Засгийн газрын бүтцэд өөрчлөлт оруулахыг хойшлуулав
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар 2015 оны төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлсэн Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч түр хойшлуулав.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Хуулийн төсөлд Цагаатгах ажлыг зохион байгуулах комиссын зарим ажлын албыг татан буулгахаар тусгасан. Өнгөрсөн хугацаанд 30 гаруй мянган иргэнийг цагаатгасан. УИХ-ын дэд даргаар удирдуулж буй энэ чухал комиссын ажлын албыг татан буулгадаг нь ямар учиртай юм бэ. Татан буулгаад нэг их хөрөнгө хэмнэхгүй байх” хэмээн тодруулсан.
Уг асуултад ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт, Цагаатгах ажлыг зохион байгуулах комисс үндсэн үүргээ амжилттай гүйцэтгэсэн. Тиймээс ажлыг нь 2016 оноос дуусгавар болгохоор шийдсэн юм. Энэ асуудлыг 2016 оны төсвийг хэлэлцэх үед дэлгэрэнгүй ярилцах боломжтой хэмээн хариулав.
Мөн УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Энэ төсвийн тодотголд ирэх онд сонгуулийн дараа байгуулах Засгийн газрын бүтцийг тодорхойлсон нь буруу. Хэрэв үнэхээр Засгийн газраа нэгтгэх, цомхотгох шаардлагатай байгаа бол 2016 оны нэгдүгээр сарын 01-нээс ажлаа зохион байгуулах хэрэгтэй. Нэгдүгээр сарын 01-нээс хэрэгжүүлж чадахгүй бол дараагийн Засгийн газрын бүрэн эрхэнд халдсан энэ хуулийн төслөө татаж авах хэрэгтэй гэсэн санал хэлэв. Түүний саналыг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, М.Батчимэг, С.Дэмбэрэл нар дэмжиж буйгаа илэрхийлсэн.
Гишүүдийн саналтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийг танхимын нэг гишүүн дур мэдэн татаж авах боломжгүй учраас гишүүдийн санал, байр суурийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж шийдвэрлүүлэхээ илэрхийлэв.
Байнгын хорооны дарга А.Бакей гишүүдийн саналыг Засгийн газрын хуралдаанд танилцуулах хэрэгтэй гэж үзсэн тул дээрх хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах горимын санал гаргасныг олонх дэмжлээ.
URL: