Араатнаа сул, чөлөөтэй тавьсан эзэнд ногдуулах хариуцлагыг өндөржүүлье
Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэнгүй нохой, муур олширч иргэд, оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байна.
Хамгийн хачирхалтай нь золбин ноход биш эзэнтэй ноход хүн рүү дайрч, хүний цусаар “хооллож” амь насанд нь хүрчээ гэсэн сэтгэл сэрдхийлгэсэн мэдээ барагтаа дуулдаж байгаагүй. Харамсалтай нь нийслэлд ийм таагүй хэрэг гарсан байна. Тодруулбал, энэ сарын 9-нд Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Сайхан” нэртэй пабд үйлчлүүлэхээр орж явсан 47 настай эмэгтэйг тус газрын тэжээвэр хоёр нохой дайрч баруун хөлийнх нь шилбэ, булчин тус газарт ноцтой гэмтэл учруулсан. Мөн энэ сарын 16-нд Чингэлтэй дүүргийн 7-р хороонд оршин суух эмэгтэй Б гэгчийн зөөлөн эд нь бүрэн зулгаагдсан буюу нохойд уруулсан шархтай нас барсан байна. Хэрэг дээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа бөгөөд талийгаачийг ямар учраас амиа алдсаныг Шүүх шинжилгээгээр тогтоох юм.
Харин нохойд хазуулсан 47 настай хохирогч Д.Мөнхцэцэг одоогоор ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Тэрбээр болсон явдлын талаар ярихдаа ”Энэ сарын 9-нд ажлаа тарж яваад хоёр найзтайгаа Сонгинохайрхан дүүргийн 27-р хороонд байрлах “Сайхан” паб, караокед орсон юм. Байнга баар, паб хэсээд яваад байдаг хүн биш л дээ. Хааяа нэг найзуудаараа тийшээ орж үйлчлүүлдэг байсан. Ороод бие засах гэтэл ноль нь ажиллахгүй, бөглөрөөтэй байгаа, цаад хаалгаараа гараад хашаанд байгаа модон жорлонд бие засчих гэсэн. Ингээд бие засах гээд гартал хоёр нохой зэрэг дайраад, баруун хөлийн минь булчинг бараг тасдсан. Зууж тавиад зууж тавиад байсан. Бас баруун гарын тохойноос хазсан, хоёр шүдний ором нь эдгэж байх шиг байна. Зүүн талын бүдүүн гуянд бас дөрвөн шүд орсон, хоёр оёо тавьсан.
“Нохойгоо аваач, намайг барьчихлаа” гэж хашгирсан ч хэн ч гарч ирээгүй. Тухайн үед тэр паб дотор нэг жаахан охин зөөгч хийж байсан. Уг нь намайг ноль руу орохоор хашаа руу нь гарсныг мэдэж байсан. Ингээд би хоёр нохойноос өөрөө мултарч, паб руу эргэж орсон. Тэгээд түргэн тусламж дуудаад ухаан алдсан. Нэг сэрэхэд шалаар нэлийсэн цус болчихсон байсан. Түргэний эмч нар ирээд 40 гаруй оёдол тавиад, яаралтай гэмтлийн эмнэлэг рүү авч явсан” гэжээ. Ингээд баарны эзэн болох настай эмэгтэй эмнэлэгт очиж хохирогч эмэгтэйг хэл амаар доромжлон наад бүх төлбөрийг чинь би даана, төлчихнө. Яах гэж цагдаад өгсөн юм гэж хашгичиж байгаад явжээ. (Бидэнд хохиорогчийн нохойд хазуулж гэмтэж бэртсэнийг харуулсан зураг байгаа ч уншигчдаа хүндлээд тавьж эс түвдэв.)
Энэ мэт жишээнээс эзэнтэй нохойн эзэрхийлэн хүн барьж, хүний аминд хүрэх, эзнийгээ “идсэн” гэх мэт аймшигт хэргүүд бусад орнуудад ч тохиолдсон. Тухайлбал, Энэтхэгт олон нийтийг цочроосон сэтгэл сэрдхийлгэм ноцтой хэрэг гарч, 27 саяаaр авсан нохой нь эзнийхээ аминд хүрсэн хэрэг гарсан байна. Дизайнер залуу 14,000 доллар /27сая төгрөг/ худалдаж авсан pitbull нохой нь эзэн рүүгээ дайрч улмаар түүний толгойг тас хазаж аминд нь хүрчээ. Pitbull болон Rottweiler үүлдрийн нохойнуудын үйлдлийг урьдчилан таамаглах боломжгүй түрэмгий хэрцгий ааш араншинтай ноход юм. Тиймээс үүнийг мэддэг зарим хүмүүс эднийг араатан хэмээн үзэж тэжээж зүрхлэдэггүй байна. АНУ-д нохдын энэ мэт хачирхалтай араншин, эзэн рүүгээ халдсан иймэрхүү хэрэг цөөнгүй гардаг бөгөөд тэдгээр нохдыг амь тариа хийн хороодог байна. Араатан л бол араатан, тэдний ямар үйлдэл хийхийг урьдчилан таамаглахын аргагүй.
Араатнаа сул, чөлөөтэй тавьсан эздэд ногдуулах хариуцлагыг өндөржүүлвэл…
Жилд 800-900 орчим хүн нохойд хазуулдаг хэрнээ тэдний дөнгөж 14 нь л хуулийн байгууллагад хандаж, нохойн эзэнд хариуцлага тооцуулахаар өргөдөл гаргасан байдаг. Гэвч энэ нь гэмт хэргийн хөнгөн төрөлд багтдаг тул эцэст нь хэрэгсэхгүй болдог ажээ. Тодруулбал, хоёр тал эвлэрсэний үндсэн дээр уг хэрэг хаагддаг гэсэн үг юм.
Монгол улсын Эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйлд заахдаа, “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний бие, махбодийг хөнгөн буюу хүндэвтэр гэмтээсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 1-3 сар хүртэл баривчлах, хэрэв энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол 3-6 сар хүртэл баривчлах, эсвэл 5 жил хүртэлх хугацаагаар хорих заалт байдаг.
Түүнчлэн “Нохой, муур тэжээх, эзэмших талаар мөрдөх журам”-д, гэрийн тэжээвэр нохойгоо өглөөний 6 цагаас оройн 22 цаг хүртэл уяж түүнээс хойш зөвхөн хашаандаа сул тавина гэсэн боловч харамсалтай нь үүнийг мөрддөг өрх, айл алга. Хэрэв нохой нь эмнэлгийн урьдчилан сэргийлэх тарилга, туулгалтанд хамрагдаагүйгээс хүн, малд халдвар тараасан бол Ариун цэврийн тухай хуулийн 20.2-д зааснаар иргэн, албан тушаалтныг 10 мянгаас 50 мянга, аж ахуйн нэгжийг 150 мянгаас 200 мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай. Гэтэл өнөөдөр уг хуулийн заалтийг мөрддөг хэчнээн айл өрх, байгааг хэлж мэдэхгүй.
Тав, зургаахан настай хүүхдүүд чихэр авах гэж дэлгүүр яваад л хөршийнхөө нохойд уруулж толгой, мөрнөөсөө хазуулсан жишээ манай улсад өчнөөн бий. Галзуугийн тарилга тариулсан иргэдийн судалгаанаас үзэхэд жилд 850-900 орчим байдаг аж. Зарим нэг нь хөрш айлынхаа хаздаг, дайрдаг нохойноос хүүхдээ хамгаалах арга хайхдаа Хот тохижуулах газрынхныг дуудаж буудуулдаг гэнэ. Гэтэл нөгөө хөрш нь нохойгоо тэдэн төгрөгөөр худалдаж авсан эсвэл бидний дотны анд байсан юм хэмээн аашилж шүүхэд гомдол хүртэл гаргадаг. Тэжээвэр нохой нь хүн хазчихаад байхад юман чинээ тоодогүй хэрнээ нохойн амь нэхдэг увайгүй иргэд ч цөөнгүй бий. Иймд нохой тэжээгчдэд ногдуулах үүрэг хариуцлагыг улам өндөржүүлж нохойн нэг шүдийг хэдэн сая төгрөгөөр үнэлж хүний бид гэмтэл учруулсны тоогоор торгууль оноох хэрэгтэй.
Г.Ганчимэг
Эх сурвалж: Mongolcom.mn
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
хамгийн ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ ШҮҮ ХУУЛИЙГ ЧАНГАТГАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА .ЯМАР Ч ООСОР ХОШУУВЧ ХАМГААЛАЛТГҮЙ САЛХИЛУУЛЖ ДАГУУЛААД ЯВАХ ЮМ ХЭНЭГГҮЙ ГЭХЭД ДЭНДЭНЭЭ ТЭД ЧИНЬ АРААТАН
ЯЛАНГУЯА ТОМ НОХДИЙГ ЗААВАЛ АМАНД НЬ ХОШУУВЧТАЙ ГАРГАХ ХЭРЭГТЭЙ