Д.Зоригт: Монгол Улсын 34 хувь хэвээрээ байгаа
Оюутолгойн хувьцааны Монголын талын эзэмших 34 хувь 6.8 хувь болж буурсан зэрэг мэдээлэл сүүлийн үед гарах болсон. Мөн өнгөрсөн баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаанаар эрчим хүчний салбарыг зах зээлд бүрэн шилжүүлэх талаар ярьсан юм. Энэ талаар Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтоос тодрууллаа.
-Оюутолгойн давуу эрхтэй хувьцаа гарснаар Монголын талын 34 хувь буурна гэсэн яриа гарч байна. Монголын эзэмших хувь хэмжээ үнэхээр буурах уу?
-Оюутолгойн ТУЗ өөрийнхөө журмаар хуралдаж санхүүжилттэй холбоотой асуудал ярьсан. Монголын тал аль болохоор өөрийнхөө дарамтыг багасгах ёстой. Төрийн өмчтэй “Эрдэнэс МГЛ” компани аль болох дарамт багатай зээл авч төсөл босгох талаар гэрээний төсөлд тусгасан байгаа. Бүх хөрөнгийг давуу эрхтэй хувьцаа гэнэ үү, зээл гэнэ үү нөгөө талаар гаргуулна. Хамгийн гол нь тэр гаргасан хөрөнгийн тодорхой хэсгээр бид “Оюутолгой” компанийг эргэж төлүүлээд “Эрдэнэс МГЛ” компани дээр бага зээл авъя гэсэн бодлого баримталсан.
Гэрээ УИХ-аар тэгж батлагдсан. Давуу эрхтэй хувьцаа, ногдол ашиг гэдэг зүйлийг хольж хутгаж яриад байдаг. Аль ч тохиолдолд Монгол Улсын 34 хувь хэвээрээ байгаа. Ногдол ашгаараа 34 хувийг авна. Хамгийн гол нь “Оюутолгой” компани дээр авч байгаа зээл, давуу эрхтэй хувьцааны хүүг яаж бууруулах вэ гэдэг дээр л төвлөрч ярих ёстой. Үүнийг Засгийн газрын ажлын хэсэг ярьж байгаа. ТУЗ-ийн хурал үргэлжилж байгаа. Ирэх долоо хоногт мөн хуралдана. Энэ явцад давуу эрхтэй хувьцаа ч бай, зээл ч бай, санхүүжилтийн эх үүсвэрийн хүүг яаж бууруулах вэ гэдгийг л ярих юм. Дахин хэлэхэд, Монгол Улсын 34 хувь хэвээрээ байгаа. Давуу эрхтэй хувьцаа гаргаснаар 34 хувь буурна гэсэн асуудал байхгүй.
-УИХ-аар Түлш, эрчим хүчний салбарын талаар авах зарим арга хэмжээний тогтоолын төслийг хэлэлцлээ. Үүгээр юуг зохицуулах вэ?
-Эрчим хүч бол зах зээлийн горимд шилжилгүй үлдсэн цөөн салбарын нэг. Яагаад ингэсэн бэ гэвэл эрчим хүчний салбарын үнийн зохицуулалтыг төрөөс одоо болтол нэлээд хатуу хязгаарлалттай хийж ирсэнтэй холбоотой. Нэг кВт цаг нь 96-97 төгрөгийн өртөгтэй цахилгааныг хэрэглэгчдэд 79 төгрөгөөр өгч байна. Айл өрхүүд 97 төгрөг төлөх ёстой байтал 79 төгрөг төлж байна гэсэн үг. Бусдыг төр, эрчим хүчний үйлдвэрүүд нуруундаа үүрдэг. УИХ-аар хэлэлцсэн тогтоолын гол агуулга гэвэл 2013 он хүртэл үе шаттайгаар энэ салбарыг зах зээлийн зарчимд нь шилжүүлье гэлээ.
Ингэж шилжихдээ хэрэглэгчдийг хохироож болохгүй. Өнөөдөр Монгол Улсын эрчим хүчний салбарт хэрэглэж байгаа цахилгааны 20 орчим хувийг айл өрхүүд хэрэглэдэг. Айл өрхийн 64 хувь нь төвийн эрчим хүчний сүлжээнд хамрагдсан. 64 хувь нь сард 150 кВт цагаас бага цахилгаан хэрэглэдэг. Ийм айл өрхүүдийн үнийг хэвээр үлдээе. Тэгэхдээ жил бүр инфляцийн тохироогоо хийгээд явъя. Үнийг 2013 он хүртэл хэвээр үлдээе гэж байгаа. 150 кВт цагаас илүү хэрэглээтэй боломжтой айл өрх, бусад аж ахуйн нэгжийг зах зээлийн горимд бүрэн шилжүүлнэ.
-Тэгэхээр 2013 оноос эрчим хүчний салбар бүрэн зах зээл рүү шилжинэ гэсэн үг үү?
-Тогтоол гарахаас өмнө эрчим хүчний салбар зах зээлийн горим руугаа аажмаар шилжээд явж байгаа. 2001 онд Эрчим хүчний хууль батлагдсан. Дараа онд нь Эрчим хүчний зохицуулах газар бий болсон. Тогтолцоо руугаа шилжсэн. Харин тогтолцоо руу гаа шилжээд үнийн зохицуулалтын асуудал үлдээд байна. Үнийн асуудлыг л шийдвэл бүрэн шилжих юм.
-Дулааны цахилгаан станцын шинэ эх үүсвэрийг Багануур дүүрэгт барих санал гарч байсан. Хэзээ барих вэ?
-Судалгаа их хийсэн. Хувийн хэвшлийг татах гэж үзсэн. Хувийн салбарынхан эрчим хүчний салбарт орж ирэхгүй байгаа хамгийн гол шалтгаан нь үнийн асуудал. Үнийг зах зээлийн горимд шилжүүлж байж хүн хөрөнгө оруулж ашгаа олно. Энэ асуудлыг шийдэхээр УИХ-ын тогтоолд оруулж өгөх гэж байгаа юм. Эрчим хүчний салбар асар их зээлтэй. Нийтдээ 400 гаруй сая ам.долларын зээлийг 1990 оноос хойш түлш, эрчим хүчний салбар, цахилгаан станц, нүүрсний уурхайнууд авсан байдаг. Цахилгаан 1990-2000 он хүртэл маш их тасалддаг байсан. Энэ хэцүү үеийг давахад эрчим хүчний салбарынхан өдөр шөнөгүй ажилласан.
Гаднын зээл тусламж асар их үүрэг гүйцэтгэсэн. Тухайн үед зээл олгохдоо “Та нар зээл ав. Үнээ аажмаар өсгөөд авсан зээлээ эргүүлж төлнө шүү” гэсэн шийдвэрээр явсан. Гэтэл үнээ нэмээгүйн улмаас аж ахуйн нэгжүүд авсан зээлээ эргүүлж төлж чадахгүй байна. Энэ зээлийг яах вэ гэдгийг УИХ-аар ярьж байна. Зээлийг үндсэн хөрөнгө оруулалтад тооцоод явах уу, эсвэл авсан зээлийн ханшийн эрсдэлийг төр нуруундаа үүрэх үү. Зарим нь 1990-ээд оны дундуур, нэг ам.доллар 400 орчим төгрөг байхад авсан зээл шүү дээ. Гэтэл одоо нэг ам.доллар 1300 төгрөг болсон байна. Энэ ханшийн эрсдэлийг аж ахуйн нэгжүүд өөрсдөө үүрч байгаа. Гэтэл үнэ нь хязгаарлалттай байгаа учраас ханшийн эрсдэлийг нь даах уу, эсвэл зээлийг нэг мөсөн улсын хөрөнгө оруулалт гэж тооцоод үндсэн хөрөнгө оруулалтад оруулаад явах уу гэсэн аргыг ярьж байна.
-Дулааны цахилгаан станцын шинэ эх үүсвэрийг хаана барих юм бэ?
-Азийн хөгжлийн банк судалгаа хийж байгаа. Шинэ станцын хувьд дулаан, цахилгаан эрчим хүчний хосолсон үйлдвэр байж л хямд бүтээгдэхүүн гаргана. Зарим хүмүүс Багануур дүүрэгт барих ёстой гэсэн санал гаргаж байна. Үүнийг бид үгүйсгэхгүй байгаа. Тэнд барьж болно. Гэхдээ эхлээд Улаанбаатар хотынхоо дулааны асуудлыг шийдээд дараагийн асуудлыг ярих ёстой. Эрчим хүчний хэрэглээ их байна. Харин дулааны хэрэглээ бүр их хурц асуудал болсон. Тэр тусмаа нийслэлийн зүүн хэсэг дулааны эх үүсвэрийн хомсдолтой холбоотойгоор шинэ барилга барьж чадахгүй байгаа.
Б.Мягмансанж http://www.niigmiintoli.mn/
URL: