Залуусаа мөнгийг бус “эх орон”-оо сонгох цаг иржээ
Өнгөрсөн өвөл талбай дээр поошиг нүдэн, эрх баригчдынхаа эсрэг жагссан залуус бол МАН-ын залуучууд. Энэхүү үйл явдал бол түүхэнд ховорхон үзэгдэл байсан. Жагсаал гэдэгтээ биш харин өөрийн нам нь эрх барьж байхад түүнийг эсэргүүцэн жагссанаараа онцлог юм. Ийм үйл явдал түүхэнд Гитлерийн Герман, Италийн Муссолины үед гарч байсан. Харин 21-р зуунд Монголд болсноороо хүн төрөлхтний түүхийн нэгэн онцлог үзэгдэл болсон юм.
“Чоно дагасан нохой аюултай” гэсэн үг байдаг. Тэгвэл нам дагасан залуус аюул тарьж мэдэх нь. Өөрийн итгэл, үнэмшлээрээ намд элсэх бус харин тав, арван төгрөгний ашиг харан аль нэг намд орж, аав, ээж, хамаатан садан, тавилан нэгт Хамуг Монголчуудынхаа эсрэг гэмт хэргийг хамтран хийж байна. “Хүү минь чи юм хийвэл хүнд хэрэгтэй юм хийгээрэй. Хүнд хэрэгтэй юм хийж эс чадвал, хүнд хэрэггүй юм ядаж бүү хийгээрэй” гэсэн аавын сургааль, ээжийн захиасыг умартан үндэстний эсрэг гэмт хэргийг хамтран үйлдэж байна намын залуус. Нэгэн үндэстнийг сүйрүүлж байгаа МАН, АН-ыг дэмжин ажиллаж, дахин сонгоорой хэмээн сурталчлах нь дэндүү эмгэнэлтэй. Яах гэж сонгох юм? Хамуг Монголоо харь орны дарлалд оруулах гэж үү? Монгол орноо сүйрэн мөхөж байгааг хараад алгаа ташин баярласаар байх уу залуус аа.
Мэдлэггүй, боловсролгүй, чадваргүй залуусаар эгнээгээ өргөжүүлсэн МАН, АН-ынхны ирээдүй бүрхэг байна. Энэ хэрээр Монголын ирээдүй ч мөн адил бараан байна. Мэдлэгтэй Монгол Залуу хүн, Эх Оронч Монгол Залуу хүн гэх сүржин нэртэй, хоосон уриа нь тэднийг ямар ч мэдлэггүй, чадваргүйг гэрчлэх мэт. Өөрсдийгөө ч мөн мэдлэггүйгээ гэрчлэх мэт хаа сайгүй улиг болсон нэг л зүйлээ давтах нь даанч ичгэвтэр. Монгол залуусыг өөрсөдтэйгөө адилтган сэтгэж байгаа нь тэдний алдаа. Нам дагасан зангианы голнуудыг үнэндээ шоолж байна.
“Нийгмийн Ардчилал” МЗХ-ны 5 бодлого гэх Эх оронч Монгол залуу, Боловсролтой Монгол залуу, Хариуцлагатай Монгол залуу, Эрүүл Монгол залуу, Бүтээлч Монгол залуу гэсэн таван лоозон, АЗХ-ны “Монгол залуу хүн-2020” хөгжлийн хөтөлбөрийн “Амьдралын боловсролтой Монгол залуу хүн”, “Ажилтай, орлоготой Монгол залуу хүн”, “Архигүй Монгол залуу хүн”, “Авьяас чадвартай Монгол залуу хүн”, “Авлигагүй Монгол залуу хүн” гэсэн таван зорилтуудыг нь харахад даан ч эмгэнэлтэй. Хүүхэд анх тоо тоолж сурахдаа хуруунаасаа эхэлдэг. Гэтэл эдгээр намын залуус таван хуруугаа л тоолох мэдлэгтэй ажээ. Эсвэл ердөө л таван хүртэл тоолох боловсрол эзэмшсэн хүмүүс үү?
Залуучуудад таваас илүү л их асуудал тулгарч байхад социализмын үеийнх шиг хоосон уриа дэвшүүлж уралдах нь тэдний ямар вэ гэдгийг л илтгэнэ. Авлигагүй Монгол залуу хүн гэсэн нь юу гэсэн үг вэ? Залуучууд авлигал авдаггүй харин эрх мэдэлтнүүд авдаг шүү дээ. Эсвэл Ардчилсан Намын Залуучууд авлигал аваад байгаа юм уу?
Залуучуудыг автобус, автобусаар нь амралтанд авч яван зугаалуулж, найрлуулж, архидуулдаг өнөөгийн Залуучуудын Байгууллагууд өөрчлөгдөх цаг нь ирсэн. Үүнийгээ улс төр хийж байна гэж хэлвэл тэдэнд юу ч хэлэх хэрэггүй. Улс төр гэдэг хор найруулах, бөгс долоох, хуйвалдах, унагаах, гүтгэх, дарамтлах, тэнэгтэхийн нэр биш. Нам дагавал мөнгөтэй болно гэсэн өчүүхэн бодол нь тэднийг төрийн нэр барьсан луйварчдын гар хөл, хамсаатан нь болгож байна. Залуус минь амьдралдаа битгий толбо тогтоогооч.
Амьдрахад учир бий бас мөнгө олоход ч учир бий. Гэхдээ яаж, ямар аргаар мөнгөтэй болох вэ гэдэг л чухал. Монгол эхийн нулимсыг урсгаж, монгол эцгийн махыг идэж байгаа төрийн нэр барьсан луйварчидтай нийлж эх орноо гадныханд зараад мөнгөтэй болохыг сонгож байгаа юм уу? Яг л чоно дагасан хоточ нохой шиг өсгөж хооллож өгсөн эзнийхээ хот руу дайрдаг шиг нэгэн насаар хамт амьдрах Монгол ахан дүүсийнхээ эсрэг гэмт хэрэг хийх гэж үү?
“Сайн хүн болоорой” гэсэн аавынхаа захиас, ээжийнхээ сургаалийг хэзээ ч мартах учиргүй ээ, залуус минь. Өнөө, маргаашийн зугаа цэнгэл, нэр алдар, эрх мэдэл, мөнгө бүгд утгагүй, хоосон зүйлс. Голын эрэг дээр хамт тоглож өссөн найз чинь, сумын сургуулийн дов дээр найзалж, нөхөрлөж байсан анд чинь, гэгээн мөрөөдөл, дэврүүн хүслээр жигүүрлэн явсан оюутан цагийн найз чинь өнөөдөр төрийн нэр барьсан луйварчдын балгаар амьдрах гэж “тамаа” идэж байна. Өөрөө зовоогүй байж болно гэхдээ өрөөл бусдыг жаахан ч гэсэн бодооч. Алт ухаж, уурхайд ажиллаж, гадаадад боолын хөдөлмөр хийж байна. Зарим нь гэмт хэрэгтэн болж ганцхан олдох амьдралаа торны цаана өнгөрөөж байна. Зарим нь өөрийн амьдралаа өөрөө төгсгөл болгож байна.
Нэгэн насаа хамт өнгөрөөх нэгэн үндэстэн чинь зовж байна. Залуус минь хэдий хүртэл бид бүгдийг зоосны нүхээр харж амьдрах юм бэ? Хэдий хүртэл бид өнгө, мөнгөний амьдралаар амьдрах юм бэ? Одоо хангалттай. Надад сэтгэл гэж байдаг юм, надад хайр гэж байдаг юм. Надад юугаар ч сольж, хэдээр ч үнэлэхгүй Монгол эх орон минь байдаг юм. Эх орноо аварцгаая.
Монгол ахан дүүс минь гудамжинд үхэж байхад бид яаж инээлцэх юм бэ? Одоо хангалттай.
Шартай толгой минь тэдний цаазанд өнхрөвч
Уур хорсол минь Монгол нутаг дээрээ үлдэнэ
Сүр хүчний их уур минь үлдээд зогсохгүй, дүрэлзэнэ
Сүлд болсон төрийг ардтайгаа хүн шиг ярьтал нь дүрэлцэнэ
Сүүлчийн ширээнээс нь хөөгдтөл нь дүрэлзэнэ.
А. Баатар
URL: