“Нууцын эзэд” үзэсгэлэн дэлгэгдэнэ…

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс зохион байгуулж буй “НУУЦЫН ЭЗЭН” үзэсгэлэн тун удахгүй та бүхний оюуны мэлмийд хүрэх гэж байна.

Үзэсгэлэнд оролцож буй нийт үзмэрийн 94,9 хувь анх удаа сан хөмрөгөөс гарч, үзэгч таны мэлмийг баясгах гэж байна.

Монголчууд эртнээс өдгөөг хүртэл бурхадын дүрийг ухаанаа ширгээж, мутраан цуцааж, ураа шингээн дүрслэх урлагийн бүхий л төрлөөр бүтээн, бишрэн шүтэж, өв уламжлуулан нандигнан хадгалж ирсэн нь Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хадгалагдах цуглуулгын ихэнх хувийг шашны холбогдолтой цуглуулга эзэлж байна.

Бурханы шашинд “Арван хангал” гэж алдаршсан Жигжид, Очирваань, Гомбо Чагдугба, Цагаан махгал, Дамдинчойжил, Балданлхам, Шалши, Намсрай, Жамсран, Цамба хэмээх агуу чадалтай, хилэнт дүртэй бурхад байдаг.

Эдгээр бурхадын хоёр дахь бурхан нь “Очирваань” нэрээр нь илүүтэй мэддэг “Нууцын эзэн”-ийг сонгон, зурмал, оёмол, цутгуур, шуумал, баримал, дармал, сийлбэр бүтээлүүдийг эрхэм үзэгч танд дэлгэн, толилуулж байна. XV зууны үеэс эл бурханыг хамаг бурхадын эрдэм ухааныг өөртөө хураасан, хамаг муу бүхнийг дарагч, их хүчтэн хэмээгээд Отгонтэнгэр хайрханд орших Монголыг даасан их сахиус, Их Чингис хаанаа Очирваанийн хувилгаан хэмээн өргөн дэлгэр шүтэж ирсэн билээ.

Дүрслэх урлагийн музейн сан хөмрөгт нийт 118 ширхэг Очирваань бурхан хадгалагдаж байна. Бүтээлийг материалаар нь төрөлжүүлэхэд цутгуур-11 ширхэг, шавар баримал-16 ширхэг, сийлбэр-1 ширхэг, зураг урлал-82 ширхэг, баримт бичгийн-5 ширхэг, оёмол, хатгамал-3 ширхэг ба нийт цуглуулгын 0,7%-ийг эзлэнэ.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейгээс мэдээллээ.


URL:

Сэтгэгдэл бичих