Монголчууд Олимпийн медаль хүртсэн түүхт өдөр
Өнөөдөр Монгол Улсын спортын түүхэнд алтан үсгээр тэмдэглэгдэн үлдэх өдрүүдийн нэг. Монголын чөлөөт бөхийн төдийгүй их спортын алтан үеийн тамирчин, дасгалжуулагч, Ардын багш, Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Ч.Дамдиншарав одоогоос 47 жилийн өмнөх энэ өдөр буюу 1968 оны Мехикогийн XIX олимпийн наадмын чөлөөт бөхийн 52 кг-ын жинд хүч үзэн барилдаж, хүрэл медаль хүртсэн нь монгол хүн түүхэндээ анх удаа олимпийн медалийн салхийг хагалж, Монгол Улсын Төрийн далбаа олимпийн тэнгэрт анх удаа мандсан юм.
Ч.Дамдиншарав мөн 1964 оны Токиогийн Олимпийн наадамд оролцсон анхдагч тамирчдын нэг. Харин үүний араас 1968 оны Мехикогийн Олимпийн наадамд Монгол Улсын баг тамирчид тусгай бэлтгэл хийж оролцсон байдаг. Энэ тухай тамирчид нь хожмоо дурсан ярихдаа О.Цэрэндагва, С.Магсар багш нарын удирдлага дор Отгонтэнгэр ууланд очиж, өндөрлөг газар бэлтгэл хийсний үр дүнд Мексикийн Олимпийн наадмаас анхны Олимпийн медалийг авсан тухай тэмдэглэн үлдээсэн байдаг. Мехикогийн олимпийн наадмын чөлөөт бөхийн төрөлд Болгар, Монгол хоёр медалийн тоогоор тус бүр 4, ЗХУ, Иран, АНУ тус бүр 3 медаль хүртэж байжээ.
Ардын багш, Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Ч.Дамдиншарав нь 1964, 1968, 1972 оны Олимпийн наадамд тамирчин, 1980, 2000, 2004 оны Олимпийн наадамд дасгалжуулагчаар оролцсон байна. Мөн ДАШТ-нд 10 удаа, Дэлхийн цомын тэмцээнд 2 удаа, ААШТ, Азийн спортын наадамд тус тус оролцож байжээ.
URL: