Энэтхэг: Бага насны охидыг хүчинджээ

Энэтхэг улсад эмэгтэйчүүдийн хүчингийн хэрэг, тэр тусмаа бага насны охидыг хүчирхийлэх хэрэг газар авсныг саяхан болсон хүчингийн хэргүүд баталж харууллаа.

Оюутнууд Шинэ Делигийн цагдаагийн газрын гадаа жагсаал хийж, эрх баригчдыг хүчингийн хэргийг зогсоох талаар үр дүнтэй арга хэмжээ авахыг шаардлаа.

Хэрэг-1

Өнгөрсөн ням гарагт 16-17 насны өсвөр насны хөвгүүд хоёр нас зургаан сартай бяцхан охиныг хүчиндсэн хэрэгт сэжигтнээр баривчлагдлаа. Хохирогч охин гэрийнхээ хажуунаас хулгайлагдаж, цэцэрлэгийн ойролцоо хүчиндүүлсэн байдалтай олдсон байна. Охины гэрийнхэн болон ойр орчмын иргэд охиныг хамтдаа хайсан бөгөөд охин цэцэрлэгт цусанд будагдсан байдалтай хэвтэж байсан тухай цагдаагийн дэд комиссар Пушпендэр Кумар ярьсан юм.

Хэрэг-2

Өнгөрсөн баасан гарагт таван настай охин хүчиндүүлсэн хэрэг зүүн Делид гарсан байна. Уг хэрэгт гурван эрэгтэйг саатуулсан ба тэдгээр хүмүүс охины гэрийнхэнтэй ураг төрлийн холбоотой этгээдүүд аж. Хүчиндүүлсэн охид эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал одоогоор тогтвортой байгаа ажээ.

Хэрэг-3

Мөн л нийслэл хотод бага насны охин хүчиндүүлсэн хэрэг гарсан бөгөөд хохирогч нь дөрвөн настай. Уг хэрэгт холбоотой нэг этгээдийг баривчилсан байна.

Хүчингийн хэрэгтэй холбоотойгоор авах арга хэмжээ сул байдаг мөн ерөнхий сайд Нарендра Моди энэ талаар мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөдгөөс хүчингийн хэрэг газар авч, хохирогчдын нас улам бүр залуужиж байгаа гэж Дели хотын эрх баригчид үзэж байна.

Энэтхэг улсад 2014 онд 18-аас доош  насны 13766 охин хүчиндүүлсэн гэсэн цагдаагийн тоо баримт байдгаас 1000 гаруй нь Дели хотод үйлдэгдсэн байна.

И.МӨНХЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.TODAY.mn

URL:

Сэтгэгдэл бичих