Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоолоо
Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээг шинэчлэн тогтоох, шатахууны нөөцийн талаар авах арга хэмжээний тухай тогтоолын хавсралтаар 2016 онд газрын тосны бүтээгдэхүүний компанийн нөөц бүрдүүлэх аж ахуйн нэгжийн нэрсийн жагсаалт, бүтээгдэхүүний нэр төрөл, хэмжээг баталлаа.
Газрын тосны бүтээгдэхүүний худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн нөөцийг 84720 тонн буюу 30 хоногийн хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэж бүрдүүлэх ажлыг 2016 оны 3 дугаар сарын 1-ний дотор зохион байгуулах арга хэмжээ авахыг Уул уурхайн сайд Р.Жигжидэд даалгалаа.
2015 онд 16 аж ахуйн нэгж А-80 автобензин 8.155.0 тонн, АИ-92 автобензин 21.505.0 тонн, дизелийн түлш 50.030.0 тонн, ТС-1 онгоцны түлш 3.660.0 тонн компанийн нөөцтэй байх үүрэг хүлээн Засгийн газрын тогтоолд заасны дагуу нийт дүнгээр 83.350.0 тонноос доошгүй хэмжээнд барьж ажиллаж байна.
2014 оны 8 дугаар сараас 2015 оны 8 дугаар сар хүртэлх хугацаанд хавсралтад заагдсан 16 компанийн импортлосон шатахууны хэмжээ 1.051.337.7 тоннд хүрчээ. Иймд эдгээр компаниудын импортлосон шатахууныг төрөл тус бүрээр 30 хоногийн хэрэглээний нөөцтэй байхаар тооцож, 2016 онд бүрдүүлэх компанийн нөөцийн хэмжээг гаргасан байна.
URL: