүй юм билээ. Энэ нь юунаас харагдаж байна гэвэл. Урьд нь “Хөрөнгө орлогоо худал мэдүүлээд, баригдангууд инээдтэй гэнэн тайлбар хийж байсан нь хэвлэийн хуудсанд мөнхөрсөн харагдана. Ийм хүн хогноосоо, утаанаасаа салж чадна гэж үү. Дүүрэг болгон хогны асуудалтай. Гэвч Баянхог дүүрэг шиг, хогон далайд умбасан газар үгүй.
Амгалан даргын хөрөнгө орлогоо нуугаад баригдахдаа хийсэн тайлбараас хүргэе.
Л.Амгалан /Баянгол дүүргийн Засаг дарга/: “Дэлгэрэх” ХХК, байгууллагаас нь буцалтгүй тус ламж болгон 10 сая төгрөг, хадгаламжийн орлогоо нуусан. Тэр харин их “гэнэн” нэгэн аж. Энэ талаар “Баянгол дүүргийн долдугаар хороонд орон сууц бий. Түүнийгээ ХОМ-ийн “барилга байгууламж” гэсэн хэсэгт бичих ёстой байсныг мэдэлгүй үлдээсэн. Үүнд орон сууц биш үйлчилгээний том объектыг л бичнэ гэж ойлгосон. Төрийн албанд шилжмэгцээ “Дэлгэрэх” ХХК-ийг дүүдээ шилжүүлсэн, үйл ажиллагаанд нь оролцдоггүй, ногдол ашиг хүртдэггүй. Гэхдээ үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд миний нэрээр байдаг юм байна лээ. Буцалтгүй тусламжаар олгосон мөнгийг тухайн үедээ хэрэглээд дууссан учир бичээгүй. Хадгаламжийн тухайд Нийслэлийн өмчийн харилцааны газарт байхдаа “Голомт” банкны хадгаламжийн дэвтрээр цалингаа авдаг байсан. Тэр үед кзарт гэж байгаагүй. 2005 онд өөр байгууллагад шилжихдээ хадгаламжийн дэвтэрт хэдэн төгрөг үлдсэнийг шалгаагүй юм. Асуудал үүссэнээс хойш үзтэл 40 мянган төгрөг үлдээд тэр нь 2009 онд 147,000 төгрөг болж өссөн байна. Санамсаргүй , хайхрамжгүйгээс бол ХОМ-т эдгээрийг бичээгүй болохоос нуух санаа байгаагүй” гэж мэдүүлсэн байдаг. Үүнээс хэн хүнгүй Л.Амгалан даргыг ямар хүн бэ гэдгийг харж байгаа байх.
Бүхэл бүтэн дүүрэг удирдаж байгаа хүн санамсаргүй хайхрамжгүй байж болно гэж үү? Дүүргээ хогноос нь салгаж чадахгүй байгаа нь ч гэсэн хайхрамжгүйнх. Хэдий машин хүрэлцээ муутай ч гэсэн дүүргээ гэсэн сэтгэл энэ хүнд байвал ямар нэгэн аргаар хогноос нь салгаад байж болно. Гэхдээ энэ хүнд дүүргээ хогноос нь салгая гэсэн ямар ч сэтгэл зүрх алга. Энэ нь өдөр бүр овоорсон хогноос нь харагдаж байна. Хогоо ачихгүй байна гэсэн иргэдийн гомдолд “Машин хүрэлцээгүй, үйлчилгээний байгууллагууд хогны мөнгөө өгөхгүй байна” гэж хариуцлагыг өөрөөсөө түлхэж байгаа даргад юу хэлэх вэ? Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нар юу хийнэ вэ? Бүхэл бүтэн дүүргийн нэрийг өөрчилтөл арчаагүй авч яваа энэ даргаа ажилыг нь хийлгэвэл яасан юм. Хогын асуудал хөндөхөөр “Энэ чинь улиг болсон асуудал. Дүүрэг болгонд л хогны асуудал байна ш дээ” гэдэг. Хог улиг боллоо гээд нийслэл хогондоо дарагдаад явах хэрэг үү эрхэм дарга нар аа. Л.Амгалан дарга аа. Та Баянгол дүүргийг энэ их баян хогноос нь хэзээ салгаж, зовлон тоочилгүй ажлаа хийх вэ?
Ц.Чинзориг