“Аймшигтай” авьяаслаг Монголчууд

14453112265625b2fa5bd59

Сүүлийн үед Монголчуудын нүдийг сэргээж, сэтгэлийг баясгах болсон эерэг сайхан энергитэй шоу болох “Авьяаслаг Монголчууд”-г үзчихээд өрөөндөө орж иртэл 2 өдөр толгойноос гараагүй бодлууд дахиад л дараад авах нь тэр. 70 давхарын оршуулгын газрын хойд талын энгэр дээр гараад Улаанбаатар хотыг удаан ажиж зогслоо. Энэ шинэ зүйл биш боловч бидний амьдардаг нийслэл хот маань яах аргагүй 2 өөр ертөнцөд хуваагдаж, баян ядуугийн зааг ялгаа 90 оны “Ардчилал” хэмээх газар хөдлөлтөөр цуурч өнөөдөр улам бүр томрон аюултай ангал үүссэн юм.

Уулан дээгүүр, хог новшин дунд би юу олж харсан бэ гэвэл хашаа хороо ч үгүй, өвдөөд очиход харьяалал байхгүй, цагдаад мэдүүлэхэд бүртгэл байхгүй тийм л гэр бүлүүдийг, бүхэл бүтэн хорооллуудыг олж харлаа. Автобусны буудал хүртэл 4 км алхаж ачаа цэцэрлэгт хүргэж өгдөг гэх өвөөтэй таарлаа. Өвлийн цагт л жаахан хэцүү байдаг юм миний хүү … Энэ зураглал Улиастайн эцэс, шар хадны эцэс, их наран гэх мэт хамгийн алслагдсан газар болгонд ижил байсан юм. Нялх шахуу хүүхдүүд хаа сайгүй ганцаараа гүйлдэх юм, оршуулгын газраас ч тэд айхаа больжээ, айлаа ч сонголт байхгүй амьдрал. Зарим нь хөөрхий тэрэгтэй усаа даахгүй жалганы уруу алдчихаад газар уйлж суух юм. Удахгүй энэ газар хүн харагдахаа больж утаа л үзэгдэх болно, маш хүйтэн өвөл ирнэ. Хотын төвийнхний үзэн ядах удаа тэдний хувьд амьдрал тэтгэх үндэс нь болж хөлдөж үхэхгүй шиг өвлийг давуулдаг шүү дээ. Зарим айл утаа гаргах нүүрс ч үгүй бээрэн сууна. Нэг зүйлийг би үргэлж боддог. Яг одоо 10 цагт энэ задгай буусан айлуудын аль нэг гэрт нь бага насны хүүхдийг хүчиндвэл, архи уугаад гартаа таарсан зүйлээ шидэлж эхлэвэл, хулгай дээрэм гарах аваас хэдэн минутын дараа ямар хорооны цагдаа хаанаас ирэх бол ? Тэд цагдаа дуудах болов уу, цагдаа тэднийхийг олох болов уу, олсон ч цагдаагийн машин тийшээ явж чадах болов уу /Зарим айл руу миний машин явж чадахгүй мацаж очиход хүрч байсан/ ? Ингэж мунгинах хооронд нь нүгэлт этгээд аль хэдийн ажлаа дуусгачихаад өмдөө татаж амжина даа.

Ийм газар, очиж очиж хүүхэд хөгшидөө амьдруулж байгаа УИХ-н гишүүд, ийшээ үнэндээ зүглэх ч үгүй, тийм хүсэлгүй тэр сайд дарга нар бол “Аймшигтай авьяастай Монгол” хүмүүс юм. Цэцэрлэг барих мөнгийг нь идээд уучихаж байгаа зоригтой хүмүүс, тэдний балгаар хүйтэн өвлийн өглөө жаахан хүүхдүүд 4 км харанхуйд алхаж цэцэрлэг сургуульдаа очиж байгаа гэдгийг төсөөлөх ч үгүй новшнууд юм. Яс юман дээрээ тэд хүүхдээ Монголд сургадаг ч үгүй, төрүүлдэг ч үгүй, Монгол хэл ч заалгадаггүй. Би тийм хүмүүсээр Монгол улсыг удирдуулж байгаад эмгэнэж бас ичиж байна, сольсон ч ялгагдах юмгүй новшнуудаар дүүрэн нийгмийг хараад бахардаж орилмоор байна. Унтах байр, идэх хоол, өмсөх хувцас энэ гурван хэрэгцээ бүрдээгүй байгаа цагт хүнийг толгойгоор нь биш ходоодоор нь бариад байж болно гэдэг харгис үзэлтэй хүмүүс албаар Монгол улсын ирээдүй хойч үеийг, энэ улсыг босгосон ахмад настнуудыг зөвхөн сонгуулийн санал талхаар худалдаж авахын тулд шууд бус яргалал үйлдэж, бүрэг ноомой бусдаас хамааралтай амьдруулж байна.

Надад ингэж ярих үндэс бий. Гаргаад ир гэвэл баримт бас бий. Зүгээр л хүн бүхэнд ил болсон шилэн дансны жишээнээс харахад тэд хүүхдийн цэцэрлэг барих мөнгөөр салбарын ой, сумын наадам зохиогоод явдаг нь харагдсан. Тэрүүгээр ч барахгүй иргэдтэй хамгийн ойр байх ёстой хороо дүүргийн нийгмийн ажилтан, хэсгийн ахлагч, багийн ахлагч гэдэг хүмүүсийг намын бодлогоор томилж, гандангийн тагтаанд будаа хаяж өгдөг шиг ажилтай болгосон. Тэр нь бас гандан гандангынхаа новшын үзэл суртлаас хамаараад өгөхтэй үгүйтэй. Нийгмийн халамж нэртэй маш их мөнгө төсөвлөдөг атлаа нийгмийг бүрдүүлдэг эд эс болох хүндээ очдог нь их ховор, эсвэл арга нь буруу. Өндөр хөгжил гэдэг бол байшин барилга, үйлчилгээний хөгжилтэйгөө цуг хүний оюун санааны хөгжил давхар явж байх ёстой зүйл. Тэгтэл энэ зургийг хар л даа нийслэлийн 70 хувь нь наад талын газар амьдарч байгаа. Бохироо ил шахуу хаяж, жорлонгийн бохир нь үерийн устай хамт нөгөө айлынхаа гэрийн хаяагаар ордог хөгжил гэж байх уу ? Манай улс бол хүнээ хаясан хөгжилтэй, хэдхэн олигархийн хувийн өмчийн байшингууд нь бүх хотыг сайхан мэт харагдуулдаг хуурамч улс. Баялгийн хуваарилалт хэт шудрага бус байгаагаас болоод баян хүнийг шалтгаангүй үзэн яддаг нийгэм.

Шийдэл шийдэл шийдэл. Залуу улс заавал улс, төр нам гэхгүй дор дороо зоригтой хөдлөмөөр байна. Асуудал хичнээн ийм байгаа ч бидний гэрэлтэй мөрөөдлөөс нийгэм дээр жинхэнэ гэрэл тусаж, бодитой үйлдлээс өөрчлөлт ирнэ. Жижиг гэж багадахгүй, олон жижиг эрүүл зөв үйлдлүүд маш том өөрчлөлтийн давалгаа үүсгэх болно. Нам, улс төр, жалга довны үзлээ хаяад өөрсдөөсөө, гэр бүлээсээ, амьдарч байгаа байрнаасаа эхлэмээр байна. Өөрчлөлтийг заавал намд орж, даргын бөгс долоож, эрх мэдлийн хүчээр хийдэг юм биш. Эрүүл нийгэм үүсэхэд бохир хүмүүс амьдрах газаргүй болно. Гэрэл нэмцгээе

Бид Лантуун дохио ТББ-н бодлого, тэмцлээрээ зарим нэгхэн зүйлийн эсрэг 3 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Гэхдээ 30 жилийн өөрчлөлтөөс дөнгөж 3 алхсан байна.

Чадраабалын Ганжавхлан


URL:

Нэр: zochin Огноо: 20 October 2015

Minii medeh mongol mine ustaj ugui bolj bgag bi anzaarj bn mongol uls buren sonjin bi mongoliigoo hogjin demjin gej garj irsen lllllalruudaa harjiinuu iim bn unen torh

Нэр: zochin Огноо: 20 October 2015

засгийн газар, УИХ-ыг олон улсын шүүхэд өгөх хэрэгтэй!!!!

Сэтгэгдэл бичих