Сошиал сүлжээнд юу нийтэлж болохгүй вэ?

Саяхан Facebook-ийн бодлого тодорхойлогч гол албаны тэргүүн Monika Bickert болон Chris Sonderby нар сошиал сүлжээнд ямар мэдээлэл нийтлэх нь зохимжтой талаар хэрэглэгчдэд ойлголт өгөх нийтлэл гаргасан байна.

Facebook шууд заналхийлсэн, гэмтэл бэртэл, алан хядах байгууллагын талаарх, бусдыг дарамтласан, доромжилсон, гэмт хэрэг, насанд хүрэгчдэд зориулсан болон бусад хуулиар журамласан бүтээгдэхүүний талаарх мэдээллийг л устгадаг гэнэ. Тэдний тайлбарлаж байгаагаар энэ төрлийн мэдээлэл нь нийт тэрбум гаруй хүмүүсээс бүрдсэн сүлжээний хувьд байх зүйл бөгөөд харин хүмүүсийг аюулгүй орчинд чөлөөтэй холбогдох, мэдээлэл солилцох боломжоор л хангах нь нэн тэргүүний зорилго нь гэнэ.

Мөн зарим тохиолдолд тухайн улс орны хуулт тогтоомжинд нийцүүлсэн арга хэмжээг ч бас Facebook авч хэрэгжүүлдэг аж. Facebook-ийн Community Standard нь дараах 4 хэсэгт хуваагддаг:

-Аюулгүй байдлаар хангах

-Бусдыг хүндэтгэсэн харилцааг дэмжих

-Хэрэглэгчийн хувийн мэдээлэл

-Оюуны өмчийг хамгаалах

Хэрэв хэн нэгэн эсвэл аль нэг хуудаснаас таны бэлтгэсэн контентыг нийтлэсэн тохиолдолд тухайн нийтлэлийн баруун дээд буланд байрлах “Report” товч дээр даран мэдээлэх боломжтой юм байна. Мөн тухайн хуудсыг дагахаа зогсоох, мэдээллийг дахин харагдахгүй байхаар тохиргоо хийж ч болох аж.

“Community Standards нь Facebook-ийн өөрийнх нь ямар контент хүлээн зөвшөөрөгдөх үгүйг журамласан баримт бичиг бол зарим улс оронд дотоодын хууль тогтоомжын дагуу хориглодог контент, мэдээлэл ч бас байдаг.” “Жишээ нь хүний нэр төрд халдсан мэдээллийг нийтлэх, тараах хориотой улс орнууд байдаг. Тиймээс Community Standards-д хүний нэр төрд халдсан гэсэн зүйл байхгүй хэдий ч тухайн контент, нийтлэлийн талаар ирүүлсэн энэ төрлийн гомдлын хувьд тухайн улс орны хууль тогтоомжид нийцэж байгаа эсэхийг нь хянаж үздэг” гэж уг нийтлэлд бичжээ.

Мөн Facebook-ийн бодлого өөрчлөгддөггүй харин Community Standards-д орж байгаа өөрчлөлт нь тухайн бодлогыг илүү нарийвчилсан эсвэл жишээ тайлбаруудын нэмэлт байдаг талаар ч дурьдсан байна.

Хүлээн зөвшөөрөгдөх болон Үл зөвшөөрөгдөх зураг

Facebook нүцгэн бие харуулахыг дэмждэггүй бөгөөд энэ нь нас болон соёлын ялгаанаас хамааран зарим хүмүүст тийм ч таатай мэдээлэл болдоггүй аж. Гэхдээ уран зураг, баримал гэх мэт урлагийн бүтээлийн хувьд энэ хязгаарлалт нөлөөлдөггүй гэнэ. Мөн хөхөөр хооллолт, эсвэл хагалгааны дараах сорви бүхий зургуудын хувьд энэхүү хязгаарлалт үйлчилдэггүй юм байна.

Хоёр жилийн өмнө багтай хүн нэгэн эмэгтэйг цаазлаж буй видео байрлуулсан нь маш их шүүмжлэл дагуулсан нь Facebook-ийг ийм төрлийн контентэнд тавигдах шаардлагаа дахин эргэж харахад хүргэсэн гэнэ. Мөн Facebook эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг илэрхий дэмждэг хуудаснуудыг хаахаас татгалзасныхаа төлөө байнга шүүмжлэл сонсдог.

Өөрийн жинхэнэ нэрийг ашиглах шаардлага

Facebook-ээс хэрэглэгчдийг өөрийн жинхэнэ нэрийг ашиглахыг шаарддаг. Энэ нь хүмүүс өөрийн жинхэнэ нэрээр ямар нэг нийтлэл оруулах, нийтлэхдээ илүү хариуцлагатай байдагтай холбоотой гэнэ. Хэрэв та өөрийн нохойгоо Facebook-т танилцуулах гэж байгаа бол хувь хүний профайл биш харин хуудас нээхийг зөвлөдөг аж.

Засгийн газрын хүсэлт, шаардлагын талаарх тайлан

Тухайн улсын хууль тогтоомжыг зөрчсөн үйлдэл гарч байгаа тохиолдолд Засгийн газруудаас Facebook-д анхааруулга ирүүлдэг аж. Энэ төрлийн анхааруулга, шаардлагын талаарх тайланг Facebook-ээс гарган нийтлэдэг болжээ. Хамгийн сүүлийн тайлан нь 2014 оны сүүлийн хагасынх бөгөөд үндэсний аюулгүй байдлын талаарх шаардлагуудыг багтаасан байна.

Facebook-ээс мэдэгдэж байгаагаар сүүлийн үед Засгийн газруудаас контент хязгаарлах талаар хүсэлт, шаардлагын тоо нэмэгдэж байгаа ажээ. Тухайн улс орны хууль тогтоомж зөрчсөн гэсэн шалтгаанаар хязгаарлагдсан контентын тоо ч 8,774-аас 9,707 болж өмнөх хагастай харьцуулахад 11% өссөн гэсэн мэдээг уг тайлангаас харж болох юм.

Харин улс орнуудаар авч үзэхэд өнгөрсөн хугацаанд Пакистанаас ирсэн хүсэлтийн тоо буурсан бол Орос, Туркээс ирсэн хүсэлтийн тоо нэмэгдсэн байна. Энэтхэг мэдээлэл авах хүсэлтээ нэмэгдүүлсэн бол энэ төрлийн хүсэлтийн тоо АНУ, Германаас ирүүлэх нь багасчээ.

Манай улсын хувьд 2013 оны эхний хагаст 2 хүсэлт илгээж байсан бол түүнээс хойш уг тайланд тодорхой тоо дурьдаагүй байна.

“Бид хүмүүс өөрийгөө илэрхийлэх боломжтой, тав тухыг мэдэрхүйц аюулгүй, бие биенээ хүндэлсэн тийм л орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллаж байна. Тийм ч учраас хүчирхийлэл, заналхийллийг үл дэмжих ердийн ёс зүйг багтаасан Community Standards-ыг гаргасан юм” хэмээн Mark Zuckerberg мөн энэ талаар өөрийн хуудсандаа статус оруулсан бол “Энэхүү журам нь хэн нэгэн хүний нийтлэсэн контент бусад хүмүүсийн өөрсдийгөө илэрхийлэх эрх чөлөөг хууль бусаар хязгаарлах магадлалтай тул илүү олон хүнд өөрийгөө илэрхийлэх боломж олгохын тулд зарим контентийг хязгаарлах шаардлага гарч байгаа юм” хэмээн энэхүү журмыг гаргасан шалтгаанаа тайлбарласан байна.

www.nathouse.mn


URL:

Сэтгэгдэл бичих