Утаснаасаа ухаалаг байхыг хичээцгээ
Оюутнуудаа гэж. Айл гэр ч, улс орны хувьд ч ирээдүйд өнгөтэй өөдтэй аваад явчих хүүхдүүд гэж найдаж харж байдаг. Тэд хэр эрдэм мэдлэг төгс гарсан салбартаа эзэн байна тэр хэрээр л ирээдүйд амьдрал нь өнгөтэй байна гэж тооцсон эцэг эх нь оюутан хүүхдээ юмаар дутаахгүй гэж хамгаа шавхана. Хариуд нь тэд мөн хичээдэг л байх. Төр тэдэнд сайн суртугай гэж сар бүр 70 мянган төгрөг өгдөг болсон. Аав ах эгч нарынх нь татвар хураамжаас шууд гарах энэ мөнгө улсын нуруунд том л ачаа болж байгаа. Харин энэ их мөнгө ном сурах бичигт бус сургуулийнх нь ойрын хэдэн баар паабын орлогод явчихдаг гэсэн шүүмжлэл байдаг. Энэ 70 мянгыг нь танах гэж төр нэг удаа үзсэн. Оюутнууд бушуухан жагсаал хийсэн.
Хотыг хаяалж хөдөөг хамарсан түймэр гарсан. Ажлын амтаар залуу насаа өнгөлдөг олон залуус хүрз бариад түүнийг унтраахаар гарсан. Хавтас ном тэвэрсэн манай оюутнууд, тэднийг тэмцэлд оройлдог байгууллагууд таг л байсан. Уг нь нэгдээд хөдөлбөл юуг ч хийчихээр оюутны армитай улс даа бид.
Нийтийн тэврийн хөнгөлөлт, бэлэн авдаг 70 мянгынхаа төлөө эргэлзэхгүй тэмцдэг манай оюутнууд энэ эх орондоо гэрэл гэгээтэй санаачлага гаргаж нийгмийн болох болохгүйд үг саналаа хэлж хөдөлж байх нь ер харагдахгүй юм.
Хятадын Тян Ань Миний талбайд хүний эрх, чөлөөт нийгмийн төлөө нэгдэж алхам ч ухраагүй танкин доогуур орсон залуусын оройд оюутнууд нь байсан. Хятадын улс төрийн шинжлэх ухаан, хуулийн их сургуулийн 500 гаруй оюутан, Бээжингийн их сургуулийн 3000 гаруй оюутан өөрчлөлт шинэчлэлийг өөрсдийн цаг үедээ ойртуулахаар шөнө байрнаасаа гарч байлаа. Гуравхан хоногийн дотор 100 мянга шахам оюутан дахин Бээжинд цугларч улс төрийн реформ хийж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг чөлөөлөхийг шаардаж жагссан байдаг.
Ардчилсан бус хаалттай нийгэмд, хатуу сахилга тулгадаг нам төвтэй төрийн эсрэг ингэж амиа өгтлөө зогсоход тэднийг юу нэгтэж байсныг манай оюутнууд өөрсдөө бодож олсон нь дээр биз.
Үүгээр “нялх” оюутнуудаа хатгаж гараад жагсацгаа, төрөө унагаа гээгүй. Гараа хөдөлгөхийг та бүхнээс хэн ч шаардахгүй байгаа. Тархиа сайн цэнэглэж улсаа аваад явахаар болж байгаагаа бидэндээ нэг харуулмаар.
Нэг хуушууран дээр таван сэрээтэй уулзах энэ үедээ нийгмийнхээ төлөө юм хийх санаачлага гаргадаг байвал та бүхнийг хайламжлан хайрласны хэрэг талаар өнгөрөхгүй гэсэн итгэл төрмөөр. Нийтийн тээвэрт хөнгөлөлттэй зорчдог ухаалаг картыг өвөө эмээ нартай эн тэнцүү хэрэглэж үнэгүй зорчдог, хүүхдийн 20 мянгаас илүү халамжтай эрхэм оюутнуудад үг хаямаар санагдлаа.
Улс орных нь эдийн засаг хүндэрч энэ нийгэм нь хямралдаа идэгдэж байхад өнөөх оюунлаг болж мэдлэг хурааж буй оюутнууд минь гарц хайсан ганц сайхан хурал форум хийж бахархал төрүүлэхгүй юм.
Алтан намрын дурсамж чинь ямар бүтээлч түүхээр баяжиж байна вэ гэж асуумаар. Хонхны баяр, хөлтэй нийллэг хүлээх оюутан л их болсон санагдана. Дэлхийн боловсролыг Монголд гэж тунхагладаг ч та бүхнийг мөнгө халамжаар хөшүүрэгдсээр байгаа төрийн бодлого ч алдаатай харагдана.
Одоо өөр болмоор юм. Хэн сурах чигээ эрхэм болгож хичээл зүтгэл гаргана тэр оюутан автобусанд үнэгүй ханхалзаж, тэтгэлэг мөнгөтэй тэнүүн явмаар. Хэн шоу цэнгээнийг урагш тавина тэр оюутан явган алхаж шараа тайлдаг болмоор.
Залуу насаараа гоёсон оюутан залууст түүнтэй нь дүйцэх хөнгөн дэврүүн зан, хөөр баяраар туйлах цаг байх. Эрдэм сураад өөр болно гэсэн итгэлээр муу аав ээж чинь эрхлүүлсээр байгаа л байх. Ээжийгээ ноолууран цамцаар гоёж бус эрдмийн оргилд гарч баярлуулах боломж эрхэм оюутнуудад илүү байгааг хэлмээр. Эх оронч харагдах сүржин хэлбэр хиймэл зүтгэлээр бус энэ энгийн үнэнээр өөртөө зорилго тавьж номын мөрөө тууштай хөөвөл тэгээд болоо ш дээ, оюутнуудаа.
Дугуйн замтай болгоно гээд хулхидсан улстөрчдөөс амлалтыг нь нэхэж жагсаач. Биеийн тамирын заал, усан бассейн, номын сан барихыг төсөвт суулгах гэж нэгдээч. Цэцэрлэгт хүрээлэн барьж ширгэж буй Сэлбийг сэргээхээр хөдлөөч.
Чанаргүй сургалтаар цагийг чинь барж эцэг эхийг чинь төлбөрөөр шатааж байгаа энэ боловсролын тогтолцоо, системээ шүүмжилж талбай дээр офисоо байрлуул. Залуусын хүслийг мөхөөж байгаа, хийх бүтээх эрмэлзэлийг чинь бөхөөж байгаа энэ хувиа бодсон популист улстөрчдийг мэтгэлцээнд дуудаач.
Утаснаасаа ухаалаг байхыг санан санан хичээцгээ. Юун өлсгөлөн зарлахдаа тулж нийтийн тээврийнхэнтэй тооцоо нийлэх тухай хурал зарлаад байна аа. Энэ улс ч эцэг эх тань төсөв хүндэрлээ, амьдрал ядуурлаа гээд оюутнуудаа хөхөө өвөл явган алхуулаад байсныг би л хувьдаа санахгүй байна.
Пүрэвжавын Баярхүү /тоймч/
URL: