Мэнэнгийн талыг монголчуудтай нь зэрэмдэглэсэн хар алтны мөрөөр /3/
Дорнод аймгийн Халхгол сум дахь “Петрочайна дачин тамсаг” компанийн 21 дүгээр талбай 19-өө бодвол ашиглалтын талбай бага юм. Халхгол сумын газар нутаг дээр 9710 км.кв талбайд хайгуул хийснээс 209.2 км.кв талбайг ашиглаж газрын тос олборлож эхэлжээ.
Ашиглалтын талбай дээрх цооног буюу тос соруулагч донке нийт 82 байна. Донке бүр өдөр шөнөгүй ажиллаж, газрын 2000-3000 метрийн гүнээс тос соруулдаг ажээ. Урд нь цооног бүрээс хүнд даацын машинаар тос соруулж авдаг байснаа ихэнх цооногийг газар доогуур дөрвөн метрийн гүнд шугам хоолойгоор холбож нэгдсэн байгууламжид тосыг шууд соруулж авдаг болсон байна.
Цооног бүрээс тосыг машинаар тосдог байсан үед ашиглалтын талбайн хөрсийг маш их сүйтгэж байсан гэнэ. Одоо хүнд даацын автомашины хөдөлгөөн багассан ч ашиглалтын талбай тэр чигээрээ цөлөрхөг хэвээр байлаа. Тус талбайн цооног буюу дохиуруудын хоорондох зай ойрхон байрлах бөгөөд энэ нь тосны гаралтаас шалтгаалдаг гэнэ. Өөрөөр хэлбэл, 21 дүгээр талбайн олборлолт сайн гэсэн үг.
Талбайн кэмпэд “Петрочайна дачин тамсаг” компаниас гадна өрөм, барилга угсралт зэрэг туслан гүйцэтгэгч 20 гаруй анги байрлажээ. Олонх нь хятад компани гэнэ. Нутгийн иргэдийг ажилд зуучилдаг “Зөв боломж” гэж компани байна.
ТҮРЭЭСИЙН ЖИЙП ӨДӨРТ 95 АМ.ДОЛЛАРЫН АШИГТАЙ
Ажилчдын амьдардаг байр нь чингэлэг. Анх таван давхар орон сууц барьж ажилчдаа оруулна гэж компанийн зүгээс амлаж байсан ч одоог хүртэл ажил хэрэг болоогүй байна. Чингэлэгт амьдрахад өвөлдөө даарч, зун болоход шаттал халдаг ажээ.
21 дүгээр талбайн кэмп газар доогуур тос соруулах үндсэн байгууламж, хадгалах агуулахаас гадна ажилчдын байрнаас бүрдэж байна. “Петрочайна дачин тамсаг” компанийн үндсэн монгол ажилчин 100 гаруй бол хятад ажилчид түүнээс хол давсан олон гэнэ. Тэдний амьдардаг байр нь чингэлэг юм байна. Нэг чингэлгийг хоёр хэсэг хувааж тус бүрт нь наймуулаа амьдарч байна. Монгол ажилчдын ярьснаар ажилчдын байрны асуудлыг олон жил ярьж иржээ. Анх таван давхар орон сууц барьж ажилчдаа оруулна гэж компанийн зүгээс амлаж байсан ч одоог хүртэл барилгын суурь тавигдаагүй байна. Жил бүр давхар нь буурсаар одоо нэг давхар ч барилгын сураггүй болсон гэцгээж байв. Чингэлэгт амьдрахад өвөлдөө даарч, зун болоход шаттал халдаг гэнэ. “Тог тасарвал амьдрал зогсоно гэсэн үг” гэж тэд хэлж байлаа. Тэдний хэрэглэдэг ундны ус эрүүл ахуйн шаардлага хангадаггүй ажээ. Сүү хийхэд ээддэг уснаас монгол ажилчид татгалзаж, танил талтай нь ойролцоох баг, сумаас гүний худгийн ус захиж авчруулж байна. Ер нь сүүлийн үед компанийн эздийн хараа хяналт чангарч “хатуурхах” болжээ, ажилчдадаа.
Халхгол сум наран ургах зүгийн нутаг болохоор эрт бүрий орчихож байна. Энэ үеэр ч кэмп өдөр юм шиг ажиллаж, тосны машины цуваа явсаар л байв. Кэмпэд хүнд даацын тосны машинаас гадна жийп машин олноор сүлжилдэн давхина. Зогсолтгүй 24 цагийн ажиллагаатай цооногийн бүрэн бүтэн байдлыг шалгаж засварын ангийнхан ээлжээр явдаг нь тэр ажээ. Бас гадна үйлчилгээнд явдаг нь ч нэлээд олон байна. Тэдгээр жийп машин түрээсийн гэж нэрлэгдэх бөгөөд цаанаа тус бүр эзэдтэй. Компани нэг машиныг өдрийн 95 ам.доллараар түрээслэдэг юм байна. Монгол мөнгөөр 190 орчим мянган төгрөг гэсэн үг. Ийм ашигтай ажилд орохын тулд эзэд нь ч “том” хүмүүс байдаг тухай ажилчид ярьж байлаа. Нэрээ нууцалсан монгол ажилчин ийн ярив.
“ХЯТАДУУД ОРЖ, ГАРАХДАА АСУУДАЛГҮЙ БОЛОХ ГЭЖ ГААЛИЙН ДАРГЫН АВГАЙГ ЦАЛИНЖУУЛДАГ”
-Ажил давгүй юу?
-Яахав, амьдралаа залгуулах хэдэн төгрөгөө бодохоор ажиллахаас аргагүй. Монголын баялгийг өдөр, шөнөгүй зөөж байгааг харахад эмзэглэдэг л юм.
-Танай энд “шахааны” зүйлс олон байдаг бололтой?
-Энд манайхаас гадна туслан гүйцэтгэгч олон ангитай. Ангиудыг “томчууд” булаалцалдаж аваад хүнс, хоолоор хангадаг гэсэн. Манайд л гэхэд 400 орчим хүн хооллож байна. Мах, хүнсээр хангахад ашигтай байдгаас бас л цаанаа эзэнтэй. Гаалийн газрын даргын авгай гэхэд манайд ажилладаг данстай ч гэртээ суугаад сая гаруй төгрөгийн цалин авч байдаг.
-Яагаад тэр вэ?
-Хятадууд гаалиар орж, гарахдаа асуудалгүй болох гээд авгайг нь цалинжуулдаг хэрэг.
-Хятад, монгол ажилчдын ялгаа байдаг уу?
-Байлгүй яахав. Хятадууд бүх ажлыг хянадаг. Нэг монгол ажиллаж байхад хоёр хятад хянадаг. Тухайлбал, монгол ажилчин нярав байлаа гэхэд ямар ч эрх мэдэлгүй, түлхүүр ч байхгүй. Монгол нярав компьютерт хэдэн монгол тоо шивээд л өөр хийх ажилгүй. Хятадуудад бүх түлхүүр нь байх жишээтэй. Бид чинь газар нутаг дээрээ ийм эрх чөлөөтэй байна.
-Компанийн зүгээс нийгмийн асуудлыг хэр хангадаг вэ?
-Амьдрах байраа шийдэж өгөлгүй, ийм юманд амьдруулж байгааг харж байна уу. Ядахдаа Сүмбэрийг аймгийн төвтэй засмал замаар холбоод өгчихсөн бол энэ нутаг оронд үлдэх юмтай. 19 дүгээр талбайг Баянхошуу боомттой холбож засмал зам тавьж байгаа. Тэнд ойролцоо баг, сум байхгүй. Хэнд ч ашиггүй зам. Тосны нөөц нь дуусч байгаа гэж дуулддаг юм билээ. Энэ компани тосоо авч дуусаад нутаг буцахад Дорнодын тал дээр юу ч үлдэхгүй.
ГАЗРЫН ТОСНООС ХЭСЭГ ХҮН АШИГ ХҮРТДЭГ ҮҮ
Монголын баялаг, хар алт гэгддэг газрын тос нутаг орондоо үр шимээ өгөхгүй байна гэж дээр, дооргүй ярьдаг ч ингэж ашиг хүртдэг хэсэг бүлэг хүн байдгийг монгол ажилчдын ярианаас харж болохоор байв. Түрээсийн машин, хоол хүнсний хангамжийн эрх авах гэсэн хүмүүс Ашигт малтмалын газраар бамбай хийн нэвтэрч ашиг хүртдэг ажээ. Түүнээс биш энгийн иргэн “Петрочайна дачин тамсаг”-т ажилд оръё, машин түрээслүүлье гэвэл гонжийнжоо гэдгийг хүмүүс ярьж байна лээ. Үүгээр ч зогсохгүй хил, гааль дээр ч компанийнхан “улаан гэрлээр” нэвтэрдэг тухай ч ярих нэгэн байв.
Ажилчдын ярьж байсан өөр нэг зүйл гэвэл “Петрочайна дачин тамсаг” компанид хятад ажилчид гол чухал ажлыг хийж, монголчууд хүнд хүчирт нь нухлагддаг ажээ. Бас олигтой ажилгүй, ажилласан нэртэй хоног өнгөрүүлэх нэгэн ч байна. Энэ нь хятад компани монгол ажилчдыг авч ажиллуул гэсэн манай Засгийн газрын шаардлагыг биелүүлсэн дүр эсгэдгийг харуулсан явдал гэлцэх. Дорнодын талд газрын тос буриглаж эхэлсэн 20 гаруй жилийн түүхэнд манай талаас энэ чиглэлээр бэлтгэгдсэн нарийн мэргэжлийн хүмүүс ховор байдаг нь үүнтэй холбоотой. Монголчууд газрынхаа баялгийг гардан ажиллаж байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг зэрэмдэглүүлэн үлдэж байгааг тэмдэглэх хүн олон байлаа.
Өмнөхийг энд дарж үзнэ үү
Үргэлжлэл бий.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: