Ш.Батсайхан: Ч.Сайханбилэг залуусыг залилсан
“Монголын залуучуудын эрхийг хамгаалах төв” /МЗЭХТ/ТББ- ын тэргүүн Ш.Батсайхан хэвлэл мэдээллийнхэнд хандан, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах шалтгаан болох баримтыг дэлгэж мэдээлэл хийлээ.
Тэрбээр одоогийн Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нь 1997-2003 онд Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаандаа Монголын залуучууд болон холбоог хохироож 98 залууг залилж, 282.5 сая төгрөгийг завшсан хэмээн мэдэгдлээ.
Тодруулбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, тухайн үед МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Зоригтбаатар нар МЗХ-ны 80 жилийн ойг тохиолдуулан “Залуу хос” орон сууцны хөтөлбөрийг хэрэгжүүлжээ. Түүний хүрээнд 2001 оны гуравдугаар сараас 2002 оны хоёрдугаар сарын хооронд 98 залуугаас байрны урьдчилгаа 40 хувийн төлбөрт 282.5 сая төгрөгийг өөрийн дансандаа төвлөрүүлэн авсан байна.
Гэвч залууст зориулсан нэг ч орон сууц бариагүй ажээ. “Залуу хос” хөтөлбөр нь хямд орон сууцаар залуучуудыг хангах хөтөлбөр байсан. Гэвч гадаадын хууль бус компанитай нийлж залуусыг залилж, итгэл үнэмшил дээр тоглосон байгаа юм.
Энэ талаар МЗЭХТ- ийн тэргүүн Ш.Батсайхан мэдээлэл хийхдээ “Энэ үйлдлийг нь анхнаасаа залилан хийхээр төлөвлөсөн гэж хардах үндэслэл байна. Учир нь, “Залуу хос” орон сууцны хөтөлбөрийн хүрээнд 2000 оны хоёрдугаар сарын 23-нд “Универсаль маркетинг” ХХК- тай гэрээ байгуулсан байдаг. Гэвч тус компани нь тухайн үедээ улсын бүртгэлийн газарт бүртгэлгүй, албан ёсны тамга тэмдэггүй байсан бөгөөд тухайн оны долдугаар сард албан ёсоор байгуулагдсан байна.
Ийнхүү албан ёсны компани байгуулсан ч барилгын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй компанитай гэрээ байгуулсан нь зохион байгуулалттай залилан байсан” хэмээн онцлов. Ийнхүү 300 орчим сая төгрөгөөрөө хохирсон 98 иргэн түр хороо байгуулан 5-6 жил шүүхээр явсны эцэст шүүхээс МЗХ-г тус хохирлыг төлөх ёстой гэсэн шийдвэр гаргасан байна.
Гэтэл Ч.Сайханбилэг ерөнхийлөгчийн учруулсан энэхүү хохирлыг МЗХ-ны дэргэдэх сургалт, судалгааны “Полиси” төвийн байрыг зарж барагдуулсан гэх мэдээллийг хохирогчид өгсөн байна. Тиймээс МЗХ-ны өмчийг тухайн үеийн удирдлагуудын хариуцлагагүй үйлдлээс учирсан хохирлыг барагдуулахын тулд зарсан гэх үндэслэл байгаа аж.
Зөвхөн энэ үйлдлийнх нь төлөө Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг ёс суртахууны болон, хууль эрх зүйн хувьд энэ албыг хаших ямар ч чадамжгүй гэж үзэж Ч.Сайханбилэгийг МЗЭХТ-өөс нэн даруй огцрохыг шаардаж байгаа юм байна. Мөн уг асуудлыг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хурлаар хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Энэ үеэр “Монголын залуучуудын эрхийг хамгаалах төв” ТББ-ын тэргүүн Ш.Батсайханаас дараах зүйлийг тодрууллаа.
-Ч.Сайханбилэг сайдыг хууль зөрчсөн гэх асуудлаар ямар газруудад хандаж байна вэ?
-Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг огцруулах асуудлаар гарын үсэг цуглуулж байна. Мөн Өргөдлийн байнгын хороо, УИХ дахь бүлгүүд, УИХ-ын даргад хандана. Бас “Полиси” төвтэй холбоотой асуудлаар шүүх, цагдаагийн байгууллагад хандаж, хаана хүрэх ёстой тэр хүртэл нь явах болно. Өөрөөр хэлбэл, МЗХ бол залуучуудын эрх ашгийг хамгаалах байгууллага учраас тэдний итгэл үнэмшлээр тоглосон хүнийг огцруулахыг шаардах болно.
-Ч.Сайханбилэгийг анх Монгол Улсын Ерөнхий сайд болоход нь энэ баримтаа дэлгэн тавьж болоогүй юм уу. Яагаад одоо гаргаж байгаа юм бэ?
-Бид уг баримтаа ямар үндэслэлээр гаргасан гэвэл Монголын залуучуудын байгууллага үйл ажиллагаагаа идэвхтэй явуулах, бие биенээ дэмжиж ажиллах ёстой гэдэг үүднээс МЗХ-ноос санаачлан зохион байгуулсан улс төрийн 100 хар үйлдлийг зарлах болсонтой холбогдуулан гаргаж байгаа юм. Өмнө нь хандах гэхээр зөвхөн байгууллага руугаа хандах гээд байдаг байсан. Харин энэ бол байгууллагын асуудал биш юм. Хувь хүний тухай асуудал гэдэг үүднээс баримтыг дэлгэн тавьж байгаа юм.
-МЗХ-ны дэргэдэх Сургалт судалгааны “Полиси” төвийн байрыг зарсан гэж байна. Тэнд одоо ямар компани үйл ажиллагаа явуулж байгаа вэ. Түүнийг зарсан гэх үндэслэл нь юу вэ?
-МЗХ-ны дэргэдэх сургалт, судалгааны “Полиси” төвийн байрыг зарж хохирлыг төлсөн гэх хохирогчдын мэдээлэл байгаа. Одоо тус байранд “Камень галерей”-ийн оффис байрлаж байна. 2002 онд дээрх асуудлаар шат, шатны шүүхэд хандсаны эцэст МЗХ- ноос хохирлыг төлөх болсон. Гэтэл 30 орчим өрөөтэй байрыг худалдаж хохирлыг төлсөн байгаа юм. Одоо бол тус төв МЗХ-ны хоёр давхарт байна. Ер нь хохирогчдын өгсөн мэдээллээр Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Зоригтбаатар ажиллаж байх үедээ зарсан гэж байгаа юм.
М.Энхцэцэг
Эх сурвалж: Unen.mn
URL: