Н.Алтанхуяг гишүүн дэд сайдуудыг авч үлдэх гээд чадсангүй
Байнгын хороод өчигдөр хуралдаж төсвийг хэлэлцлээ. Сангийн сайд ирэх оны төсөвт дэд сайдын орон тоо байхгүйгээр тусгаж оруулж ирсэн. Тэгвэл өчигдрийн байнгын хорооны хурал дээр дэд сайдуудыг авч үлдэх гээд чадсангүй.
Тодруулбал, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Дэмбэрэл нар “Хэдэн дэд сайдыг цомхотгоод амьдрал сайжрахгүй. Төрийн тансаглалын золиос нь энэ хэдэн дэд сайд биш. Үүнийхээ оронд Засаглалын тогтолцоогоо өөрчлөх ёстой” гэсэн санал хэлэв.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Мөнгө төгрөг хэмнэх, бүтцээ өөрчлөх ерөнхий концепцийг дэмжиж байгаа. Гэхдээ үүнийг шоу болгоод хэдэн хүн халчихаар Монгол Улсын төсөв сайжирчихдаг юм шиг ийм байдалтай хийж байгаад харамсаж байгаа. Тиймээс С.Баярцогтод татаад авчих гэж хэлсэн юм. Одоо 2015 оны төсвийг ярихын оронд дэд сайдуудыг халах, солих ажил яриад байх юм. Би энэ саналыг дэмжихгүй. Бид ерөөсөө төсөв ярихгүй байна шүү дээ. Хүний анхаарлыг өөр юманд хандуулаад 2016 оны дараа байгуулагдах бүтэц гэж баахан ярилаа” гэсэн санал хэллээ.
Ингээд Н.Алтанхуяг гишүүний гаргасан дэд сайдуудыг цомхотгохгүй байх саналаар санал хураахад хуралд оролцсон 18 гишүүнээс 14 нь дэд сайдуудыг цомхотгох нь зүйтэй гэж үзлээ.
Г.Лхагваа
Zaluu.com
URL: